Гар утасны аппликейшнээр даатгалаа төлдөг болно

Өчигдөр 11 цаг 47 минут

Нийгмийн даатгалын салбарын удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөн болж өндөрлөлөө. Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилт, шинэчлэл, нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын гүйцэтгэл, үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад хэрэгжүүлж буй ажлууд, аймаг, дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсүүдийн 2018 оны ажлын үр дүн, энэ оны салбарын зорилт гэсэн сэдвийн хүрээнд зөвлөлдсөн юм. Зөвлөгөөнд аймаг, нийслэлийн 53 удирдах ажилтан оролцож санал, бодлоо хуваалцлаа. Энэ үеэр “Нийгмийн даатгал-Миний мэргэжил” гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан байв.

Тус салбарынхан өнгөрсөн онд Нийгмийн даатгалын санд 2.1 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 150 гаруй тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ. Мөн 1.8 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардлыг санхүүжүүлэн 645.5 мянган даатгуулагчид үйлчилгээ үзүүлсэн бөгөөд 4600 малчин нийгмийн даатгалд шинээр хамрагдсан байна. НДЕГ өнгөрсөн оныг “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил” болгон зарласан. Энэ хүрээнд төлсөн шимтгэл, авсан үйлчилгээнийхээ мэдээллийг хянах боломж бүхий “Нийгмийн даатгал” гар утасны аппликейшнийг хэрэглээнд нэврүүлсэн нь даатгуулагч нийгмийн даатгалын лавлагаагаа гэрээсээ ч авах боломжтой болжээ.

“Танд ойрхон-Найрсаг үйлчилгээний жил” болгов

Гар утасны аппликейшнээр даатгалаа төлдөг болно

Мөн ажил олгогчид тайлангаа тоон гарын үсэг ашиглан илгээж, хэлтэс рүү очих шаардлагагүй боллоо. Тэтгэвэр тогтоох хугацааг гурав дахин хурдасгаж, нийгмийн даатгалын үйлчилгээг үдийн цайны завсарлагаагүй хүргэж эхэлсэн нь ажил олгогч, даатгуулагчдынхаа ажлыг хөнгөвчилж, цагийг хэмнэсэн олон ажил хийсэн байна. Харин энэ оныг “Танд ойрхон-Найрсаг үйлчилгээний жил” болгон зарлажээ. Энэ нь цааснаас татгалзаж, мэдээллийг цахимжуулах, иргэдийн ажлыг хөнгөвчлөх, ажилтнуудынхаа харилцаа, ёс зүйг сайжруулахад анхааран ажиллана хэмээн НДЕГ-ын дарга Д.Зоригт зөвлөгөөний үеэр хэлж байсан.

Энэ онд сайн дурын даатгуулагч гэрээгээ цахимаар сунгах, тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй иргэд цахимаар маягт бөглөн, материалаа бүрдүүлэх, архивын лавлагаа авахын тулд даатгуулагч өөрөө хөөцөлдөх биш, даатгуулагчийн өмнөөс хэлтсүүд хоорондоо цахимаар мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэн ажиллах юм байна. Зөвлөгөөний үеэр холбогдох албаны зарим хүний сэтгэгдлийг сонирхсон юм.

НДЕГ-ын дарга Д.Зоригт: Архивын ерөнхий газарт байгаа мэдээллийг цахимаар солилцоно

Гар утасны аппликейшнээр даатгалаа төлдөг болно

-Нийгмийн даатгалын зүгээс өнгөрсөн оныг бид “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил” болгон зарласан. Энэ хугацаанд ажил олгогчийг тоон гарын үсгээр тайлангаа өгдөг болгох, нөгөө талаар гар утасны аппликейшнийг бий болгосон. Энэ аппликейшн ямар ач холбогдолтой вэ гэхээр иргэд өөрийнхөө бүх шимтгэл төлөлтийн мэдээллийг, тэтгэвэр авагч өөрийн тэтгэврийн түүхээ мэдэх ач холбогдолтой. Иргэд “Заавал хэлтэс дээр ирж гар утасны аппликейшний паспортыг авдаг” гэж хэлж байсан. Тиймээс ирэх сарын 1-нээс гадаад, дотоодод байгаа бүх иргэнтэйгээ цахим хэлбэрээр харьцаж паспортыг нь баталгаажуулдаг болно. Цаашид бид гар утасны аппликейшнээр сайн дурынхаа даатгалыг төлдөг, гэрээгээ байгуулдаг болох зорилт тавьж байгаа. Тэгэхээр тухайн иргэн заавал хэлтэс дээр ирж сайн дурын гэрээгээ байгуулахгүй. Цахимаар харьцаад явах боломжтой. Нөгөө талаар бид энэ жил хийж байгаа нэг ажил бол иргэд тэтгэвэр тогтоолгохдоо архивын лавлагаа авах гэж хэлтэс хооронд, хэлтэс дотор ч их явж чирэгдэл үүсгэдэг байсан.

Төрийн байгууллага өөрөө өөрийнхөө мэдээллийг иргэдээс авна гэдэг байж боломгүй бүдүүлэг ажил. Тиймээс энэ оноос эрс шинэчлэл гарган хэлтэс хооронд цахимаар иргэдийн лавлагааг өмнөөс нь авна. Нөгөө талаар Архивын ерөнхий газартай хамтран ажиллах гэрээтэй ажилладаг. Архивын ерөнхий газарт байгаа мэдээллийг цахимаар солилцох, иргэнийг нааш цааш нь явуулахгүй болгоно. Мөн тэтгэвэр тогтоолгох өргөдлийг бид цахим хэлбэрээр явуулах гэж байгаа. Ингэснээр иргэн цахимаар өөрт байгаа мэдээллээ өгөхөд бид ямар мэдээлэл дутуу байна вэ гэдгийг шүүнэ. Хэрэв бүтэн байвал за таны тэтгэвэр төдөн мянган төгрөгөөр ийм хэмжээгээр тогтоох юм байна гэдгийг урьдчилаад хэлж өгнө. Нөгөө талаар тэтгэвэр тогтоолгох болоогүй, 1-2 жилийн дараа тогтоолгох хүмүүс энэ өргөдлөөр өгөөд явахад ямар бичиг баримт дутуу байна эсвэл хэдэн төгрөгөөр тэтгэвэр тогтоолгох боломжтой вэ гэдгээ мэдэж болно. Бид ирээдүйг хэрхэн харж байна гэвэл үйлчилгээгээ цахимжуулна. Иргэд маань хөгжлийнхөө жамаар бүгд тоон гарын үсэгтэй болоод ирвэл аль ч төрийн байгууллагаас үйлчилгээ авдаггүй ийм үйлчилгээ ирээдүйд бүх төрийн байгууллага ийм болно.

Гар утасны аппликейшн суулгасан иргэд “Бид шимтгэлээ төлсөн байхад ажил олгогч төлөөгүй байдаг юм байна” гэдэг. Үүнд бид бас онцгой анхаарч байгаа. Үүний цаана даатгуулагчийн эрх ашиг хөндөгддөг. Энэ хариуцлагыг аж ахуйн нэгж, албад хариуцна. Төрийн байгууллагууд бие биедээ байдаг мэдээллийг нэг нэгнээсээ нэхэж байна. Тухайлбал, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар манай хоёр нэг яаманд харьяалагддаг. Манай хоёроос авдаг тэтгэвэр, тэтгэмж давхцахгүй байх ёстой. Иргэн төрийн байгууллагын хооронд явж чирэгддэг явдлыг зогсоох зорилготой.

Нийгмийн даатгалын салбарынхныг иргэдийн оршуулгын тэтгэврийг аваад идчихсэн гэж муугаар ярьдаг. Амьдрал дээр ийм зүйл байхгүй. Оршуулгын тэтгэмжийг нь авах гэж ирсэн иргэний мэдээллийг нас барсан хүний оронд солиод бичсэн нь тухайн байцаагчийн хариуцлагагүйнх. Нөгөө хүн нь хэдэн жилийн дараа талийгаач болоход тэр хүний тэтгэмжийг авах гээд очиход андуураад бичсэн регистрийн дугаар гарч ирээд асуудал үүсгэдэг. Ийм асуудал оны өмнө Сонгинохайрхан дүүрэгт гарсан. Энэ нь цэвэр хувь байцаагчийн ажлын хариуцлагагүйгээс болсон асуудал.

Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Анар: Нийгмийн даатгалын 22 төрлийн үйлчилгээ байдаг

-Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс сүүлийн хоёр жил хэд хэдэн тодорхой ажлыг төлөвлөн зохион байгуулж хийлээ. Нэгдүгээрт, нийгмийн даатгалын төлөөлөгч төсөл хөтөлбөрийг анх хэрэгжүүлж эхэлсэн нь манай иргэдэд төрийн үйлчилгээг байгаа газарт нь хүргэж өгөх бололцоог бий болгож байна. Хоёрдугаарт, нийгмийн даатгалын дотоод үйл ажиллагааг бүрэн цахимжуулах замаар инноваци хөгжлийг хөгжүүлэхээр иргэдэд хүрч байгаа тухайн үйл явцын шат дамжлагыг багасгая. Үйл явцын дахин инженерчлэлийг хийе, төрийн үйлчилгээний шат дамжлага багассанаар иргэнд зарцуулах хугацаа огцом багасах ёстой гэсэн зорилтыг тавьж тодорхой хугацаанд хэрэгжүүллээ.

Нийгмийн даатгалын 22 төрлийн үйлчилгээ бий. Үүнийг авахын тулд зарим үед 5-6 гарын үсэг цуглуулж, олны хүний царайг хардаг асуудал байсныг эрс багасгасан. Бидний зорилт нийгмийн даатгалаар 22 үйлчилгээ авахын тулд нэг байцаагчаас нэг л төрийн албан хаагчийн царайг харуулах ёстой. Үүнээс олон байх ёсгүй гэсэн зорилт тавин эхнээсээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ зорилтод хүрэхийн тулд тухайн байгууллагын дотоод менежмент, зохион байгуулалтаа сайжруулах ёстой гэсэн үүднээс бид олон улсын ISO стандарт, чанарын удидлагын ISO 9001, 2015 стандартыг хэрэгжүүллээ. Мөн олон улсын ТИСО стандартын үйлчилгээний төгөлдөржилтийн стандартыг энэ ондоо авах бэлтгэл ажлыг хангаад байна.

Бидний 2-3 жил төлөвлөсөн ажил өнөөдөр бага багаар үр дүнгээ өгч байна. Үр дүн гэхээс гадна тодорхой үр нөлөө нь ямар байна. Иргэний шат дамжлага багасахгүй бол үр дүн нөлөөгүй гэж үзэж байгаа. Гэвч байнгын сэтгэл ханамжийн судалгаа хийснээр иргэд зарцуулж байгаа шат дамжлага огцом багассан үзүүлэлт гарсан. НДЕГ энэ сайн туршлагыг хэрэгжүүлэгч агентлагуудаас хамгийн анх ISO 9001, 2008 стандартыг эхлүүлж байсан. Гэвч шинэ стандарт гарсан. Энэ стандартад манлайллын зорилтууд нь нэлээд өндөр дээрээс нь эрсдэлийн удирдлага гэдэг зүйлийг яах аргагүй даатгалд нэвтрүүлэх ёстой гээд бид нэвтрүүлээд явж байна.

Орхон аймагт 150 гаруй тэрбум гаруй төгрөг эргэж байдаг. Иргэн, төр хоёрын хооронд явдаг. Үүнийг эрсдэлд суурилсан, ямар нэгэн эрсдэлээс бүрэн сэргийлсэн байдлаар явахыг зорьсон байгаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна