Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нар Кувейтээс орж ирсэн 1,2 сая ам.долларыг завшжээ

2018/11/27
 Манай ихэс дээдэс завшиж болох бүх зүйлээс мөнгө “залгих” аргыг хэрэглээд, сүүлдээ шинэ аргад суралцсаныг тэр бүрий хүмүүс мэддэггүй аж. Тэгвэл Д.Оюунхорол БОАЖ-ын сайдаар ажиллаж байх үедээ /2015.06.05/ өөрийн нэр дээр “Монгол Кувейтын судалгааны төв” нэртэй ТББ байгуулан Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат болон өөрсдийн хамаарал бүхий нөхөдтэй нийлээд 1.2 сая ам.доллар “гулгуулчихсан” нь өдгөө сөхөгдөж эхэлжээ.
 
Учир нь Кувейт улсын Эмир эрхэм дээд Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахаас үзүүлсэн 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар баригдсан 3000 квадрат метр бүхий “Монгол Кувейтын судалгааны төв” гэж байгууллага байдгийг бид мэднэ. Мэддэг ч учраас тэд “Кувейтын эрхэм дээдсүүд Монголоос барьсан шонхорынхоо хариу болгож барьсан бэлэг” гэлцдэг байх.
 
Энэ сангийн барилга нь С.Оюуныг салбарын сайдаар ажиллаж байх үед баригдаж, тэрбээр эд хөрөнгө бүртгэн авахаас эхлээд тус төвийн захирлаар Ш.Цанжидыг томилж байсан тушаал хүртэл бий. Харин төд удалгүй, /2014.12.09/ Д.Оюунхорол БОАЖ-ын сайдаар томилогдож ирснээс нэг сарын дараа /2015.01.07/ Б16,Б17 тоот тушаал гарган “Монгол Кувейтын судалгааны төв”-ийн захирлаар ажиллаж байсан Ш.Цанжидыг халж, оронд нь Б.Эрдэнээг даргаар томилж байсан нь ч цаанаа учиртай байжээ.
 
Энэ үйл явдлын сүүлийг дэрлэн, /2015.06.03/ Гадаад харилцааны яаманд Кувейт улсын Элчин сайдын яамнаас 2015/90 тоот бичгээр  “2008 оны хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу “Монгол Кувейтын судалгааны төв”-ийн эхний санхүүжилт болох 1.2 сая ам долларыг удахгүй шилжүүлнэ” гэсэн агуулгатай захидал ирсэн байна. “Мөнгө өгөх” тухай энэ захидал нь яагаад ч салбарын сайдын анхаарлын гадна үлдсэнгүй.
 
Үүгээр ч үл барам мөнгөлөг захидал ирснээс хоёрхон хоногийн дараа /2015.06.05/ Д.Оюунхорол өөрийн нэр дээр “Монгол Кувейтын судалгааны төв” нэртэй ТББ байгуулжээ.
 
Мөн энэ өдөр “Монгол Кувейтын судалгааны төв”-ийн захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнээг ажлаас нь чөлөөлөх тушаал гаргаж, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлд өөрийнхөө байгуулсан “Кувейт Монголын судалгааны төв” ТББ-тай гэрээ байгуулан хамтарч ажиллах үүрэг болгосон нь мөнгө завших замаа зассан хэрэг байв.
 
Ийнхүү Д.Оюунхорол мөнгө завших ажиллагааныхаа барьцыг улам лавшруулан, /2015.06.10/ Кувейт улсын Элчин сайдын яам руу “Монгол Кувейтын судалгааны төв” нь Худалдаа Хөгжлийн Банкинд 411022994 тоот данстай. Энэ данс руу санхүүжилтын мөнгийг шилжүүлж өгөхийг хүсье” хэмээх 01/3590 тоот албан бичиг илгээсэн аж. “Мөнгөө аваач” хэмээн өгөх хүн өөрөө бөхийсэн учраас Кувейтийн Элчин сайдын яам ч хүсэлтийн дагуу /2015.06.16/ нэг сая 200 мянган ам.долларыг хэдхэн хоногийн дотор дансанд шилжүүлсэн баримт байна.
 
Харин “Монгол Кувейтын судалгааны төв”-ийн захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнээ нь ажлаасаа халагдангуут Д.Оюунхоролын байгуулсан “Монгол Кувейтын судалгааны төв” ТББ-ын захирал болж, Кувейтын Элчин сайдын яамнаас орж ирсэн 603 мянга 443 ам.долларыг бэлнээр авах гүйлгээнд гарын үсэг зурсныг ч баримтад дурджээ. Тэгэхээр Кувейтээс орж мөнгө ямар схемээр тараагдсан тухай дурдахын тулд Д.Оюунхоролын сүлжээг танилцуулахаас өөр аргагүй
 
Д.Оюунхоролын ажиллуулсан сүлжээтэй танилц
 
Шувууч овогтой Батбилэгийн Эрдэнээ нь “Монпо хоршоо”, “Талын агт”, “Гүнсан-Эрдэнэс” ББСБ, БОНХАЖЯ зэрэг байгууллагад ажиллаж байсан. Түүний эхнэр Олхон овогт Доржсүрэнгийн Туул нь “Гүнсан-Эрдэнэс” ББСБ-ын 70 хувийг эзэмшдэг, үйл ажиллагааг нь удирддаг. Хамгийн сонирхолтой нь Олхон овогт Доржсүрэнгийн Туулын төрсөн эгч Доржсүрэнгийн Тунгалаг нь “Гүнсан-Эрдэнэс” ББСБ-ын 30 хувийг эзэмшдэг. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын эхнэр гэнэ.
 
Д.Оюунхорол гишүүн өөрийнхөө байгуулсан “Монгол Кувейтын судалгааны төв” ТББ-ын нягтлан бодогчоор “Отгонтэнгэр” сургуулийнхаа нягтлан бодогч Дашзэвэгийн Уугантуяаг томилжээ. Дашзэвэгийн Уугантуяа нь “Өвөр-Эко Зайсан”ХХК-ийн 30 хувийг эзэмшдэг. Харин нь “Өвөр-Эко Зайсан” ХХК-ийн 70 хувийг Хөх нохой овогт Дуламсүрэнгийн Дамдинсүрэн эзэмшдэг байж. Хөх нохой овогт Дуламсүрэнгийн Дамдинсүрэн нь Д.Оюунхоролын төрсөн дүү гэх мэтээр аалзны тор үргэлжилнэ. Тодруулбал, Кувейтын Элчин сайдын яамнаас орж ирсэн нэг сая 200 мянган ам.доллар тухайн үед Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын эхнэрийн төрсөн дүү Д.Туул, түүний нөхөр Б.Эрдэнээ, БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан Д.Оюунхоролын төрсөн дүү Д.Дамдинсүрэн нарын гараар дамжин алга болжээ.
 
Кувейтийн Элчин сайдын яамнаас гомдол гаргасан байна
 
Тэд “Монгол Кувейтын судалгааны төв”-ийн санхүүжилт болох нэг сая 200 мянган долларыг хувааж авахын зэрэгцээ “Монгол Кувейтын судалгааны төв”-ийн өмч хөрөнгийг ашигласан. Учир нь тус төвийн өмчийг түшиглэн “Өвөр-Эко Зайсан” ХХК-ийн нэр дээр дархан цаазат газар байрладаг, тансаг зэрэглэлийн амралтын газрыг 3000 метр хавтгай дөрвөлжин талбайд байгуулан, үүнээс ихээхэн хэмжээний ашгийг олсон тухай яриа ч бий. Нэгэнт тусламжийн шугамаар Монгол Улсад гараа сунгасан Кувейтын Элчин сайдын яамныхан энэ талаар мэдээлэл авсан учраас гомдол гаргаж эхэлжээ. Харин энэ мэдээллийг сонссон даруй Д.Оюунхорол УИХ-ын чуулган дээр “Кувейтын олон тэрбумын хөрөнгө эзэнгүй болсон байна. Би аргаа бараад Кувейтын талынхны гуйлгаар Төрийн бус байгууллагын хэлбэрээр үйл ажиллагааг нь явуулж байгаа” хэмээн өөрийгөө хаацайлсан байдаг.
 
Үүнд Кувейтын Элчин сайд дургүйцэн, ГХЯ-ны Ойрхи, Дорнодын газрын захирлаар ажиллаж байсан н.Наранбат, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нартай уулзахдаа гомдол гаргасан.
 
Гэтэл Кувейтын Элчин сайдын удаа дараагийн эсэргүүцлээс айсан Ж.Эрдэнэбат, Д.Оюунхорол нар /2016.10.05/ “Монгол Кувейтын байгаль хамгаалах төв” нэртэй Улсын Үйлдвэрийн газрыг өөрийнхөө нэр дээр байгуулан “Монгол Кувейтын судалгааны төв” ТББ-аасаа өмч хөрөнгийг нь буцаан өгчээ. Гэхдээ өмч хөрөнгийг буцаан өгсөн ч нэг сая 200 мянган ам доллароос ердөө л 221 ам.долларыг л буцааж өгсөн гэдэг.
 
Кувейтийн талаас Ж.Эрдэнэбат, Д.Оюунхорол нарыг шалгуулахыг хүсчээ
 
Санхүүжилт орж ирснээс хойш Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын эхнэр Д.Тунгалагийн  төрсөн дүү Туулын нөхөр Б.Эрдэнээ ХХБ дахь  411022994 тоот данснаас 603 мянга 443 ам долларыг бэлнээр авсан бол Д.Оюунхоролын байгуулсан “Монгол Кувейтын судалгааны төв” ТББ-ын данс руу 28 удаагийн гүйлгээ хийж үлдэгдэл 596 мянган ам долларыг монгол мөнгө болгон хөрвүүлэн шилжүүлжээ. Энэ мөнгийг Д.Оюунхоролын Отгонтэнгэр Их сургуульд ажиллаж байсан нягтлан бодогч Дашзэвэгийн Уугантуяа гарын үсэг зуран авч байсан байна.
 
Дээрх баримтуудаас харахад Кувейтын Элчин сайдын яамнаас орж ирсэн нэг сая 200 мянган ам долларыг Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар өөрсдийнхөө хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулан хувааж авсан гэдэг нь тодорхой харагдана. Тиймээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан Д.Оюунхорол нарыг АТГ-аар шалгуулах, ТББ-ын нэрээр авч ашигласан нэг сая 200 мянган ам.долларыг яаралтай төлүүлэх, хуулийн дагуу албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр хариуцлага хүлээлгэхийг Кувейтын Элчин сайдын яам болон бусад албаны хүмүүс шаардаж байна.
 
Дашрамд дурьдахад, мөнгө завших зорилгоор байгуулсан тэрхүү ТББ-д Ж.Эрдэнэбат, С.Бямбацогт, Ч.Сайханбилэг, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, С.Баярцогт гэх мэт есөн хүн багтдаг нь санамсаргүй давхцал биш ажээ.
 
                                                                                                                          Эх сурвалж: "Толь" сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна