Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүд нэгдэж “Бие даан нэр дэвшигчдийн холбоо” нэрийн доор УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийг тодруулах Электорат хөдөлгөөнийг байгуулах шийдэлд хүрчээ.
Өнөөдөр энэхүү хөдөлгөөн байгуулагдсаныг олон нийтэд албан ёсоор зарлаж, хамтын тунхаг бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү хөдөлгөөн нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх субъект биш. Юуны өмнө 2020 оны УИХ-ын сонгуулийн 76 тойрогт өрсөлдөх бие даан нэр дэвшиж болохуйц хүмүүсийг олон түмнээр бүтэн жилийн турш хэлэлцүүлэх зорилготой юм. Улмаар бие даан нэр дэвшигчдийн дундаас олон түмний шалгуурт нийцсэн хэсгийг шалгаруулан дэмжих үүргийг Электорат хөдөлгөөн хүлээх юм байна.
Электорат хөдөлгөөний гишүүд нь, олон нийтэд танигдсан, нийгэм-улс төрийн талаар гайгүй ойлголттой, олны итгэлийг хүлээсэн хүмүүс төдийгүй өөрсдөө сонгуульд нэр дэвшихгүй гэж үзэж байна. Ингэснээр тодорхой тооны бие даан нэр дэвшигчдийн ард нь олон түмний итгэл найдварыг хүлээсэн, нэр хүндтэй хүмүүсийн сайн дурын эвсэл байх юм.
Шударга бие даагчдыг олон түмэнтэйгээ хамтран гаргаж ирснээр Монголын улс төрийн хямралыг даван туулах нэгэн боломж нээгдэнэ гэж үзэж байгаа юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна