Христийн ардчилсан нам парламентад ороод ирвэл хэлэх үг байгаа юу, Занданшатар аа?

2019/07/23
Ядуу тарчиг оронд хувалз шиг шигдэн үрждэг шашны урсгалууд баруун аймгуудад дэлгэрэх янзтай. Говь-Алтай, Ховдод Баптист чуулганы сүм хэмээгч байгуулагдан, байшин сав худалдан аваад баараггүй буурь сууриа бэхжүүлсэн байна. Алтайн Баптист сүм төрж өссөн байшингийн маань хажууханд байх юм. Гаднаа илтгэлийн болон хоолны цагийн хуваарь гаргаж хаджээ. Цэмцийсэн тохижилттой, цэлийтэл үүдээ дэлгэчихэж. Хэзээ ч юм, Монголын христийн ардчилсан нам, Баптист нам, Мусульманы ардчилсан намууд УИХ-д суудал авах боломжийг эдүгээ яригдаж буй Үндсэн хуулийн өөрчлөлт авчирч байгаа гэдгийг та бодож үзсэн үү? Дарга нар нь номлогчид байх болно. Үндсэн хуулийн эх баригч Д.Лүдээжанцан ахайн өргөн барьж, УИХ-ын дарга Г.Занданшатарын дэмжиж буй төсөлд сонгуулийн томсгосон тойргийг дэмжсэн. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын төсөлд холимог тогтолцооны талаар өгүүлсэн. Хоёр төсөлд буй томоохон ялгаануудын талаар тогтож хэлэлцвэл илүү өгөөжтэй санагдаж байна.

Томсгосон тойргийн хортой тал нь намууд жижгэрдэг. Жижгэрэхээс ч аргагүй болно. Сонгуульд нэр дэвшигчдийн нэрс гэж ном шиг зузаан юмыг хэн унших вэ дээ гэж ирээд л манайхан нэлээн шуугисан. Үүнийг уншиж, саналаа дугуйлах арга нь өөрөө улс төрийн намуудыг хүссэн, хүсээгүй жижиглэдэг. Хотгойдын нам, Зүүнгарын нам, Бурхан халдуны нам, Дөчин мянгатын нам, УВС нам, Дарьгангын нам...өө энэ юу ч биш, Мүүнд итгэгчдийн нам гэхчлэн жалга дов, үзэл баримтлал, дагагчдынхаа итгэл үнэмшлээр нэршиж байж нэр дэвшигчид тодорхой дэмжлэг авч, парламентад суудалтай болохоос аргагүйд тулна. Томсгосон тойргийн 10 жилийн дараа авчрах хор уршиг нь энэ юм. Дээр нь парламентад гуравхан бус, багаар бодоход 10-аад нам орж ирнэ. За нөгөө мөрөөдөөд байгаа Засгийн газрын тогтвортой байдал чинь будаа...Мусульманы нам Христийн ардчилсан намтай хуйвалдаад л МАХН, МАН хоёрыг чинь давхраар нь унагаагаад арччихна. Яахав, томсгосон тойргийн буянаар намын даргын эрх мэдэл суга өсч, сунаж харайна. Гэвч энүүхэн өрмийг нь олж хараад, гашилж байгаа сүү, гарах хор уршгийг нь тооцохгүй байж боломгүй. Эдүгээ мөрдөж буй жижиг тойрогт ч бас алдаа бий. Үүнийг бид хангалттай амсаж буй. Улс орны хүрээнд бус, сум аймаг орон нутгийн асуудлууддаа бүдэчсээр, сонгогчдоо тойлсоор дуусдаг. Яг ийм тохиолдолд Х.Баттулгын санал болгож буй холимог тогтолцоог дэмжихээс аргагүй.

Парламентийн гишүүдийн талыг нь ард түмнээс сонгодог. Талыг нь намын жагсаалтаар оруулж ирдэг энэ хувилбар манайд 2012 онд нэг л удаа хэрэгжсэн. Сонгогчдоос тогтмол 10 орчим хувийн санал бүх шатны сонгуульд авдаг МАХН гэхэд одоо парламентад суудалгүй байгаа. Нөгөө тэдэнд саналаа үнэнчээр өгдөг сонгогчдын 10-аад хувь парламентад төлөөлөлгүй хаягдсан гэсэн үг. Холимог тогтолцоотой болчихвол МАХН жагсаалтаар УИХ-д хэд гурван төлөөлөлтэй болж, тэднийг дэмждэг сонгогчид ч өөрсдийнх нь асуудлыг төрийн төвшинд ярих хүнтэй болох юм. Улс төрийн бусад жижиг гэгддэг Буян Жагаагийн БНН, С.Оюуны ИЗН...гэхчлэн Монголын улс төрд байх ёстой, дуу хоолойг нь сонсох учиртай намуудад боломж олдоно. Парламент илүү ардчилсан болно. Тиймээс би Баттулгын дэвшүүлж буй сонгуулийн холимог тогтолцоог дэмжинэ. Мэдээж Баттулгын төсөлд муу тал ч бас бий. Лүндээжанцан Занданшатар нарын хувилбарт ч сайн, муу талууд бий.

Ямартай ч Монголын парламентад Христийн ардчилсан нам ороод ирэхэд хэлэх үгээ бэлдсэн үү, цаашдаа хэрхэн хянахаа ойлгож байгаа юу гэж Занданшатараас асуумаар байна! За одоо тэгээд буугаад мордох, сонгогдоод огцрох энэ хэдэн дарга нартайгаа хуйвалдлаа, худалдагдлаа гэлцээд байв. Баттулгын төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гээд тэнэг юмс байгаа. Нэг дор олон юм хүлээж авч чаддаггүй өнөөгийн уншигчдад зориулаад нэг нэгээр нь асуудлуудаа салгаж бичих гээд уншаад, ухаад л байгаа шүү. Ингэж тайлбар тавих ч гэж дээ....аль эрт бид чинь жалгандаа унадагаа уначихсан бус уу, Занданшатар минь дээ.

Нийтлэлч Р.Эмүжин
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна