УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэрэг хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийн үеэр, “Хуучин төслөөр гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолно. Яллагдагчаар татсанаар гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг зогсооно гэж байсан. Харин өөрчилсөн байдлаар гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарч, хүчин төгөлдөр болсноор зогсоно гэж заасан. Яагаад ингэж өөрчилсөн бэ гэхээр тухайн үед хүнийг удаан хугацаагаар яллагдагчаар татаад хорьж мөрддөг. Бүх насаараа шахуу яллагдагчаар татагдаад хөөн хэлэлцэх хугацаа нь хуулийн байгууллагад очоод зогсчихдог учраас энэ хөөн хэлэлцэх хугацаанд нь бариулж, мөрдөх ажиллагааг нь яаравчлуулж явуулахгүй бол одоогийн орж ирсэнээр хорьж мөрдөх хугацаа бол 24 сар хугацаа хэртэй боловч Ерөнхий прокурорын шийдвэрээр цаашаа хугацаагүй хорих заалтууд байгаа.
Мөн 2002 оны болон 1986 оны Эрүүгийн хуулинд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн өөрчлөлт байсан юм. 2008 онд үүнийг өөрчилсөнөөс болоод 10000 гаруй хэрэг түдгэлзсэн байгаа. Хэрэг түдгэлзэнгүүт хөөн хэлэлцэх хугацаа зогссонтой холбоотой хэргийн оролцогчдын хэн нэгэн алга болох, оргон зайлах, гадаад дотоодоос авах тайлбар авах мэдүүлэгтэй холбоотойгоор хэргийн сэжигтэн насаараа яллагдагчаар татагдах нөхцөл байдалд орсон. 10000 гаруй хэрэг гэдэг бол үүний цаана хамгийн багадаа 10000 гаруй хүн байна гэсэн үг. Үүнийг хүний эрх талаас нь харж, дээрдүүлэх зорилгоор хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн байдаг.
Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байцаагч нарын хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгосонтой холбоотой хөөн хэлэлцэх хугацааны асуудал их яригдаж байна. Тэдний нэг нь надтай нэг төгсөлтийнх. УИХ-ын Тамгын газрын даргын албан тушаалыг өгч авалцаж байгаа хүмүүс ч, дэд сайд асан Б.Энхбаяр ч манай төгсөлтийнх. Одоогийн дэд сайд Б.Элбэгсайхан ч манай төгсөлтийнх. Надтай төгссөн 130 гаруй хүмүүсийг хэрэг төвөгт орооцолдвол ард нь Раднаасэд байна гэвэл утгагүй. Мөн тэр Аззаяа гэж хүн намайг даргаар очиход л МХЕГ-т ажилладаг байсан. Намайг харлуулах зүйлийг хүний өөрийнгүй хийж байна. Манай намаас ч, нөгөө талаас ч хийж байгаа” хэмээн мэдэгдлээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна