Худалдаанд гарсан шинэхэн тоглоомыг сонирхон туршиж үздэг долоон настай Райан хүү 2018 онд 22 сая ам.долларын /57.8 тэрбум төгрөг / ашигтай “ажиллаж”, Youtube-ээр мөнгө олдог хүмүүсийн жагсаалтыг тэргүүлсэн байна. Тэрбээр Youtube сайтын “од” бөгөөд "Ryan ToysReview" сувгийг ажиллуулдаг юм.
Райан хүүгийн эцэг эх бичлэгийг нь хийж өгдөг бөгөөд байнга шинэчилдэг аж. Өнгөрсөн ням гарагт нийтэлсэн “нууцлаг цэнхэр том өндгийг” туршиж үзсэн бичлэгийг хэдийнэ 2 сая гаруй удаа үзжээ.
NBC телевизээс түүний бичлэгүүдийг хүүхдүүд яагаад үзэх дуртай байдгийг асуухад Райан хүү “Би зугаатай бас хөгжилтэй учраас” хэмээн хариулсан байна. Түүний эцэг эх 2015 оны гуравдугаар сард сувгаа нээснээс хойш бичлэгүүдийг нь 26 тэрбум удаа үзэж, 17,3 сая дагагчтай болжээ.
Түүний сурталчилсан тоглоом хоромхон зуур л зарагддаг байна.Өнгөрсөн наймдугаар сард Walmart дэлгүүр “Райаны ертөнц” нэрийн тоглоом, хувцаснууд худалдаалж эхэлжээ. Райан ээж аавынхаа хамт Walmart дэлгүүрт өөрийн нэрийн тоглоомоо хайж олж байгаа бичлэгийг гурван сарын дотор 14 сая удаа үзжээ.
Walmart-тай хийсэн гэрээний үр дүнд тэдний орлого ирэх жил улам нэмэгдэх хандлагатай байна хэмээн Форбс сэтгүүл үзэж байна.Райаны ихэр дүү ч мөн Ryan’s Family Review сувгийн бичлэгүүдэд орсон байдаг. Тэдний хамтдаа орсон “Хүүхдүүд гэртээ хийж болох шинжлэх ухааны 10 туршилт” бичлэгийг 26 сая удаа үзжээ.
Форбс сэтгүүлийн мэдээлснээр Райаны орлого өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хоёр дахин өссөн бөгөөд Америкийн Youtube од Жэйк Полын орлогоос 500 мянган ам.доллараар илүү байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна