Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг нар байлцав.
Уулзалтаар хоёр улсын харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Элчин сайд Филип Малон “Манай хоёр орны харилцаа олон жилийн турш тогтвортой явагдаж байгаад таатай байна. Улаанбаатар хот өргөжиж хөгжихийн хэрээр дэлхийн томоохон хотуудын адил олон асуудлуудтай тулгарч байна. Лондон хот мөн адил олон саад бэрхшээлтэй тулгардаг. Манай улс эрчим хүчний 20 гаруй хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авдаг. Монгол Улсын хувьд түүхий нүүрс хэрэглэснээр нүүрсхүчлийн хийг агаарт ихээр ялгаруулдаг. Үүнийг багасгахын тулд сэргээгдэх эрчим хүч, нэн ялангуяа нар, салхины нөөцөө ашиглах нь чухал. Монголын хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг. Манай улсад олон монгол залуус суралцаж дээд боловсрол эзэмшиж байгаа нь сайшаалтай хэрэг. Тэр дундаа ихэнх залуучууд тэтгэлгээр суралцдаг нь магтууштай. Монголд англи хэл ихээхэн түгээмэл болж суралцагчдын тоо нэмэгдэж байна. Улаанбаатар хот Лийдс хоттой харилцаа тогтоож байсан. Цаашид хамтын ажиллагаа сайжирна гэж найдаж байна. Ингэснээр бид харилцан туршлага солилцож, соёлын харилцааг нэмэгдүүлэх боломжтой. Ирэх онд Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа эхлүүлснээр нислэгийн тоо нэмэгдэж жуулчид олноор Монгол Улстай танилцах боломжтой болж байгаад таатай байна” хэмээв.
Хотын захирагч С.Амарсайхан “Монгол, Британийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт, ялангуяа улс төр, эдийн засаг, байгаль орчинд, тэр дундаа соёл, боловсролын салбарт идэвхтэй өрнөж байна. Улаанбаатар хотод олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа энэ үед боловсон хүчний асуудал тулгамддаг. Монголын олон залуучууд танай улсад суралцаж боловсрол эзэмшиж байгаад таатай байна. Бид агаарын бохирдол, хот төлөвлөлт, замын түгжрэл, орон сууцны төслүүд дээр анхааран ажиллаж байна. Хот өргөжиж тэлэхийн хэрээр төвийн шугамд холбогдоогүй айлуудын тоо ихэсч агаарын бохирдол улам бүр нэмэгдэж байгаа энэ үед Засгийн газрын тогтоолоор нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглон гэр хорооллын айл өрхөд сайжруулсан шахмал түлш хэрэглүүлэхээр ажиллаж байна. Агаарын бохирдлыг бууруулахын тулд иргэн бүрийн оролцоо, хичээл зүтгэл чухал. Бид боломжийн үнээр сайжруулсан шахмал түлшийг борлуулалтын цэгүүдээр түгээх юм” хэмээн онцоллоо. Түүнчлэн тэрбээр боловсрол, эрүүл мэндийн салбарт иргэн бүрт төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, боловсрол, эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхлэх барилга байгууламжийг нэмж барих тал дээр нийслэлээс анхаарч ажиллаж байгааг дуулгаад, нийслэлийн иргэд байнгын тогтмол орлоготой байх нь чухал учраас эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, мөн аялал жуулчлалыг хөгжүүлж ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч байна гэдгээ уламжилсан юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна