НИТХ-ын хуралдаан түр завсарлалаа

Өчигдөр 14 цаг 35 минут
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан үргэлжилж байна. Энэхүү хуралдаанаар нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм. 

 Хуралдааны эхэнд  НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл Ерөнхий сайд С.Мөнхчулууныг ямар шалтгаанаар Хотын даргаар батламжлаагүй буцаасан үндэслэлээ тайлбарлахыг шаардлаа.

Энэ асуудлаар санал хураалт явуулахад НИТХ-ын төлөөлөгчдийн дийлэнх нь дэмжсэнгүй.

Үргэлжлүүлэн хурал даргалагч Б.Батнасан Хотын даргад С.Амарсайханыг нэр дэвшүүлж байгааг уламжлаад заалнаас нэр дэвших хүн байгаа эсэхийг лавлав.   

Улмаар НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийгөө нэр дэвшүүлж байгаагаа зарлалаа. Мөн тэрбээр ардчиллын зарчмыг баримталж, дарамт шахалтгүй байх боломжоор хангах горимын санал гаргав. 

 Мөн Нийслэлийн иргэн Э.Бямбацэрэн өөрийгөө Нийслэлийн засаг даргад нэр дэвшүүлэх хүсэлт гаргасан боловч нам эвслээс нэр дэвших учиртай тул хүсэлтийг хүлээн авсангүй. 

НИТХ дэх МАН-ын бүлгээс Н.Батсүмбэрэл, Б.Отгонсүх Д.Мөнхжаргал, Төмөрбаатар, Амарбаясгалан нарын таван төлөөлөгчийн нэрийг тооллогын комист нэр дэвшүүллээ. 

Харин НИТХ дэх АН-ын бүлгээс өмнөх нэгдүгээр сарын 16-нд болсон санал хураалтыг явуулсан тооллогын комиссыг хэвээр нь байлгах горимын санал гаргасан ч   санал хураалтаар дэмжигдсэнгүй.

Үргэлжлүүлэн тооллогын комиссын гишүүдийг сонгохдоо нууцаар санал хураах горимын санал ч мөн дэмжигдсэнгүй. НИТХ дэх МАН-ын бүлгээс 10 минутын завсарлага аваад байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна