Хуулийн байгууллагад хийж буй цэвэрлэгээ юу өгүүлнэ вэ

2019/04/02
МАНАН мафи амь тавихад ойрхон ирсэнийг улс төрийн бужигнаан гэрчилнэ. Хууль бус, булхай луйвар, хуйвалдаан гээд муу муухай бүхний оромж болсон МАНАН-гийн толгойлогчид үе үе сүржин мэдэгдэл хийж, хэдэн давхар хамгаалалт дунд нууцаар хуйвалдаж байгаа нь зул жаргахын өмнө бадамлаж буй нь тэмдэг гэлтэй . Учир нь УИХ-ын чуулганаар Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсанаар хугацаа зааж томилдог томоохон албан тушаалтнуудыг ҮАБЗ огцруулах боломжтой болсон. Хуулиас дээгүүр хэмээн оодорч явсан тэдний бамбай нь үгүй болж, балаг нь ил гарсан болохоор бажиг авахаас яалтай. 

Харин энэ эгзэгтэй цаг үед намаасаа, бүлгээсээ, Засгийн газраасаа МАНАН-гийн тавиулуудыг амжилттай хөөж чадсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ташуур улам чангарах хэрэгтэй байна. Авлига, албан тушаалын хэргүүдийг хав дардаг, хэрэгтэйг зохиож, хэрэггүйг нь цаашлуулдаг Ерөнхий прокурор, орлогч прокурорыг чөлөөллөө. Дээд шүүхийн Ерөнхий шүүгч ажлаа өглөө. Одоо нийгэмд хүлээлт үүсгэж, нийтийн сонирхлыг ихэд татсан хэргүүд эхнээсээ шалгагдаж эхэлнэ.

С.Зоригийн амь насыг хохироосон хэрэг, Эрдэнэтийн 49 хувийг ХХБ хууль зөрчин авсан, Эрдэнэтийн 51 хувийг Стандарт банкны зээлийн өрөнд барьцаалсан хэрэг, Тавантолгойн ордыг гадныханд олон жилээр өгөхийг завдсан улстөрчдийн, авсан эзэд, төрийн албыг арилжаалах 60 тэрбумын хэрэг, Салхитын ордод оролцсон шүүгчдийн авлигал гээд шалгах, шалгагдахын аль алинаас нь зориг зүрх, мөн чанар шаардагдана. 


У.Хүрэлсүх нэгэнтээ “МАНАН гэж байдаг юм. Заримдаа миний хүч хүрэхгүй байна. Надад сэтгэлийн хүч байна. Албан ёсоор мэдэгдэхэд 60 тэрбумын бичлэг бол үнэн. Тэр бол эвлүүлэг биш. Хэрэгжүүлсэн эсэхийг хууль хяналтын байгууллага шалгах байх. Би УИХ-ын дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Улаанбаатар хотын Засаг даргыг огцрохыг шаардсан. Үндсээр нь өөрчлөхөөс өөр аргагүй болсон. Би төрөө цэвэрлэх ёстой, намаа цэвэрлэх ёстой. Би энэ цэвэрлэгээг эхлүүлэхгүй бол өөр хэн чадах вэ. Хийж чадах хүн би мөнөөсөө мөн. Тиймээс Төрийн цэвэрлэгээ эхэлсэн гэдгийг албан ёсоор хэлье. Надад хүч тэнхээ, эрх зүйн орчин дутаж байгаа. Нөгөө яриад байгаа 30 гэр бүл, Эрдэнэтийн хөрөнгийг зарж баяжсан эдгээр хүмүүс амь тэмцэн зүтгэж байна. Би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн хүн. Би парламентын засаглалын дэмждэг. Гэхдээ бид парламентын засаглалыг боловсронгуй болгох цаг болсон. Бид 27 жил Үндсэн хуулиар амьдарсан. Гэхдээ амьдрал өөрчлөгдөж байна, өөрчлөх ёстой. Энэ бүхнийг мэдэрч, цаг алдалгүй энэ ажлыг эхлүүлэх ёстой. Миний тэмцэл цаашдаа улам хатуурах болно. Ардчилал ард түмнээ хамгаалах цаг болсон. Одоо л эр зориг гаргах ёстой. Зориг эс хүрвээс ухаан эс хүрнэ гэж үг бий” гэж байв.


Дөрөвхөн сарын өмнө ийн мэдэгдэж байснаа тэр өдгөө биелүүлж эхэлжээ. УИХ-ын даргаар Г.Занданшатарыг тавьж, Хотын даргад С.Амарсайханыг суулгав. Намдаа ч өөрийн байр сууриа бэхжүүлээд авсан. Үүнээс улбаалж МАНАН-гийн гэх тодотголтой гар хөлүүд төр болоод МАН-аас зайлагдаж буй. Тиймээс хууль хяналтынханд дунд бугшсан бузар булхайг илчлэх их аянд У.Хүрэлсүхийн хүч хэрэгтэй байна.

Хуулийн хүрээнд хууль бус ажиллагааг илрүүлэх ажилд тэр ташуур болмоор байна. ҮАБЗ-ийн шийдвэр гурван хүн санаа нэгдсэнээр гардаг зарчимтай. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлтийг У.Хүрэлсүх танхимын сайдаараа түлхүүлж, Ерөнхийлөгчөөр өргөн бариулж, УИХ-аараа батлуулсан. Өөрөөр хэлбэл далдуур ажилласан. Харин одоо ил тодоор үгээ хэлж, шүүх, хуулийн байгууллагаас шударга бус бүхнийг зайлуулах ажиллагааг ард түмэнтэйгээ цуг удирдаад эхэлбэл жинхэнээсээ Монгол МАНАН-гаас сална. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна