ЖДҮ-д нэр холбогдсон Л.Энх-Амгалан “төмсчин хүүг” дэмжсэн гэв

2019/04/04
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ЖДҮ сангаас зээл авсан гэх мэдээлэл өчигдөр цацагдсан билээ. Тэгвэл тэрээр эл мэдээллийг няцаажээ. Тодруулбал, тойргоос нь ЖДҮ-гээс зээл авах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл ирүүлж, дэмжихийг хүссэнийг нь ёсоор болгон, ЖДҮХС-д хандсан ба төсөл нь дэмжлэг авч 200 сая төгрөгийн санхүүжилт авсан болохыг тодотгожээ.

Тэрбээр энэ тухай “Өнөөдрийн Өдрийн сонины дугаарт ЖДҮ-д холбогдсон гэх 49 гишүүний нэрийг зарлажээ. Миний нэр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төмсчин хүүтэй нэр холбогдсон бололтой. Үнэн нь энэ хүү миний нэр дээр өргөдөл өгч, төмсний үрийн агуулах барих, төмс тариалах төслөө ЖДҮ санд өгөхөөр шийдсэнээ бичээд, албан бичгээр дэмжихийг хүссэн юм. Би дэмжсэн бичиг явуулсан. Төмсчин хүүгийн төсөл 200 сая төгрөгөөр дэмжигдсэн нь нүдээ олсон. Гэвч чи ЖДҮ-гээс яагаад зээл авсан юм бэ, намайг нэр оролцууллаа гэж би тэр хүүгийн урмыг хугалах ёсгүй.

Юм хийж бүтээе гэсэн залуу хүнд урам хэрэгтэй. Ямар алт ухах гэж байгаа биш, төмс тарья гэж байгаа тооцоо судалгаатай төмсчин хүү буруугүй ээ. Энэ тухай АТГ-аас надад мэдэгдэж, мэдүүлэг авав. Би яаж ЖДҮ-гээс айж бүхэл бүтэн хүнийг танихгүй, мэдэхгүй гэж хэлэх юм бэ. Үнэнийг л өчив. Намар болно. Аймгийн төвийн хэрэглэгчид монгол төмсөө иднэ. Сумын хэдэн хүн ажилтай орлоготой болно. Энэ л чухал. Харин төмсчин хүүгийн авсан 200 сая төгрөгийн зээлээс би нэг төгрөгийн ашиг харахааргүй амьдралаа босгож, бизнесийн салбарт олон зуун залуусын ажлын байр бий болгож явсан гэдгийг түмэн мэдэх хойно илүү юу хэлэх вэ дээ. За тэгээд төмс ургадгаараа ургаж, би залуусаа дэмждэгээрээ дэмжинэ. Хувийн ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхол хоёрын дунд асар том орон зай бий. Түүнийг олж харж чаддаггүй АТГ-д талархал илэрхийлье. Нэр хугарахаар яс хугар. Төмсчин хүүд амжилт хүсье” гэжээ.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна