“Хотын” гэх фракц мандан бадарч байсан үед хот гэх их айл сэхсэн үү, сөхөрсөн үү гэдэгт өнөөдрийн Улаанбаатарын утаа, түгжрэл, бохирдол, бухимдал хариулт болно. Улстөрчдийн залгамж халаагаар улс орон хөгждөг байсан бол улсын маань нийслэл Улаанбаатар хэдийнэ Сингапурын хөгжлөөс халиад улс даяраа биш ч, улсын нийслэл маань бар болчих цаг хугацаа өнгөрчээ.
20 жил гэдэг унаж босож, өгсөж уруудахад хангалттай хугацаа. Улаанбаатар хотын үе үеийн дарга нарын намтрыг харжээ суухад https://www.ulaanbaatar.mn/Home/Mayors/ Улаанбаатар хотын дарга гэх албан тушаал 1924 оноос эхлэлтэй аж.
Улаанбаатар хотын түр жинхэнэ захиргааны дарга гэх албан тушаал 1924 онд бий болж анхны хотын даргаар Моононгийн Баяр гэх хүн томилогдож 1926 он хүртэл ажиллажээ.
Түүний дараа Улаанбаатар хотын жинхэнэ захиргааны даргаар Санжаагийн Батсүх /1926-1927/, Дуламжавын Гомбожав /1927-1929/, Ламжавын Мижиддорж /1929-1930/ гээд УБ хотын үе үеийн дарга нар ерөнхийдөө 1999 он хүртэл 1-3 жилийн хугацаандл ажилладаг байжээ УБ хотыг нэг хүнээр олон жил удирдуулдаггүй байсан бололтой юм. Бодлого ч байсан байх.
Харин 1990 онд Лхамсүрэнгийн Энэбиш Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны даргаар 2 жил ажилласан бол 1992-1996 он хүртэл Цэдэндэмбэрэлийн Баасанжав Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгуулийн 4 жилд ажиллажээ.
Харин 1996 онд Жанлавын Наранцацралт Улаанбаатар хотыг удирдаж байгаад 1998 оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд болжээ. Гэхдээ тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Ж.Наранцацралтыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжихээс өмнө эрх баригч “Ардчилсан холбоо эвсэл”-тэй тохироо хийсэн гэдэг.
Тухайн үеийн цөөнх МАХН-тай нийлж, Ж.Наранцацралтыг Ерөнхий сайдад дэвшүүлэн “зайлуулаад” оронд нь нийслэлийн Засаг даргаар тухайн үеийн нийслэлийн МАХН-ын хорооны дарга М.Энхболдыг томилох. Долоон удаа ЕС-аа буцаалгасан АХЭ-ийн хувьд энэ тохироог хүлээн авахгүй бол олонх болсон УИХ-аа тараах хүртлээ асуудал хурцдаад байсан тул өөр ямар ч аргагүй байсан гэдэг.
Ямар ч гарцгүй шахаанд оруулснаар улс төрд анхны гэж хэлж болох албан тушаалын тохироог Н.Баганбанди, М.Энхболд нар амжилттай хийж, улс төрд дэх албан тушаалын наймааны эхлэлийг тавьсан байдаг.
Үүнээс хойш МАХН /хуучин нэрээр/–ын удирдлагууд “тохироо” гэх ойлголтыг улс төрийн сөрөг хүчинтэй хийхээс гадна нам дотроосоо өдөлсөн жигүүр, хөдөлгөөнийхнийгөө намжаахын тулд албан тушаал өгч тохирдог болсон. Энэ нь хөгжин хөгжсөөр 20 жил болоход төрийн алба гэдэг “60 тэрбум"-аар үнэлэгдэх мөнгө босгох хэрэгсэл болсон билээ.
· “60 тэрбумын” хэрэг илчлэгдэхээс өмнө ард түмэн бид улстөрчдийнийм тохироог “бялуу” хуваалт хэмээн нэрлэдэг байлаа. Тэр үедээ төрийн албанд албан тушаал хашна гэдэг мөнгөөр биш тохироогоор хийгддэг байсан болохоор үнэхээр ялсан “ахын” хувьд баярын бялуу хуваалт байсан юм. Сонгуулийн үеэр намдаа ажилласан, сонгуулийн ажилд явсан хүмүүс ийм “бялуу” хуваалтаас хүртэх боломжтой байлаа.
Харин дараа нь буюу 2008 оноос цүнх баригч буюу туслах, долигногч, хар бор бүх зүйлийг нь хийдэг ойрын гэх хүмүүс нь дарга болдог байсан бол 3 дахь үе буюу 2012 оноос хойш хэн их мөнгө төлнө тэр хүнд төрийн сайд, дэд сайд болох үүдийг нээсэн.
М.Энхболдын намдаа болон хотын фракцдаа хөхиүлэн хөгжүүлсэн энэ аргачлал, тохирооны үр дүнд өнөөдөр УИХ, Засгийн газар мөнгөтэй хөрөнгөтэй компанийн эзэд-захирлуудаар дүүрсэн бол нийслэл гэх том айл удирдлагын түвшинд “60 тэрбумын” сүлжээнд орооцолдсон нь үнэн билээ. Үүнийг задлахын төлөө шударга хүн бүр тэмцэж, дэмжиж байна.
·М.Энхболдыг 1999 онд Улаанбаатар хотын Засаг даргаар томилохын тулд эхэлсэн албан тушаалын наймаа тохиролцоо өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотод 20 жилийн турш баяжин хөгжиж, туршлагажиж өргөжин тэлжээ.
УБ хотын Засаг даргаас эхлээд бүх албан тушаалд “хотын фракцынхан” өөрийн хүмүүсээ үе залгамжлуулан томилдог байдал 2000 оноосхойшдараах байдлаар үргэлжилснийг Улаанбаатар хотын Захирагчдын он цагийн баримтаас харж болно.
1999-2005 он. Миеэгомбын Энхболд
2005-2007 он. Цогтын Батбаяр
2007-2008 он. Түдэвийн Билэгт
2008-2012 он. Гомбосүрэнгийн Мөнхбаяр
2012-2016 он. Эрдэнийн Бат-Үүл
2016-2018 он. Сундуйн Батболд
2019- ?
АН-ын Э.Бат-Үүл хотын захирагч байсан 2012-2016 он хүртэлх 4 жилийг хасвал үлдсэн 16 жилд нь М.Энхболдын найзуудаас бүрддэг “хотын фракцынхан” нийслэлийг удирдсан байх юм.
Харин Ц.Сандуй, Су.Батболд хоёрын хувьд хотын фракцын залуу үеийн удирдагчид байсан. Харамсалтай нь одоо тэд эрх мэдлээ алдсан. “Би унавал бид бүгдээрээ үгүй болно” гэх бичигдээгүй дүрэм энэ фракцийнханд үйлчилдгийг М.Энхболдыг УИХ-ын даргаасаа буухгүй хэмээн олон сар зууралдсан үйл явдал харуулсан.
Үнэхээр хотын фракцын суурь болсон Миеэ эрх мэдэлгүй болсон тохиолдолд бусад нь мөн л араас нь явах нь тодорхой байсан. Энэ ч дагуу Ц.Сандуй Су Батболд нар албан тушаалаасаа өөрсдөө явсан. Өөрсдөө яваагүй бол тэд наранд биш нарсанд байх байсан байх. Үнэхээр аргагүй шалтгаан байсан болоод л тэд албан тушаалаа өгсөн.
Харин одоо тэд өөрсдөө биш ч өөр хүнээр эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд Нийслэлийн Засаг даргад С.Мөнхчулуун гэх залууг сойсон. С.Мөнхчулуун бол хотын фракцийнхны сүүлчийн хамгаалалт. Учир нь түүнийг 10 жилийн өмнөөс Миеэгийн залгамжлагчаар бэлтгэж байсан гэх бөгөөд М.Энхболд МАН-ын даргаар дахин сонгогдсоноор С.Мөнхчулууны улс төрийн том карьерүүд нь 2016 оноос эхэлжээ.
Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, МАН-ын Бага хурлын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, НИТХ-ын тэргүүлэгч, НИТХ дахь МАН-ын бүлгийг дарга гээд ганцхан жилийн дотор энэ залууд улс төрийн ямар том том албан тушаалуудыг зэрэг зэрэг өгч байснаас МАН-ын дарга М.Энхболд энэ залууд ямар их итгэл хүлээлгэж байгааг харж болно.
Тэртусмаа улс төрийн хамгийн чухал, ач холбогдолтой субьект болох нийслэл дэх улс төрийн хамаг эрх мэдлээ өгч байсан нь Миеэгийн хувьд С.Мөнхчулуун ямар чухал хүн болох нь тодорхой юм. Тиймээс улс төрд, засаг төрд, нийслэлийн удирдлагад 20 жилийн турш ноёрхсон Миеэгийн эринг дуусгах уу, үргэлжлүүлэх үү гэдгийг шийдэх гардан тулаанд Мөнхчулуун хүү “загалмайлсан эцэг” Миэгийнхээ өмнөөс сэлэм барин Ухнаагийн хүүтэй гардан тулаанд ороод байна.
У.Хүрэлсүх МАНАН-г устгах, “60 тэрбумынхнаас” намаа цэвэрлэнэ хэмээн ард түмэндээ амласан. Харин тэр хот гэх их айлаар 20 жилийн турш тэжээлгэн, их багын хэмжээгээ мэдэхээ больтлоо баяжсан Миеэгийн бүлэглэлээс нийслэлчүүдээ аварч чадах уу. Монгол Улсын хүн амын тал нь оршин сууж буй Улаанбаатарыг “60 тэрбумынхнаас” салгаагүй цагт улс төрийг МАНАН-гаас салгаж, улсын нийслэлээ хөгжүүлнэ гэж байхгүй л байх шүү У.Хүрэлсүх ээ.
Эх сурвалж:Sonin.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна