Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэллээ.
Хэлэлцэх асуудлын дунд Засгийн газрын тусгай сангуудад авах арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.
Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тусгай сангуудад хийсэн шалгалтаар нэг аж ахуйн нэгж Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Мал хамгаалах сангаас нэгэн зэрэг зээл авсан, хоёр сангаас зэрэг зээл авсан 319 ААН байгаа талаар мэдээлсэн.
Мөн нэг сангаас зээл авч нөгөө сангийн зээлийг төлөх зэрэг үйлдэл гарсан байна. Тиймээс гарсан зөрчлүүд дээр авах арга хэмжээний төслийн талаарх Засгийн газрын тогтоолыг өнөөдрийн хуралдаанаар гаргана гэсэн юм.
Ингээд Засгийн газрын өнөөдрийн /02.27/ хуралдаанаар тусгай сангуудад хийсэн шалгалтын дүн дээр үндэслэн тогтоолыг баталлаа. Нийтдээ 29 сангаас долоон санг татан буулгах шийдвэр гаргалаа.
Тухайлбал Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалын дэмжих сан, Агаарын бохирдлын эсрэг сан зэрэг долоон сан багтаж байна.
Зээлтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангуудыг нэгтгэсэн. Мөн Улсын авто замын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудын үйл ажиллагааг сайжруулах ёстой гэж үзсэн байна. Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан зэрэг 15 сангийн үйл ажиллагааг хэвээр үлдээж байгаа гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Түүнчлэн тусгай сангуудын шалгалтын дүнг танилцуулсан. Шалгалтаар тухайлбал, Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнээс 47 тэрбум төгрөгийн тендер зохион байгуулахтай холбоотой зөрчил байна. Тус сангаас бага оврын тракторыг 44 тэрбум төгрөгөөр худалдан авалт хийгдсэн боловч хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 17 тэрбум төгрөг байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна