“…“Эрдэнэт үйлдвэр”-ийг битүүмжилнэ”

2019/04/03
“Эрдэнэт үйлдвэр” зэс, молибдений олборлолт, баяжуулалтаараа Азид томоохонд тооцогддог. Жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг. Тэр утгаараа, Монголын эдийн засгийн “саалийн үнээ” болсоор өнөөг хүрсэн юм.

Төсөв хүндрэх, төлбөр төлөх бүртээ өнөөх  ганц “саалийн үнээ”-гээ л шувтарна. Ингэж л социалист нийгмээс ардчилсан тогтолцоо руу “нүүсэн” Монгол Улсын шилжилтийн  хэмээх цаг үеийг давж ядаж буй юм, бид.

Гэтэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн эзэмшлийн асуудал сүүлийн жилүүдэд дуулиан шуугиан нэлээд тарьж байна. Ингэхээс ч аргагүй юм.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Оросын талын 49 хувийг Монгол Улсын “Монголын зэс корпораци” худалдаж авсан нь 2016 оны сонгуулийн өмнө олон нийтэд мэдэгдсэн. Энэ асуудал гурван жил шахам яригдаж байгаад өдгөө Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоож, тус үйлдвэрийг ТӨҮГ хэмээн зарлаад байна. Хууль хяналтын байгууллага ч хэрхэн, яаж худалдаж авсан талаар нь шалгалт шүүлэг явуулж эхлээд байгаа юм.

Тэгвэл Монгол Улсын өмчлөлийн 51 хувь бас асуудалтай. 2009 онд тухайн үеийн Ерөнхий сайд С.Баярын “байрны дүү”, жирийн нэг бизнесмэн, “Жаст” компанийн захирал Ш.Батхүү гэдэг хүн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалж байгаад 140 сая ам.доллар зээлчихсэн. Зээлээ төлөөгүй. 2013 онд энэ явдал ил болонгуут компаниа дампууруулж, өөрөө хуулийн байгууллага дээр явж очсон. Энэ хэргийг Монголын хууль хяналтын  байгууллага зургаа дахь жилдээ шалгаж байна.

Гэвч Ш.Батхүүгийн авсан зээлийн хүү нэмэгдсээр байгаа тухай тааруухан мэдээ бидэнд байнга сонсогдож буй.

Сүүлдээ Арбитраар баахан явсан. Манай Засгийн газар яллаа л гэдэг, ялагдлаа ч болдог. Яг үнэндээ ард түмэнд энэ талаарх бодит мэдээлэл байхгүй, хүрдэггүй юм.

Харин Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас нэгэн шаардлага бүхий албан бичиг хүлээж авсан тухай мэдээлэл бидэнд ирлээ.

“Стандарт” банкныхан манай Засгийн газрыг “…“Жаст”-ын Ш.Батхүүгийн авсан зээлийн 117 сая ам.долларыг тав хоногийн дотор төл. Эс тэгвээс “Эрдэнэт үйлдвэр”-ийг битүүмжилнэ” гэжээ.

Энэ асуудлаар Засгийн газрын гишүүд 2019 оны гуравдугаар сарын 31-ний ням гаригт хуралдсан байна. Ингэж хуралдаад ямар шийдвэр гаргасан талаар тодорхой мэдээлэл алга. Гэхдээ С.Баярын “байрны дүү”-гээс болж ийм өрөнд унасан Монголын Засгийн газар дэлхийд нэртэй, томоохон хуульчидтай хамтран ажиллаж байгаа гэж байна.

Гэтэл “Стандарт” банкны манай улсад өгсөн тав хоногийн хугацаа өнөө маргаашгүй дуусах гэж байдаг.

Тус банкинд өгөх 117 сая ам.доллар бидэнд бий юу.

Солонгосоос авах 500 сая, Америкаас ирэх 350 сая ам.доллараа шууд шилжүүлдэггүй л юм бол манай улсад ийм санхүүгийн боломж байхгүй гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Тийм ч биз.

Хамгийн гол нь Засгийн газар энэ бичгийг асар нууцалж, энэ талаар ямар нэг мэдээлэл өгөхийг хүсэхгүй байна.

Тиймээс Засгийн газрын онцгой дэглэмтэй байгаа “Эрдэнэт үйлдвэр”-ийг маань Өмнөд Африкийн “Стандарт” банк битүүмжилж магадгүй байна.

Нэг үгээр, бид энд “хөх”-ийг нь булаалдаж байтал тэндээс гадаадын банк “ам”-ыг нь барьчихаж мэдэхээр боллоо гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна