Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, “1992 онд Үндсэн хууль батлагдах үед Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, олон улсын харилцаа, гадаад худалдааны цар хүрээ ямар байсан билээ. Харин одоо өөр нөхцөл байдал ирээд байна. Тийм учраас цаашид “Хөгжлийн Үндсэн хууль руу алхахын тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна” гэж МАН-аас мөрийн хөтөлбөртөө дэвшүүлж, 2016 оны УИХ-ын сонгуульд орсон. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил 2016 оноос эхэлсэн. Судалгаа хийж, зөвшилцөх ажлууд үргэлжилсэн. Өнөөдөр энэ асуудал хоёрдугаар хэлэлцүүлгийнхээ шатанд ирлээ. МАН-ын бүлэг таван өдөр Ерөнхийлөгчөөс ирүүлсэн зөвшилцлийн саналыг хэлэлцэж байна. “Ерөнхийлөгчөөс ирүүлсэн зөвшилцлийн саналыг авахгүйгээр МАН дангаараа нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталж болдоггүй юм уу” гэсэн асуултыг тавьж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмнээс сонгогдсон субъект. Үндсэн хууль бол зөвшилцлийн баримт бичиг байх учиртай. Тиймээс Ерөнхийлөгчийн оруулсан саналыг бид зөвшилцөх хэрэгтэй байгаа юм. Мөн Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг батлахад хориг тавих эрх нь ч бий. Тэгэхээр бид хоригийг хүлээж авахгүй явж чадах уу гэдэг нь бодууштай. Түүнчлэн хууль батлагдах хэд хэдэн процесст Ерөнхийлөгчийн оролцоо байх талаар хуульчилсан байдаг. Ингэхээр зөвшилцлийн түвшинд авч үзэж байна.
Энэ таван өдөр зөвшилцөөд шийдэлд хүрэхгүй байгаа гол асуудал нь гишүүдийн тоо. Ерөнхийлөгч “108 гишүүнтэй болгоё” гэсэн. Манай бүлэг энэ тоог “Хүлээж авахгүй” гэсэн. Тэгвэл дундын саналыг авъя гэсэн. АН нөгөө талаас “99 гишүүтэй болъё” гэсэн санал гаргасан. “Нэг хүний жин дарах хувь, хэмжээг багасгая. Хувийн ашиг сонирхолыг багасгая. Томоохон компаниудын их хурал дах нөлөөллийг багасгая” гэдэг асуудал ярьж байна. Би бол тэр дундын хувилбар дээр байх нь зүйтэй гэдэг дээр санал нэг байгаа. Өнөөдөр хэдхэн том компанийн асуудлыг парламентийн 10 хэдэн гишүүн орж ирээд шийдвэр гаргалтад нөлөөлдөг явцуу ашиг сонирхол байгааг бүгд мэдэж байгаа шүү дээ. Томоохон компанийн ТУЗ-ийн гишүүн, дэд захирал байсан хүмүүс өнөөдөр маш олноороо парламтентад сууж байна. Тэгэхээр эдийн засаг, бизнестэй холбоотой шийдвэр дээр томоохон компанийн оролцоо байх вий гэхээс болгоомжлох хэрэгтэй. Цөөхөн гишүүнтэй байх тусам том компанийн лобби их байна.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил гурван үндсэн лоозонтой болж байгаа. Нэгдүгээрт, хяналт, хоёрдугаарт, тэмцэл, гуравдугаарт, хариуцлага гэсэн. Өнөөдөр жижиг тойргоос сонгогдсон гишүүд Улсын төсөв хэлэлцэхээр яадаг билээ. Үе үеийн Сангийн сайд зөвхөн өөрийнхөө нутаг, өөрийн тойрог руугаа төсвөө хуваарилдаг. Гишүүн бүр өөрийн тойрогтоо төсөв тавиулъя гэдэг асуудал ярьдаг. 2011 оноос хойш Монгол Улсын эдийн засаг дорвитой тэлэхгүй байна. Учир нь тойрог руугаа чиглэсэн популист улс төр хийгээд нийтлэг эрх ашгийг орхидог. Ирэх оны төсвийг есдүгээр сарын 15-нд өргөн бариад аравдугаар сараас хэлэлцэж эхэлнэ. Хэн том лоббитой, фракцтай гишүүдийн тойрог руу Улсын төсөв хуваарилагддаг. Гэтэл бид өнөөдөр мега төслүүдээ ярьж чадахгүй 10 гаруй жил болсон. Тавдугаар цахилгаан станцын төслийг ярьж эхэлсний 15 жилийн ой болсон гэх мэт. Өнөөдөр боловсруулах үйлдвэрүүдийн талаар 20 жил ярьсан. Гэтэл яг эцсийн дүндээ тойрог руугаа төсвөө татсан байдаг. Өнөөдөр “Аялал жуулчлал Монгол Улсын томоохон бүтээгдэхүүн юм” гэж үздэг хэрнээ БОАЖ-ын сайд дээр аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл байдаггүй. Өнөөдөр аялал жуулчлалыг хөгжүүлсэн ямар бүс байгаа юм бэ. Жуулчид ирээд модон жорлонд л бие засаж байна. Бид үүнийг цаашдаа том зургаар нь харж, 25 жил яаж хурдан хөгжих вэ гэдэг агуулга руу явахгүй бол чөтгөрийн тойрогтоо 27 жил явж байна. Дөрвөн жил төр барьсан намынхаа бодлогыг дараагийн нам нь зөв байсан ч үгүйсгэдэг. Төрийн залгамж байхгүй. Аливаа зүйлийг өчүүхэн эрх ашгаар биш. Том зургаар нь харъя. Зарим гишүүд ярьж байна. Өнөөдөр гишүүдийн тоог нэмвэл, сонгуулиар тойрогтоо ялагдах эрсдэлтэй гэж байна. Ирэх сонгуульд ялж, ялагдах чухал зүйл биш. Энэ шийдвэр өнөөдөр зөв байгаад улсын ирээдүйд эерэгээр нөлөөлөх нь чухал. Эцсийн үр дүн нь чухал байгаасай гэдэг байр сууринаас би хэлэлцүүлэгт оролцоно” гэлээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна