Зуны улирал ЗУРГААН САР үргэлжилдэг болно

С.Гандэлгэр
2021/03/29

Хэрэв уур амьсгалын өөрчлөлт энэ хэвээр үргэлжилсээр байх аваас 2100 он гэхэд дэлхийн хойд хагаст байрлах улсуудын цаг уурын нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөх хандлагатай байгаа талаар судлаачид мэдээлжээ. Тухайлбал, хамгийн мэдэгдэхүйц нөлөө нь зуны улирал үргэлжлэх хугацаа сунаж, бүтэн жилийн талыг нь эзэлдэг болж болзошгүй байгаа юм.

Одоогийн байдлаар, зуны улирал нь байх ёстой хугацаанаас 20% илүү удаан үргэлжилдэг болсон талаар судалгаа гараад буй билээ. Түүнчлэн ирээдүйд энэ нь илүү хуурай, хурц нартай болох бөгөөд хэт халалтаас үүдэж ой хээрийн түймэр болон бусад байгалийн гамшигт үзэгдлүүд олшрох аюултайг анхааруулсан байна. Энэхүү дүгнэлтийг уур амьсгалын түүхэн тоон мэдээллүүд дээр үндэслэн гаргасан төдийгүй, эрдэмтдийн тооцоолж буйгаар 1952 оноос 2011 он хүртэлх 60 орчим жилд зуны улирал үргэлжлэх дундаж хугацаа 78 өдрөөс 95 өдөр болж сунасан байгаа бол өвлийн улирлын дундаж хугацаа 76 өдрөөс 73 өдөр болж богиносчээ.

Улмаар, 2100 оны байдлаар дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст зуны улирал үргэлжлэх хугацаа дунджаар 166 өдөр болж ихсэх төлөвтэй байгаа юм. Харин эсрэгээрээ, өвлийн улирал ердөө 31 өдөр болж буурах ажээ. Эдгээр цаг уурын өөрчлөлтүүд нь Газар дундын тэнгис болон Түвдийн өндөрлөгийн бүс нутгуудад илүү мэдрэгдэх магадлалтай бол хор уршиг нь дэлхийн хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны салбарыг хамарч, нийт хүн төрөлхтөнд сөргөөр нөлөөлөх дүр зураг ажиглагдаж байгаа юм.

Эх сурвалж: theguardian



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна