АНУ-ын Батлан хамгаалахын сайд, ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд нарын айлчлал эхэлнэ

2019/08/08

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Т.Эспер болон ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд Александр Васильевич Фомин
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Т.Эспер болон ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд Александр Васильевич Фомин нарын Монгол улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ.

АНУ-ын Батлан хамгаалахын сайдаар томилдогдоод удаагүй Марк Т.Эсперийн хувьд гадаад айлчлалаа Азийн орнуудаас эхэлж байгаагийн нэг нь Монгол Улс болж байна. Тэрээр айлчлалын хүрээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзахаас гадна Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхана. Мөн нэг өдөр айлчилж буй ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа генерал А.В.Фомин Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдоржтой уулзана.

АНУ-ын Батлан хамгаалахын 27 дахь сайд Марк Т.Эспер нь энэ оны долоодугаар сарын 23-нд тангараг өргөсөн. Тэрээр 1986 онд АНУ-ын Цэргийн академийг дүүргэсэн, цэргийн жинхэнэ албанд 10, Үндэсний гварди болон бэлтгэл офицероор 11 жил үүрэг гүйцэтгэжээ.

Сенатын гадаад харилцааны ахлах мэргэжилтэн, Төлөөлөгчдийн танхимын Цэрэг, зэвсэгийн байнгын хорооны улстөрийн захирал, Пентагоны Хэлэлцээрийн бодлого хариуцсан Батлан хамгаалахын дэд сайдын орлогч зэрэг албан тушаал хашиж байжээ.

ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа генерал А.В.Фомин нь энэ албан тушаалд 2017 онд томилогдсон. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар олон улсын цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагааг хариуцан ажиллаж байна.

Эх сурвалж: Батлан Хамгаалахын Яам


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна