С.Амарсайхан Австралийн Онцгой байдлын сайд бөгөөд Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн сайд Мюррэй Уоттой уулзлаа

С.Гандэлгэр
2022/09/21

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Австралийн Онцгой байдлын сайд бөгөөд Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн сайд Мюррэй Уоттой уулзав. 

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Австралийн Холбооны Улсын Сенатор, Онцгой байдлын сайд бөгөөд Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн сайд Мюррэй Уоттой 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр албан уулзалт хийж, хоёр улсын онцгой байдал, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд талууд Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын мэндийг харилцан солилцож, цаашид хоёр улсын харилцааны ирэх 50 жилийн шинэ хуудсыг өргөн агуулгаар хөгжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуй, онцгой байдлын салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн чухлыг онцлов. Монгол Улс, Австралийн Холбооны Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай төслүүдийг хэрэгжүүлэх нөөц боломж их байгааг талууд тэмдэглэж, нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглах сонирхлоо илэрхийлэв. Мөн дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалсан байгалийн гамшигт үзэгдлүүдийн эрсдэлийг бууруулах, энэ чиглэлээрх Ази-Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, харилцан туршлага солилцох нь чухал ач холбогдолтойг талууд тэмдэглэв. Сайд Мюррэй Уотт Шадар сайд С.Амарсайханыг Брисбэн хотноо 2022 оны 9 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд болж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази-Номхон далайн орнуудын Сайд нарын бага хурал”-д төлөөлөгчдөө тэргүүлэн оролцож буйд талархлаа илэрхийлэв. Шадар сайд С.Амарсайхан Австралийн Засгийн газар тус бага хурлыг өндөр түвшинд зохион байгуулж буйд баяр хүргэж, бага хурал нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын гамшгийн эрсдэлийг бууруулах хүчин чармайлтад жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.147.88
    2022/09/22

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах