33 нам буюу 100 мянган хүн тутамд нэг нам

4 цаг 53 минутын өмнө
 

Монгол Улсад борооны дараах мөөг шиг олширч буй байгууллагын нэг нь улс төрийн нам болоод байна. Одоогийн байдлаар Улсын дээд шүүхэд 33 нам бүртгүүлж үйл ажиллагаа явуулах эрхээ баталгаажуулаад байна. Уржигдар л гэхэд Улсын дээд шүүх Н.Жамсран нарын иргэдийн Монгол шинэчлэлт намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцсэн. Улмаар хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж үзэн тус намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн юм. Ингэснээр Монгол шинэчлэлт нам нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон. Монгол шинэчлэлт нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 33 дахь нам болж байна. Өөрөөр хэлбэл, 3.2 сая хүн амтай Монголд Улсад 100 мянган хүн тутамд нэг ногдохоор боллоо.

УИХ-ын сонгууль бүрийн өмнө улс төрийн намууд шинээр байгуулагдах үзэгдэл их. Үүний дагуу шинэ намууд “төрсөөр” байна. 2020 оны сонгууль хүртэл Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намын тоо хэд хүрэхийг таашгүй. Одоогийн энэ процессынхоо дагуу нэмэгдсээр байвал лав л 40 хүрэх бололтой. Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүсэлт гаргасан ч бүрдүүлэх материал дутуу гэдэг үндэслэлээр түр буцаагдсан намууд бий. Тухайлбал, Үйлдвэрчний эв нэгдэл нам, Монголын төв нам, Капиталист нам зэрэг намуудыг Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Эдгээр нам 2020 оны сонгуулиас өмнө баримт, материалуудаа бүрдүүлэн Улсын дээд шүүхэд бүртгүүлэх нь ойлгомжтой. Үүний цаана Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлт гаргаагүй ч Улсын бүртгэлийн ерөнхий газраас нэрээ авч баталгаажуулсан 200 гаруй нам бий.

Одоогийн байдлаар дараах 33 нам Улсын дээд шүүхэд бүртгүүлээд байна.

1. Монгол ардын нам
2. Ардчилсан нам
3. Монголын ногоон нам
4. Иргэний зориг ногоон нам
5. Монголын уламжлалын нэгдсэн нам
6. Монгол либерал ардчилсан нам
7. Эх орон нам
8. Монголын либерал нам
9. Бүгд найрамдах нам
10. Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам
11. Монголын социал демократ нам
12. Ард түмний нам
13. Монгол үндэсний ардчилсан нам
14. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
15. Иргэний хөдөлгөөний нам
16. Хөгжлийн хөтөлбөрийн нам
17. Монголын ардчилсан хөдөлгөөний нам
18. Монгол ардын хувьсгалт нам
19. Хамуг Монголын хөдөлмөрийн нам
20. Хөдөлмөрийн үндэсний нам
21. Эх орончдын нэгдсэн нам
22. Монгол консерватив нам
23. Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам
24. Ард түмнээ хайрлая нам
25. Монголын хүний төлөө нам
26. Үнэн ба зөв нам
27. Зон олны нам
28. Дэлхийн монголчууд нам
29. Ард түмний олонхийн засаглал нам
30. Их эв нам
31. Гэр хороолол хөгжлийн нам
32. Миний Монгол нам

33. Монгол шинэчлэлт нам
Эх сурвалж: http://eagle.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна