Б.Баярбаатар: Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшихээр бэлтгэл хангагдсан байсан

2019/05/28
МАН-аас өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбогдуулан мэдээлэл хийлээ.

МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар “Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль зохион байгуулах товыг өнгөрөгч хоёрдугаар сарын 02-нд товлосон. Энэ цаг үеэс эхлэн МАН нөхөн сонгуульд оролцох бэлтгэлээ хангаж ажилласан.

Хуульд заасан хугацаанд манай нам Сонгуулийн Ерөнхий хороонд холбогдох баримт бичгийг бүрдүүлэн, нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлсэн. Мөн хөндлөнгийн байгууллагын судалгаа хийгдэж, тус тойрогт МАН-аас нэр дэвших боломжтой хүмүүсээ жагсааж бэлтгэлээ ханган ажилласан. Гэсэн хэдий ч ҮХЦ-ээс өчигдөр шийдвэр гарч, тус нөхөн сонгуулийг түдгэлзүүллээ. Энэ цаг мөчид манай ээлжит тавдугаар Бага хурал хуралдаж, Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчээ тодруулахаар төлөвлөж байлаа.

Өнөөдрийг хүртэл манай нам бэлтгэл ажлаа сайтар хангаж ажилласан. Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болдгоороо болсон бол МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшихээр бэлтгэл хангагдсан байсан. Нөхөн сонгууль нь 2020 оны УИХ-ын сонгуулийн үнэлэмжийг тодорхойлох, ялалтын эхлэл болох ийм сонгууль байх байлаа. МАН Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Агуулга биш, тоо хөөсөн шийдвэр гарлаа гэж дүгнэж байна.

АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр хэвлэлд өгсөн мэдээлэлдээ эрх баригч намын захиалгаар Үндсэн хуулийн цэц  шийдвэр гаргалаа гэж хэлсэн. Үүнд МАН-ын нийт гишүүдийн өмнөөс би харамсаж байна. Харин эсрэгээрээ нөхөн сонгуулийг явуулахгүй байх бодлогыг  АН-ын дарга С.Эрдэнэ өөрөө барьж байсан. АН-ын залуус намын даргаа огцруулах  15 үндэслэл  бүхий шаардлагыг өгсөн. Өнөөдөр энэ сонгуулийн ялагдал  нь АН-ын даргад хариуцлага тооцох асуудал үүсэх байсан учраас ялагдахаас айсандаа нөхөн сонгуулийг болгохгүй байх арга хэмжээг эсрэгээрээ АН зохион байгуулсан.  Энэ талаар бид тодорхой мэдээлэлтэй байсан. Улс төрийн хийрхэл хэрээс хэтэрлээ" гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна