"Huiwei Хэзээ ч АНУ болон бусад орны хуулийг зөрчихгүй"

5 цаг 53 минутын өмнө

АНУ Хятадын харилцаа холбооны технологийн Huawei компанийг үүрэн телефоны операторуудын дунд томоохон асуудал үүсгэж байна хэмээн хурцаар шүүмжилж байгааг барууны хэвлэлийнхэн онцолж байна.
 

Үүний шалтгаан нь Huawei утасгүй үүрэн холбооны дараагийн үе болох 5G сүлжээг гаргахаар ажиллаж байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор АНУ бусад орныг Huawei компанийн технологийг ашиглахгүй байхыг сануулсан байна. Хятадын Засгийн газар тус технологийг тагнуулын зорилгоор ашиглаж болзошгүй гэж үзэж байгаа бололтой.

Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео "Хэрвээ Huawei-г Европын орнууд нэвтрүүлбэл Америктай харилцах харилцаанд муугаар нөлөөлнө" хэмээн анхааруулсан байна.

 

Харин Huawei компанийн дарга Гуо хэлэхдээ “Хятад улсаас гаргасан технологи ашиглах нь аюултай гэж үзэж болохгүй. Huiwei хэзээ ч Хятад болон хамтрагч орны хууль дүрмийг зөрчихгүй. Технологи аливаа засгийн газраас хараат бус байх ёстой” гэжээ.

Өмнө нь “Huawei” компанийг үүсгэн байгуулагч Рэн Жэнфей BBC агентлагт ярилцлага өгөхдөө "АНУ ямар ч байдлаар биднийг дарамталж чадахгүй” гэж хэлжээ. Тус компанийн Санхүүгийн албаны захирал, охин Мэн Ванжоуг нь баривчилсныг Рэн Жэнфей “улс төрийн сэдэлтэй” хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байв.

Тодруулбал, АНУ “Huawei” компани болон Мэн Ванжоуг банкуудыг хууран мэхэлсэн, худалдааны нууц задруулсан, мөнгө угаасан хэрэгт буруутган шалгаж буй ч Хятадын компани ямар ч буруутай үйлдэл хийгээгүйгээ мэдэгдсээр байгаа юм.

 

Рэн Жэнфэй АНУ дарамт шахалт үзүүлж, охиныг нь баривчилсан хэмээн үзэж, анх удаа ВВС-д ярилцлага өгч буй бөгөөд "АНУ ямар ч байдлаар биднийг дарамталж чадахгүй" хэмээн хэлжээ. Мөн тэрбээр “Илүү дэвшилттэй учраас дэлхий биднийг орхихгүй. Биднийг дэмжихгүй байхыг олон улс оронд уриалж ятгасан ч АНУ амжилт олохгүй” гэсэн байна. Рэн Жэнфэй дээрх хэргээс болж багагүй алдагдал хүлээнэ гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

 

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Huawei” технологийг ашиглахаас татгалзаж буй нь Вашингтоныг "тэдэнтэй түншлэхэд" илүү төвөгтэй болгоно гэж хэлсэн байна.

 

Австрали, Шинэ Зеланд, АНУ нь "Huawei" компанийн тоног төхөөрөмжийг хэрэглэхийг хориглосон бол Канад улс тус компанийн бүтээгдэхүүнүүд нь улсынх нь аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулж буй эсэхийг хянаж байгаа ажээ.

“Их Британийн Цахим тагнуулын тусгай албанд багтдаг Кибер аюулгүй байдлын үндэсний төв нь өндөр хурдтай хөдөлгөөнт холбоонд “Huawei”-н тоног төхөөрөмжийг ашигласнаас үүдэн гарах эрсдэлийг бууруулах боломжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ. Европын холбоотнуудыг үүрэн холбооны шинэ сүлжээндээ Хятадын харилцаа холбооны тоног төхөөрөмжийг ашиглахад нь саад учруулахын тулд АНУ-ын эрх баригчид боломжтой бүхнийг хийж байгаа хэдий ч Их Британи, Герман зэрэг Европын зарим улс үүнд итгэхгүй байна” гэж тус сонинд дурдсан байна.
 

Түүнчлэн Их Британийн тусгай албанаас гаргасан дүгнэлт нь Европын удирдагчдын санаа бодолд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэж эх сурвалж мэдэгдсэн байна.
 

“Huawei”-аар дамжин кибер аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх тохиолдлыг Кибер аюулгүй байдлын үндэсний төв хэзээ ч олж илрүүлж байгаагүй. 5G хөдөлгөөнт холбоонд Хятадын технологи эрсдэл учруулж байна гэх мэдэгдэл нь утгагүй зүйл юм” гэж Их Британийн цахим тагнуулын тусгай албаны тэргүүн асан Роберт Хэнниген “Financial Times” сонинд ярилцлага өгөхдөө онцлон тэмдэглэжээ.
 

АНУ-ын хүсэлтээр “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг баривчлан саатуулснаас хойш буюу өнгөрсөн 12 дугаар сарын эхээр “Huawei” компани дэлхий дахины анхаарлыг татаж эхэлсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна