Г.Занданшатар: Хаврын чуулганаар товлосон асуудлуудаа амжилттай хэлэлцэн батална

2019/03/28
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталснаар УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг хааж үг хэлсэн юм. УИХ-ын даргын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурал ээлжит бус чуулганаараа хэлэлцэхээр товлосон асуудлуудаа амжилттай хэлэлцэн баталж, тавьсан зорилтоо бүрэн дүүрэн биелүүллээ.

Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаан шахуу хуваариар хуралдаж, эрхэм гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, ажлын хэсгийн гишүүд уртасгасан цагаар ажилласны үр дүнд ээлжит бус чуулган товлосон хугацаанаасаа өмнө өндөрлөж байна. 

Сэтгэл, зүтгэл гарган, цаг хугацааг чанд баримталж ажилласан Та бүхэндээ талархал илэрхийлье.

Ээлжит бус чуулганаар татварын шинэчлэлийг гүнзгийрүүлж, татварын багц хуулийг баталлаа. Татварын багц хууль Монгол Улсын бизнесийн орчин олон улсын тавцанд өрсөлдөхүйц байх, татварын хууль тогтоомжоо олон улсын татварын харилцааны нийтлэг жишигт нийцүүлэх, бизнес эрхлэгчдийн татвар төлөхтэй холбоотой зардлыг бууруулах, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, татварын бааз суурийг өргөжүүлэх, татвараас зайлсхийх, зугтаах явдлыг багасгахад чухал үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 

Татварын шинэ хуулиар жилийн 50 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж нэг удаа хялбаршуулсан журмаар тайлан гаргаж, 1 хувийн, 50-300 сая төгрөг хүртэл орлоготой бол жилд 2 удаа тайлан гаргаж, мөн 1 хувийн татвар төлөхөөр боллоо. Мөн жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүдийн төлсөн татварын 90 хувийг хөнгөлөх буюу буцаан олгоно. Үндсэндээ эдгээр аж ахуйн нэгж 1 хувийн татвартай болж байна гэсэн үг. 

Ингэснээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн татварын дарамт мэдэгдэхүйц багасаж, татвар төлөх, тайлагнахтай холбоотой зардал нь буурч, улмаар үйл ажиллагаагаа өргөтгөх, хөгжих боломж бий болж байгаа юм. Түүнчлэн аж ахуйн нэгжүүдэд 10 хувийн албан татвар ногдуулах орлогын дээд хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж 6 тэрбум төгрөг болголоо. 3-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах орлогод ногдох татварыг 15 хувиар буурууллаа. 

Улсын Их Хурал орон нутагт аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг дэмжих, одоо үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдэд учирч байгаа татварын ачааллыг багасгах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулсан. Энэ ч үүднээс Улаанбаатар хотоос 500 болон 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд үйл ажиллагаагаа явуулж, ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгж, хувь хүний орлогын албан татварыг 50 ба 90 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлэсэн. 

Татвар төлөгчдөө дэмжсэн, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулсан эдгээр хуулиуд иргэд, бизнес эрхлэгчдийн эрх ашигт бүрнээ нийцнэ гэдэгт эргэлзэхгүй байна. 

Баялаг бүтээгчид бол хөгжлийн хөдөлгүүр юм. Хөдөлгүүр гацаа саадгүй, жигд тасралтгүй ажиллаж байх ёстой. Ийм нөхцөлийг бүрдүүлэх нь хууль тогтоох байгууллагын, хууль тогтоогч бидний иргэд, баялаг бүтээгчдийн өмнө хүлээсэн эрхэм үүрэг мөн. Үүргээ сайн биелүүлэх нэг алхмыг эдгээр хуулиар бид хийж чадсан гэж бодож байна.    

Төр чанаргүй бараа худалдан авдаг гэсэн шүүмжлэл олон оныг элээсэн. Тендер шалгаруулалт нь албан тушаалтнуудын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах, авлига авах эх булаг болж байна гэсэн яриа тасрахаа больсон. Тендер тойрсон маргаан хугацаа хязгааргүй үргэлжилсээр байна. Ийм маргаанаас болж иргэнээ эмчлэн сувилах эмнэлэг, ирээдүйн эзэн бяцхан үрсийн минь эрдэм боловсролд суралцах сургууль, өсөн торниж, хүмүүжин төлөвших цэцэрлэгийн барилгын ажил төлөвлөсөн хугацаандаа эхэлж, ашиглалтад орж чадахгүй байгаа нь нэг ёсны эмгэнэл юм. Энэ арчаагүй байдлыг арилгаж, тендерийн хуудууг хуулийн хүрээнд хязгаарлах зорилготой Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурлаас баталлаа. 

Энэ хуулиар дотоодын үйлдвэрээс худалдан авах боломжтой барааг импортын бараанаас тусад нь багцлах, дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бол худалдан авах ажиллагаанд гадаадын этгээдийг оруулахыг хориглож, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд бодит дэмжлэг болохуйц эх оронч худалдан авалтыг дэмжих хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж өглөө. 

Эрхэм гишүүд ээ,

Алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 2.5 хувиар тогтоон мөрдүүлж байсан хуулийн зохицуулалтын дагаж мөрдөх хугацаа дуусгавар болсон. Түүнтэй холбоотойгоор алтны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд Улсын Их Хурлаас гарах шийдвэрийг хүлээж, Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурах, тэр нь валютын нөөц болон төгрөгийн ханш буурах сөрөг үр дагаварт хүргэх байдал үүсээд байсан. 

Тиймээс Улсын Их Хурал Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Энэхүү хуулиар алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь, нэмэлт төлбөрийн хувь хэмжээ 0 хувь байх юм. 

Хууль батлагдсанаар алт олборлогчдын үйл ажиллагаанд таагүй байдал үүсэх, тушаах алтны хэмжээ буурах сөрөг нөлөө гарахгүй гэж үзэж байна. 2018 оны дүнгээр 22 тонн буюу рекорд хэмжээний алт тушаасан амжилтаа ахиулж, Монголынхоо баялгийг Монголынхоо хөгжил, монгол хүнийхээ сайн сайхны төлөө зориулах үйлстээ их амжилт олохыг алтны салбарынханд хүсэн ерөөе.     

Ээлжит бус чуулганы явцад иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн 10,000 өрхийн орон сууц барьж, гэр хорооллын 100 га талбайг холимог ашиглалт бүхий нийтийн эзэмшлийн зам, талбай болон ногоон байгууламж болгох, Улаанбаатар-Дарханы чиглэлийн хатуу хучилттай автозамыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэхэд шаардагдах зээлийн болон санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр, хэлэлцээрүүдийг зөвшилцөж, энэ чиглэлээр хүлээгдэж байгаа ажлаа түргэтгэх боломжийг Засгийн газарт олголоо.

Цаашид иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах, бүтээн байгуулалтыг дэмжих аливаа асуудлыг эн тэргүүнд, хугацаа алдалгүй шийдвэрлэх зарчмыг Улсын Их Хурал чанд мөрдөх болно.

Ээлжит бус чуулганаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох Ерөнхийлөгчийн саналыг хуулийн дагуу зөвшилцөж, саналаа хүргүүллээ. 

Улсын Их Хурлаас албан тушаалтны томилгооны асуудлыг хэлэлцсэнтэй холбогдуулан аливаа томилгоо хийхийн өмнө нийтийн сонсгол заавал зохион байгуулж байх тухай санал, санаачилгыг зарим гишүүд гаргасан. Саналаа ажил хэрэг болгох талаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх эрх гишүүдэд нээлттэй байгаа гэдгийг сануулъя. 

Төрийг удирдах үйл хэрэгт иргэдийг оролцуулах, иргэний мэдэх эрхийг хангахад нийтийн сонсгол, зөвлөлдөх санал асуулга чухал ач холбогдолтой. Бидний зорьж буй парламентын шинэчлэлийн нэг үндсэн зорилго нь иргэдийн оролцоог хууль боловсруулах, хэлэлцэх, батлах үйл явцад хангахад оршиж байгаа билээ. Та бид “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй”, “Ардын ухаанаас төрийн ухаан төрнө” гэсэн онч мэргэн үг бийг санаж, сонгогч иргэдээ төлөөлөн төрийг түшиж яваа гэдгээ ямагт ухамсарлаж байх учиртай.   

Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

Ардчилсан Үндсэн хуулийн амин сүнс нь хүний эрхийг хангах явдал мөн. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл нь хүний эрхийг хамгаалахын тулд харилцан бие биедээ хяналт тавьж байх учиртай. Үүнийг Үндсэн хуулийн хяналт тэнцэл гэдэг. Ийм ч учраас үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж, монгол хүнйи амьд явах эрхэд халдаж байгаа аливаа үйлдлийг таслан зогсоож, хууль шүүхийн байгууллагад, цаашлаад төрд итгэх ард түмний итгэлийг сэргээх нь шударга ёсны төлөөх иргэдийн хүсэмжлэлд хариулт өгөх нэг үндсэн нөхцөл мөн гэж үзэж байна.

Монгол Улсын, монгол хүний язгуур эрх ашгийг зөрчиж байгаа хэнд ч, тэр тусмаа хууль, шүүхийн байгууллагын ажилтанд хуулийн хийгээд өөр ямар нэг хамгаалалт дархлаа байх ёсгүй гэж үзэж байна.

Хуулийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй байж, хууль зөрчсөн хэн ч хариуцлага хүлээдэг байх нь эрх зүйт төрийн мөн чанар билээ.       

Эрхэм гишүүд ээ,

Ээлжит бус чуулган өндөрлөж байгаа ч ээлжит чуулган хэдхэн хоногийн дараа эхэлнэ. Тиймээс чуулганы бэлтгэлийг сайтар хангахад өнөөдрөөс эхлэн онцгой анхаарах хэрэгтэй байна. 

Хэлэлцэн шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай олон чухал хуулиуд биднийг хүлээж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс эхлээд Улсын Их Хурлын болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Хөдөлмөрийн тухай, Өмгөөллийн тухай гэх мэт хуулиудын өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна. 

Төрийн алба, түүний дотор хууль тогтоох дээд байгууллагад эрх зүйн шинэчлэл хийх, сахилга хариуцлагыг бэхжүүлэх, шударга ёсыг тогтоох, зөвхөн хууль засагладаг, иргэнээ дээдэлсэн тогтолцоог хэлбэрэлтгүй төлөвшүүлэх зорилгодоо Та бид хамтын сэтгэл, хүчин чармайлтаар хүрч чадна гэдэгт итгэлтэй байна. 

Эцэст нь Улсын Их Хурлаас онцгойлон анхаарч, ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, баталсан хуулийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг хойш тавилгүй сайтар зохион байгуулахыг Засгийн газарт захиж хэлье. 

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өндөрлөснийг мэдэгдье.

 Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна