УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Б.Ундармаа, Л.Энхболд нарын хүмүүс ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авч, банк бус санхүүгийн байгууллагуудаараа дамжуулан мөнгө хүүлсэн байж болзошгүй гэх хэрэгт хуулийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байгаа билээ.
Хамгийн сүүлийн байдлаар УИХ-ын гишүүн Л.Энболдын туслахаар ажиллаж байсан Э.Чагнаасүрэн гэгчийг АТГ-аас баривчлан саатуулаад байгаа юм. Тэгвэл эрхэм гишүүн Л.Энхболдын өмнөөс ял үүрсэн Э.Чагнаасүрэн гэж хэн бэ. Э.Чагнаасүрэн нь Л.Энхболдтой эртний холбоотой нэгэн бөгөөд Л.Энхболдын эзэмшлийн Ирээдүй инвест ББСБ-т нягтан бодогчоор, сүүлд буюу 2016 оны сонгуулийн дараа Л.Энхболдын туслахаар ажиллаж байсан нэгэн ажээ.
Хэргийг нэхэн сануулбал, УИХ-ын гишүүн Л.Энхболд өөрийн охин Э.Мандухайн нэр дээр үүсгэн байгуулсан “Мийт экспорт интернэйшнэл” ХХК –иар дамжуулан 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдөр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас нэг тэрбум гурван зуун сая төгрөг авсан тухай баримт ил болсон билээ. Тэгвэл хамгийн ноцтой нь УИХ-ын гишүүн Л.Энхболдын төрсөн охин Э.Мандухайн нэр дээр байгуулагдсан “Мийт экспорт интернэйшнэл” ХХК-ийн бүх хувьцааг Л.Энхболд нарын зүгээс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Энхтайваны Чагнаасүрэнд шилжүүлсэн байдаг ажээ. Үүгээр ч зогсохгүй Э.Чагнаасүрэнгийн эзэмшдэг “Хас говь транс” ХХК нь 2018 оны зургаадугаар сарын 29-ний өдөр мөн л ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээлийг авсан байна.
Э.Чагнаасүрэн нь УИХ-ын 23 дугаар тойрогт Л.Энхболдыг нэр дэвшиж байх үед нь нэг сая таван зуун мянган төгрөг хандивлаж байсан, Л.Энхболдыг гишүүнээр сонгогдсоных нь дараа туслахаар нь ажиллаж байсан зэрэг хөдлөшгүй баримтуудаар УИХ-ын гишүүн Л.Энхболдтой нягт холбоотой нэгэн болох нь батлагдаж байгаа юм.
Тэгвэл эрхэм гишүүний зүгээс өөрийнх нь хууль бус ч байж болзошгүй их хэмжээний хөрөнгүүдийг нааш цааш нь болгож хөдөлгөдөг итгэлт туслахаа “аавын хаалга” татсанд нэг их санаа зовохгүй байгаа гэнэ. Ингэж бичих болсон шалтгаан нь “Э.Чагнаасүрэн гэх залуу надтай ямар ч холбоогүй, би түүнийг танихгүй” гэх зүйлийг тааралдсан хүмүүстэй ярьж яваа талаар МАН-ынхан ярьж байна. Эндээс харвал Л.Энхболд гэдэг эрхэм түшээ ямархан хүн чанартай нэгэн болох нь тод харагдана. Өөрөөр хэлбэл, эрхэм гишүүн Л.Энхболд Э.Чагнасүрэн гэх туслахаа золиосонд явуулж, өөрөө уснаас хуурай гарахаар шийдсэн нь энэ бололтой.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна