Гэр хорооллын иргэд эрхээ хамгаалан тэмцэж байна. Бололгүй яах вэ. Ардчилсан нийгмийн үнэт зүйл бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан зохион байгуулах юм. Гэвч хэн нэгний өдөөн турхиралтаар чухам ямар зорилго чиглэлтэйгээ мэдэхгүй жагсаж байгаа бол үүнийг хуулийн дагуу хориглох л ёстой.
Өдөөн турхиралт эцэстээ юу болон хувирдаг вэ гэдгийг бид 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр бүх нийтээрээ харсан шүү дээ.
Өнөөдрийн гэр хорооллын иргэдийн эсэргүүцлийн жагсаал нэг хүний зориудаар давтамжтайгаар зохион байгуулдаг зуршил юм уу гэж харагдаад байна.
Тодруулбал, гэр хорооллын иргэдийн эрх ашгийг Улсын Баатар, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл удирдан зохион байгуулж байна.
Э.Бат-Үүлд гэр хорооллын иргэдийн эрх ашиг ямар хамаатай юм бэ. Тэр тусмаа хүү Б.Чулуудайтайгаа нийлж гэр хорооллыг дахин төлөвлөх нэрийдлээр олон өрхийг гудамжинд гаргасан хүн тэдний эрх ашгийг хамгаална гэхээр нэг л худлаа санагдаад байгаа юм.
Тэр тусмаа энэ асуудлаар хуулийн байгууллагын шалгалт орж, аав, хүү хоёр дээл нөмөрчихөж мэдэхээр нөхцөл байдал үүсчихээд байгаа энэ цаг үед шүү дээ.
29 жилийн өмнө жагсаж байсан Э.Бат-Үүл өнөөдрийн жагсаал зохион байгуулж буй Улсын Баатар хоёрын хооронд асар том ялгаа бий.
Заримдаа “Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр” гэдэг үг л Э.Бат-Үүлийг харахаар санаанд орж ирээд байх юм. Тэр “Гэр хорооллыг дахин төлөвлөх” төслийг эхлүүлсэн нь үнэн.
Хүү нь их хэмжээний мөнгө шамшигдуулсан тухай асуудал хуулийн байгууллагад шалгагдаж байгаа.
Гэр хорооллын хашаа байшингаа орон сууцаар солино гэж итгэсэн иргэд Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудайн "Грийнланд" компанид хулхидуулсан гэх мэдээлэл хэвлэлээр дүүрэн бий.
Тэгэхээр өнөөдөр жагсаж байгаа хүмүүс нийслэлээс бус харин зохион байгуулагчаасаа шаардаж буй асуудлаа асуучихмаар л байгаа юм.
Гэвч жагсагчид дунд ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс багагүй харагдаж байна. Тухайлбал “Гэр хороолол хөдөлгөөн”-ий Ерөнхий зохицуулагч Я.Мөнгөнцэцэг нь Э.Бат-Үүлийг хотын дарга байхад хэвлэлийн албанд нь ажиллаж байсан хүн. Тэгэхээр жагсаал анхнаасаа л ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохоор байгаа биз.
Түүнээс гадна энэ жагсаалын бүр цаад учир шалтгаан нь иргэдийн анхаарлыг сарниулах зорилготой байж мэдэхээр. Учир нь С.Зоригийн аллагатай холбоотой асуудал, синсица дэгдэх бүрт Э.Бат-Үүл нэг иймэрхүү өнгө аястай жагсаал зохион байгуулаад байгааг анзаарч болохоор байна. Ер нь үүл яагаад гэнэт хуралдав гэдэг шалтгааныг олох ёстой л доо.
Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор цагдан хорьж байсан. Мөн гэрчээр, яллагдагчаар, сэжигтнээр хүртэл татаж байсан гэхээр нөхөр энэ хэрэгтэй ямар нэгэн хамааралтай байх гэсэн хардлагыг төрүүлж байна.
Харин улс төрийн тогоонд олон жил чанагдсан болохоороо ч тэр үү мань хүн олон нийтийн анхаарлыг өөр тийш нь чиглүүлэх санаатай өөрийнхөө хутгасан гэр хороолол төслийнхөө хохирогчдоор шоу хийгээд явна уу даа. Гэхдээ үнэн үргэлж ялдаг. Хуулийнхан түүний болоод хүүгийнх нь холбогдсон хэргүүдийг илчлээд гаргаад ирэх байлгүй дээ.
А.Аюуш
Сэтгэгдэл бичигдээгүй байна