Б.Саранчимэг: Эдийн засгаа хөгжүүлэхдээ аж үйлдвэр, хүнсний үйлдвэрлэлийг тэргүүлэх зорилгоо болгон эрх зүйн орчныг шинэчилж байна

2023/03/03

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, 

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

 Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчид, эрдэмтэд, зочид төлөөлөгчид өө.

“Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн шинэчлэлт, өөрчлөлт” зөвлөгөөнд оролцогч Та бүхэндээ Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

“Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг” 1992 оны ардчилсан Үндсэн хуулиараа баталгаажуулж, нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалж, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлсэн чөлөөт эдийн засгийг зохицуулахаар тунхагласан билээ.

 

Хүнс, хөдөө аж ахуйн салбар нь манай улсын эдийн засгийн гол салбар бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 25 орчим хувийг бүрдүүлдэг, нийт хөдөлмөрийн зах зээлийн 50 гаруй хувийг эзэлдэг чухал салбар юм.

 

Юуны өмнө хөдөө аж ахуйг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, дэлхий нийтийн болон ирээдүйн нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, шаардлагад нийцсэн хариуцлагатай, аюулгүй байдлын баталгаажуулалт хийгдсэн, бүтээмж өндөр, тогтвортой үйлдвэрлэлтэй, Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд энэ салбарын баялаг бүтээгчид Та бүхний оролцоо нэн чухал байгаа билээ.

 

Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлсон “Алсын хараа-2050”, Монгол улсын эдийн засгийг эрчимжүүлэх дунд хугацааны зорилтот хөтөлбөр “Шинэ сэргэлтийн бодлого”,  Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн бодлогын баримт бичгийг тус тус баталж, эдгээр бодлогын баримт бичгийн хүрээнд мал аж ахуй, хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилт тавин ажиллаж байна.

 

Ингэхдээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл болон борлуулалтын сүлжээг харилцан уялдаатай хөгжүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, импортыг орлох, экспортын баримжаатай нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтэгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр тусгасан.

 

Хүнсний аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын салшгүй чухал хэсэг. Тийм ч учраас Улсын Их Хурал Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн гаргасан санаачилгыг дэмжин “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолыг баталж гаргасан.

 

Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 5 зорилт, 41 үйл ажиллагааны чиглэл, 116 хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, 5 жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн санхүүжилтийг дээрх зорилгуудыг хангахаар төсөвлөсөн.

 

Мөн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх, Органик бүтээгдэхүүний тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төслүүд, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд тус тус нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Энэ бүхэнд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны зүгээс идэвхи санаачлагатай манлайлж, тэргүүлж оролцох болно.

 

Хөдөө аж ахуйн салбарын үндсэн суур нь газар. Гэвч байгаль цаг уурын хурдацтай өөрчлөлт, дэлхийн дулаарлаас үүдэлтэй Монгол оронд цөлжилт болон бэлчээрийн доройтлын асуудал та бидний өмнө томоохон сорилтыг бий болгож байна. Нэг талаас мал сүргийн тоо тасралтгүй нэмэгдэж энэ жил 71,1 сая мал тоологдсон нь хэдий сайхан мэдээ боловч Монгол орны нийт хэмжээнд нийт газар нутгийн 76,4 хувь цөлжилтөд өртөж, бэлчээрийн даац хэтэрч байгааг судалгааны байгууллагууд, эрдэмтэн мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Улсын Их Хурал 2022 онд бэлчээр хамгаалах асуудлаар аймгуудын хэмжээнд Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж, Бэлчээрийн ашиглагчдын холбоотой хамтарч бэлчээрийн асуудлаар малчид, иргэдтэйгээ уулзаж, санал бодлыг нь сонсож, ярилцаж гарч шийдэл эрэлхийлсээр байна.

Монгол Улсын бэлчээрийн төлөв байдлын тайлангаар бэлчээрийн газрын 57 орчим хувь нь ямар нэг хэмжээгээр доройтолд орж, үнээс 10.3 хувь нь дахин нөхөн сэргэх чадвараа бүрэн алдаж, цөлжих эрсдэлд өртсөн гэсэн судалгаа гарсан. Бэлчээрийн доройтол нь ганц мал, малчны тухай асуудал биш, түүнийг дагаад малчдын амьдрал ахуй, сум орон нутгийн иргэдийн амьдрал, аймгуудын эдийн засаг, цаашлаад хөдөө аж ахуйг салбарт бүхэлд нь нөлөөлөх чухал асуудал юм.

Иймээс малчид, тариаланчид, хөдөө аж ахуй эрхлэгчдийн өмнө тулгараад байгаа гол асуудал болох бэлчээр ашиглах зохицуулалтыг боловсронгуй болгох нь нэн тэргүүнд шаардлагатай байна. Тухайлбал, газрыг бэлчээрийн зориулалтаар ашиглах, түүнд төрийн байгууллага болон иргэд, малчид, аж ахуйн нэгжүүд, бусад байгууллагын оролцоог тодорхой тусгаж, бэлчээрийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах, нөхөн сэргээх, бэлчээрийн ургамалын доройтлыг арилгах, мал болон бэлчээрийн зохистой харилцааг бий болгох, бэлчээрийг нийтээр болон гэрээгээр ашиглах, түүнд хамаарах эрх бүхий этгээдүүдийн эрх, үүргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгаа бөгөөд ажлын хэсэг энэ асуудлыг анхаарч ажиллаж байгаа.

 

Монгол Улсад нийт 188 мянга гаруй малчин өрх байгаа бөгөөд малын тэжээлийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлж, шимт чанарыг сайжруулах, малын тооноос илүү чанарт шилжүүлэх, биотехнологийн ололт, инновацийг нэвтрүүлэх, малын удмын санг сайжруулах, эрчимжсэн болон хосолсон мал аж ахуйг хөгжүүлэх, мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, сүргийн зохист бүтцийг бүрдүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, байгалийн гаралтай болон органик түүхий эд, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна.

 

Газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, байгаль орчинд ээлтэй, бүтээмж өндөртэй, эрсдэл даах чадвартай, ашиг өгөөж өндөртэй, тухайн бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон, баталгаажсан сортын үрээр дотоодын хэрэгцээг хангах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байна.

 

Мөн дэлхийн нийтэд эрэлт хэрэгцээ нь асар хурдтай өсөн нэмэгдэж байгаа хөдөө аж ахуйн салбарын ирээдүйн хөгжлийн чиг хандлага болоод буй байгалийн гаралтай, тэр дундаа органик үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн үндэс суурийг тавих, олон улсын зах зээлд өрсөлдөх асар их боломж, давуу тал Монголчууд бид бүхэнд байгааг Баялаг бүтээгч та бүхэндээ онцлон хэлэхийг хүсч байна.

Бид хөнгөн үйлдвэрлэлийн салбарын түүхий эд бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгож, түүхий эдийн нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах цогцолбор байгуулж, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, кластераар хөгжүүлэх замаар экспортод чиглэсэн нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогыг баримталж байна.

 

Олон улсад өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх хүрээнд аж үйлдвэрийн цогцолборуудыг байгуулах ажлыг эхлүүлсэн байгааг дуулгахад таатай байна.

 

Түүнчлэн эдийн засгаа хөгжүүлэхдээ аж үйлдвэр, хүнсний үйлдвэрлэлийг тэргүүлэх зорилгоо болгон энэ чиглэлээр эрх зүйн орчны шинэчлэлийг хийж байна.

Төгсгөлд нь хүнс, хүнсний хангамж, аюулгүй байдал нь хөдөө аж ахуйн салбараас, та бүхнээс шууд хамааралтай. Тэр дундаа хүнсний аюулгүй байдалд хүнсний баталгаатай байдал илүү чухал. Монголчууд бид хүнсний үйлдвэрлэлийн зохистой дадлууд болон хүнсний үйлдвэрлэлийн олон улсын стандартуудыг өөр өөрийн салбарын үйл ажиллагаандаа нэвтрүүлж, аюулгүй байдлыг хангаж, баталгаажуулж чадсанаар дотоодын зах зээл төдийгүй олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөж экспортод гарахад чухал нөлөөтэй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт эдийн засаг, бизнесийн таатай орчинг бүрдүүлж, үйлдвэрлэлийн бүтээмж, чадавхийг нэмэгдүүлэх, мал аж ахуй, газар тариалан, хүнсний салбарын тогтвортой хөгжлийг хангах, экологийн цэвэр органик, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, чанар, хүртээмжийг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэхэд баялаг бүтээгч тариаланчид, ногоочид, жимсчид, малчид, хүнсчид, үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид, хяналт баталгаажуулалтын байгууллагууд, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд Та бүхэн онцгой чухал үүрэгтэй.

 

Мөн өнөөдрийн Баялаг бүтээгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулж, цаашилбал Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг төсөвтэй, төлөвлөгөөтэй бодит ажил хэрэг болгож, бүх талуудын оролцоог хангаж, нэгэн танхимд хөгжлийн асуудлаа хэлэлцэн, хэрэгжүүлэх их ажлыг удирдан зохион байгуулж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх танд болон Ерөнхийлөгчийн тамгын газрын хамт олондоо талархал илэрхийлье.

 

Баярлалаа та бүхэндээ.

 

Зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.157.129
    2023/03/04

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 49.0.137.164
    2023/03/03

    mon yarivaa chii!

    Хариулах