Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар хуульчид юу хэлэв

2019/03/27
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн билээ.

Мөн УИХ-ын холбогдох байнгын хороо Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн юм. 

Маш богино хугацаанд  боловсруулж, өргөн барьсан энэ хуулиуд олон нийтийн дунд маргаан өрнүүлж буй.
Энэ асуудлаар хуульчид хэвлэлүүд байр сууриа илэрхийлснийг товчлон хүргэж байна.
.
Хуульч О.Мөнхсайхан: Үндсэн хууль зөрчиж байна

-ҮАБЗ зөвлөмж гаргавал ямар ч шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх заалт оруулж байгаа нь Үндсэн хуулийн 49-р зүйлд тусгасан шүүгчийн хараат бус байдлын тухай заалтыг зөрчиж байна. Ингэхдээ ямар үндэслэлээр эрхийг нь түдгэлзүүлэх талаар хуулийн төсөлд тусгаагүй. Энэ нь шүүгчид зүй бусаар нөлөөлөх эрсдэл бий болгож байна.

Аль ч шатны ерөнхий шүүгчийг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу огцруулах зохицуулат орж ирж байна. Энэ нь Үндсэн хуулийн 51-р зүйлийг зөрчиж байгаа бөгөөд мөн л огцруулах үндэслэлийг хуулийн төсөлд тусгаагүй.

ҮАБЗ зөвлөмж гаргавал Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг хугацаанаас нь өмнө албан тушаалаас нь буулгах заалт орж ирсэн нь мөн Үндсэн хууль зөрчиж, хараат бусаар ажиллах баталгааг үгүйсгэж байна.

Мөн ҮАБЗ-ийн зөвлөмж гарснаар АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх өөрчлөлт орж байна.

Эх сурвалж: Ikon.mn

Хуульч Б.Гүнбилэг: ҮАБЗ шүүгчид нөлөөлж болохгүй

Шүүгчийн эрх зүйн байдлын хуульд ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэсэн утгатай үг оруулж ирж байгаа юм байна. Энийг ярихын тулд эхлээд түдгэлзүүлэх гэдэг үгээ тайлбарлая. 

Түдгэлзүүлэх гэдэг нь тодорхой хугацаанд үйл ажиллагаа эрхлэхийг нь зогсооно гэсэн санаа. Хуульд зааснаар одоогоор долоон нөхцөл байгаа юм, түдгэлзүүлэх. Үүнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, эрүүгийн хариуцлагад татагдсан, сураггүй алга болсонд тооцсон, шүүгчээс огцруулах магадлал гарсан бол гэж өөрөөс үл хамаарах дөрвөн нөхцөлтэй.

Үлдсэн гурав хувь шүүгчээс өөрөөс нь хамаарах асуудал юм. Үндсэн хуульд шүүгч хараат бус байна, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ ба Засгийн газрын гишүүн хэн ч бай шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, улс төрийн нөлөөллөөс хараат бус байх гол үндсэн суурь санааг Үндсэн хуульд заасан ҮАБЗ-ийн гишүүд нь зөрчих гэж байна.

Эх сурвалж: newspress.mn

УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:Хараат бус шүүх эрх мэдлийг үгүй болгох аюултай 

Энэ хууль чинь батлагдвал Үндсэн хуулийн цэц рүү явна. Бэлэн байх хэрэгтэй. Зөвлөмж гээд яагаад томоор нь хийчихсэн юм бэ. Хумиад оруулаад ирж болоогүй юм уу.

Энэ хүрээг хумьж өгөхгүй бол болохгүй. Шүүх ганцхан албан тушаалтны асуудал хэлэлцдэггүй. Энэ бол маш эмгэнэлтэй өөрчлөлт. Бүтэн тогтолцоог бүтлээр нь үгүй болгож болохгүй. Энэ хуулиа хэдэн жилийн хугацаанд хэрэглэх талаар ҮАБЗ дээрээ ярьж үзсэн үү. Нэг, хоёр жилийн хугацаанд хэрэглэх ч юм уу.

Ганцхан өдрийн дотор санаачлан яаран өргөн барьсан энэхүү хуулийг төсөл бие даасан, хараат бус шүүх эрх мэдлийг үгүй болгох аюултай шүү.

Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр: Үндсэн хуулийн бус аргаар булааж авах оролдлого болж байна гэж дүгнэж байна

Ямар агуулгатай хуулийн төсөл өргөн баригдаж вэ гэдгийг үзлээ. Товчхон хууль байна. Гол агуулга нь бүх шатны шүүгчийг, Авлигатай тэмцэх газар /АТГ/, Улсын ерөнхий прокурор/УЕП/-ын удирдлагыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-өөс зөвлөмж гаргавал чөлөөлж, огцруулж болдог байхаар хуулиудын нэмэлт өөрчлөлт хийхээр оруулж иржээ.

Энэ нь ердийн нэг албан тушаалтныг чөлөөлөх гэж байгаа юм уу гэдэг асуудлаасаа халиад  Үндсэн хуулийн бус аргаар хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл нь шүүх эрх мэдлээ гартаа оруулах, Үндсэн хуулийн бус эрх мэдэл хуваарилах зарчимд нийцэхгүй, төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар булааж авах оролдлого болж байна гэж дүгнэж байна.

Эх сурвалж:arslan.mn 

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин: 

Үндсэн хуулийн амин сүнс нь иргэний үндсэн эрх, эрх мэдэл хуваарилах зарчим байдаг. Болж  буй үйл явц эрх мэдэл хуваарилах зарчмыг Үндсэн хуулиас бодит байдлаар алга болгох тийм санаачилга гарлаа. Өмнө нь олон дахин хэлдэг байсан, ҮАБЗ бол Засгийн газартай өрсөлддөг Засгийн газар, УИХ-тай өрсөлддөг УИХ, шүүхтэй өрсөлддөг шүүх болж хувирах гэж байна. 

Үе үеийн Ерөнхийлөгч ҮАБЗ-өөр дамжуулж, өөрийнхөө  мэдлийг тэлэх оролдлогод саад учруулдаг байсан хүч нь  УИХ байсан. Үе үеийн УИХ Ерөнхийлөгчийн хаан болох дур зорго дээр тээг болдог байсан бол энэ удаа УИХ, УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийг хулгайлах боломжийг өгч,  парламентат ёсыг үгүй болгож гар хөл нь болж байна.

Энэ бол хамгийн том эмгэнэл. Өнөөдөр гэнэт ухаан орсон мэт дөрвөн жилийн өмнөөс эрүүдэн шүүдэг, хууль бусаар хүмүүсийг материал олж түүгээр дарамталдаг, эд хөрөнгийг дээрэмддэг энэ хуулийн байгууллагын үйл ажиллагааг таслан зогсоохын тулд хуулийн төсөл санаачилсан. Энэ бүх санаачилгыг эсэргүүцэж байсан хүмүүс өнөөдөр байр суурь нь өөрчлөгдсөн.

Эрүүдэн шүүх асуудлаар өмнөх парламентын үед маш их хэлэлцүүлэг өрнүүлж байсан ч МАН-ынхан алга ташаад зогсч байсан хүмүүс. Үндсэн хуулийг хулгайлах явцдаа олон хүний нус, нулимсаар тоглож хамгаалчихаад ардчиллыг үгүй хийхэд попорч байгаад харамсч байна. Дөрвөн жилийн өмнө эрүүдэн шүүх сандал Хятадаас авчраад улс даяар тарааж байсан, францаас хүн хулгайлж, эрүүдэн шүүж байгаад алж байсан хүмүүс өнөөдөр ухаарч байгаад баярлаж байна. Гэхдээ энэ ухаарал нь Үндсэн хууль, ардчиллыг нухчин дарж байгаад нь харамсч байна.

Эх сурвалж:news.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна