Жижиг 76-чид буюу "Манжийн хүргэчүүл"

2019/06/18
Монгол Манж хоёр түүхэндээ нэг ч удаа халз дайн хийгээгүй, дандаа л аль нэгэн Монгол Манжийг хөтлөн ирж, нөгөө Монголоо хөнөөж байв. Лигдэн хаан, Цогт тайжаас Галдан хаанаар дамжин Амарсанаагийн үе хүртэл зурагдсан пянз шиг дахин давтан тохиолдож байсан харамсалтай түүх.

Өөрөөр хэлбэл, Монголчууд Манжид ялагдаагүй, харин өөрсдийнхөө атгаг, аминч шунахай, өчүүхэн занд, өөрсдөдөө ялагдаж, нэг бүрчлэн Манжийн боол болж, санаа амарцгаасан юм.

Манжууд анхнаасаа л Монголчуудыг хүчээр биш арга эв, эд мөнгө, цол шагналаар татах, эрх мэдэл, зэрэг дэвийг харамгүй жижиглэн тараах бодлого тун тэвчээртэй, тууштай явуулж байжээ. Энэ арга Монголчуудад гайхалтай тохирч, Манжууд санасан үр дүндээ хүрснийг түүнээс хойших түүх тод харуулна. Халхын гурван аймаг байсан нь 1725 онд Сайн ноён хан аймгийг нэмж байгуулснаар дөрөв болж, долоон отог байсныг эвдэн 1691 онд 36 хошуу, 1760 он гэхэд бүр жижгирч 86 хошуу болсон байв.

Чингис хааны тогтоож байсан, Монголчуудыг хүчирхэг болгосон зарчмуудын яг эсрэг үйлдлийг Манжууд Монголд хэрэгжүүлж, Монголчуудын сул тал дээр тоглов. Чингис хаан өөрийн нэрээс гадна элдэв цол гуншин, илүү чимэг авахыг хаад ноёдод хориглодог байсан. Ноёд, төрийн түшмэдийг угсаа гарлаар нь биш эрдэм, ур чадвараар дэвшүүлдэг зарчимтай байсан. Овог аймгуудыг хооронд нь хольж нийлүүлэн нэгэн цул үндэстэн, ижилсэл овог аймгийн үеэ өнгөрөөсөн бүтцийг эвдсэн.

Гэтэл Манжууд Монголыг жижиг овог аймгуудад ширхэглэн хуваасаар үй түмэн жалга довны тайж ноёдтой болгосон. Отго жинстэй, уртаас урт цол чимэгтэй, гавьяа шагналд автаж, авлига өгөн хэргэм зэрэг горилон уралдсан жижиг ноёд, тайж нарын бэртэгчин зузаан давхаргыг бүрэлдүүлэв. Ноёдыг мэдлэг чадварыг үл харгалзан зөвхөн Манжийн талд зүтгэснээр нь үнэлж, засаг ноён шагнаж, үр хүүхдүүд нь ямар ч шалгуургүйгээр угсаа залгамжлах эрх олгож байв. Манжуудад Монгол ноёд чадвартай байна уу, сул дорой байна уу хамаагүй, харин ч ноёд нь зусарч, сул, өчүүхэн байх тусмаа удирдахад амар бөлгөө. Монгол ноёдын үе шувтарч, манж эфү хүргэчүүлийн үе эхэлснээр Монголыг танигдахгүй болтол доройтуулсан юм.

Яг энэ Монгол нэгдсэн төрийг устгаж, жижиглэн хуваах Манж хүргэчүүлийн засаглал 1990 оноос хойш эргэн сэргэж хүчээ авсан. Энэ хүчийг авахад улс төрийн өчүүхэн жижиг зорилгоор жалга довны үзлийг дэвэргэгч жижиг улс төрчид онцгой гавьяа гүйцэтгэсэн, одоо ч үргэлжлүүлэн зүтгэсээр байна.

Улсыг жижиг 76 тойрогт өөрсдийн дураар хувааж, төрөөс зувчуулсан мөнгөөрөө иргэдийг хуурч, ойр зуур асуудлаар додомдож, тойрогтоо эзэн сууж, сонгогдох ээлжээ хүлээдэг энэ хэвшил удтал тогтож байгаагаас Монгол Улс ямар ч нэгдсэн эрх ашиггүй, төргүй болж, эд мөнгөөр баяживч улс иргэд нь улам доройтон сульдаж байгаа юм. Шинэ цагийн “манж хүргэчүүдэд” Монгол Улсын эрх ашиг, ирээдүй хойч огт хамаагүй, зөвхөн өөрсдөө сонгогдож байвал боллоо, тойргоо “услах”, иргэдийг хуурах мөнгийг бол 60 тэрбум, ЖДҮ аргаар төсвөөс хялбархан олчихно. Тойрогтоо нэгэнт сууж эзэлсэн бол ямар ч авлигач хулгайч, луйварчин дахин дахин сонгогдох боломжтой. Энэ тогтолцоог хадгалахын тулд улс төрийн нэгдэл болсон намаа устгаж, нэр хүндийг нь унагаж, намын жагсаалт, холимог тогтолцоог янз бүрийн аргаар үгүйсгэж, үүндээ иргэдийг хууран ашигладаг. Үүнийг нь нэртэй төртэй хүмүүс ч андууран дэмжиж, улсаа нураах үйлсэд хуруу нэмэрлэж суух нь туйлын харамсалтай.

Товчхондоо, жижиг 76 тойргийг улайран дэмжиж, элдэв үндэслэл хэлж хамгаалагч, түүнээс ашиг хүртэхийг хүсэгчид бол шинэ цагийг манж-хятад бодлогыг тээгч, залгамжлагчид мөн.

Бээжингээс цалин пүнлүү отго жинс авч, зусардан бялдуучилж, өөрсдийн цөөн хэдэн албатаа жалгандаа хашин, ядуу зүдүү байлгаж, есөн эрүү тулгаж, хятад наймаачдын хүүлэлтэд барьж өгдөг жижиг ноёдоос ямар ч ялгаагүй. Тэд аль хэдийн бүтэхгүйгээ харуулж буй энэ жижиг мажоритар тогтолцоог өөрчлөхийг хүсэхгүй байгаа нь нэг Монголыг хүсэхгүй, Монголчууд дотроо учраа олж, төрөө цэгцлэхийн эсрэг байгаагийн илрэл.

Тэгэхээр, олон зүйл ярихын өмнө Монголчууд манжийн бодлогын залгамж болчхоод байгаа, улсын хөгжлийн ирээдүйг гацааж, Монголыг хэсэгчлэн эвдэж буй сонгуулийн жижиг 76 тойргийн тогтолцооноос аль болох хурдан зайлсхийх ёстой. Жижиг 76-д найдагч манжийн халаа жижиг улс төрчдийг Монгол төрөөсөө зайлуулах ёстой. Манж тогтолцоог халж байж, “манж хүргэчүүлээс” салж байж л Монголчууд Монгол болно. “Манж” нараас тусгаарласан цагт Монголын ямар ч асуудал асуудал биш болно оо.

Б.Найдалаа
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна