Шүүгч Л.Бямбааг нас бардаг өдөр юу болсон бэ?

Өчигдөр 10 цаг 53 минут
Гавъяат хуульч, шүүгч асан Л.Бямбаа ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид нас барсан хэрэг нийгмийн анхаарлыг татаж байна. Хууль хяналтын зарим байгууллагаас түүнийг амиа хорлосон байж болзошгүй гэх мэдээлэл өгч байгаа хэдий ч гадны нөлөөтэй нас барсан гэдэг сэжиг ч олны дунд нэлээд явж байна.

Өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагт талийгаач Л.Бямбаа дүүгийнх нь хүүхэд бурхан болсон гээд хөдөө явах ажилтай боллоо гэдгээ хүүхдүүддээ хэлж байжээ. Пүрэв гарагт бэр нь хадам ээж рүүгээ залгахад утсаа авахгүй байсан тул ярьж байсанчлан түүнийг хөдөө явжээ гэж бодсон гэнэ.

Орой нь 18:30 цагийн үед талийгаачийн гэрт АТГ-ын хүмүүс ирж нэгжлэг хийсэн тухай ааваасаа бэр нь сонссон байна. Энэ талаар ээждээ дуулгах гэсэн боловч бас л утсаа аваагүй аж.

АТГ-ынхан ээжийг нь авч явсныг талийгаачийн ажлын газрынхан хүүхдүүдэд нь дуулгажээ. Ингээд талийгаачийн гэрийнхэн АТГ дээр очиход байцаагч нь дулаан хувцсыг нь захьсан юм байна.

Баасан гарагийн өглөө талийгаачийн ар гэрийнхэн байцаагчтай нь холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан гэнэ. Ингээд байцаагчийг нь хайсаар тухайн өдрийн ажлын цаг ч дуусчээ. Бямба гараг амралтын өдөр учраас хорих ангид хүн оруулдаггүй гээд мөн л уулзаж чадаагүй байна.

Харин талийгаачтай ажлын газрынх нь хүн уулзахад “маргааш орой ирвэл ирэхгүй юу, энд хүлээгээд яах вэ” гэж хэлсэн байна. Тэрээр амралтын өдөр таарсан учраас 48 цагийн хугацааг сунгах боломжгүй тул өөрийгөө суллагдана гэдгээ ч мэдэж байсан бололтой.

Гэвч суллагдах хугацаа нь болсон ч суллаагүй бөгөөд талийгаачийн ажлынх нь газрын хүн илүү том асуудал үүссэн гэсэн мэдээллийг утсаар авчээ. Ийнхүү шөнийн 2 цагт бэр нь тоон мэдээлэл өгдөг гэх хүнтэй холбогдоход даргатайгаа яриулъя гээд утсыг тасалсан байна.

Тухайн үед хорих ангийн дарга, хянагч нар нь утсаа нэг нэгэндээ дамжуулж сандралдаж байсаар шөнийн 4 цагийн үед талийгаачийн нэг хүүхэд нь хорих анги руу орж, ээжийгээ 21:40 цагийн үед нас барсан гэдгийг мэджээ. 15:00 цагийн бүртгэлийн үед ээж нь зүгээр байжээ.

Талийгаачийг нас барсанаас хойш хоёр цаг хагасын дараа цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Гэрийнхнээс нь нууцалж байгаад үүрийн 4 цагт буюу долоон цагийн дараа хэлсэн байгаа юм. Энэ хооронд талийгаачийн нэг хүү нь ээжийгээ асуухаар АТГ луу явсан байж.

Ингээд талийгаачийг ар гэрийнхэнд нь харуулалгүй морг руу авч явсан байна. Харин хоёр хүүхэд нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүчээр орж ээжийгээ харж, зургийг нь авч амжсан аж. Гэтэл цагдаагийн алба хаагчид зургийг нь устгахыг завдсан ч хүүхэд нь зугатсан гэж талийгаачийн бэр Р.Мөнхзул хэвлэлд ярьжээ.

Тэрээр мөн “Ээжийг амиа алдахаас гурван цагийн өмнө гадуур байцаасан юм билээ. Тэр хооронд ээжийг дарамталсан, эсвэл хоолонд нь юм хольсон байх гэж би хардаж байна. Миний ээж яавч амиа хорлохгүй” гэжээ.

Шүүгчийг амиа егүүтгэсэн гэх мэдээлэлд зарим хүн итгэхгүй байна. Үнэхээр ч анхаарал татах хэд хэдэн зүйл бий.

-Саатуулах байрны ачаалал дийлдэхгүй байна гэх атлаа талийгаач эмэгтэйг яагаад ганцааранг нь хорьсон бэ?

-ШШГЕГ талийгаачийг оройны 21:40 орчимд амиа алдсан гэж мэдээлсэн. Энэ цаг үед хянагчид хэрхэн ажиллаж, камерт юу бичигдсэн байх вэ. Тэр дүрсүүд байгаа юу?

-461 ангийн хоригдлын тоо толгойг бүрэн бүтэн байгаа эсэхийг хянадаг оройн тооллого хэдэн цагт хийгдсэн бэ?

-Амь насаа алдсан шүүгчийн халааснаас гэрээслэл гарч ирсэн гэж байгаа. Хорих байранд бусдыг саатуулахдаа бие дэх бүх эд зүйлсийг хурааж авдаг. Үзэг, бал амиа егүүтгэж мэдэх хэрэгсэлд ордог. Гэрээслэл бичих үзэг, бал, цаасыг хэн өгсөн байх вэ?

-Гэрээслэл гээд буй цаасан дээрх бичгийн хэв талийгаачийнх гэдгийг ажлын биш өдрүүдэд хэн гэдэг албан тушаалтан, яаж тогтоосон бэ?

-Өглөө гэхэд суллагдах байснаа мэдэж байсан хүнд хорих ангид амиа егүүтгэх хүнд асуудал тулгарсан уу гэх мэт асуултууд хариултаа нэхэж байна.

Эх сурвалж:updown.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна