Монгол Улс нэгдмэл удирдлагатай улс боловч аймаг, орон нутгийн удирдлагууд холбооны улс мэт дураараа авирлаж, нүүрсний бүхэл бүтэн ордыг олон жилийн турш хуваан завшиж ирсэн НОЦТОЙ хэргийн баримтыг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын түүхэнд урьд хожид гарч байгаагүй энэхүү ноцтой гэмт хэрэг, олон жил үйлдэгдсэн нүүрсний хулгай Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших, орон нутгийн 49 хувийн өмчтэй “Андын илч” ХХК, тус компанийн үйл ажиллагаа явуулдаг Баянцогтын нүүрсний орд газарт болсон юм.
Тус компанийг иргэд олон нийт одоо зэвсэглэсэн этгээдүүд халдаж, хүчээр булаасан дуулиант хэрэг гарснаар нь мэддэг болсон. Тэгвэл энэхүү хэрэг яагаад гарсан, уг уурхайд яг юу болоод байгаа талаар үнэн бодит мэдээллийг хүргэж байна.
СҮХБААТАРЧУУДАД ЗАЯАГДСАН ӨМЧ ХЭРХЭН БУРУУ ЗАМААР ОРОВ…....
“Андын илч” ХХК компанийг Хилийн цэргийн удирдах газрын дээд офицерууд 2006 онд БНХАУ-ын “Нин Чүн Бао Шан” компанид 51 хувийг нь эзэмшүүлэн байгуулаад Баянцогтын ордоос нүүрс олборлон урагш нь экспортолж эхэлсэн байна.
Сүхбаатарчуудын өмч болсон нүүрсний баялаг орд орон нутгийн иргэдэд ямар ч ашиггүй ажиллах, эсрэгээрээ орон нутгийн дарга нар хөрөнгөжих үүд хаалга ингэж нээгджээ.
Хилийн цэргийн дарга нар уурхайгаас олборлосон нүүрсийг экспортлохдоо анхнаасаа хууль журам зөрчиж эхэлсэн байдаг бөгөөд Бичигтийн боомт байсаар байтал чанх урд нь хилийн шалган нэвтрүүлэх цэг шинээр нээж, Монголын нүүрс БНХАУ ямар ч хяналтгүй урссан байдаг.
Хилийн цэргийн эрх дархтнуудын энэхүү хууль бус үйлдэл нь ОБЕГ, МХЕГ, Хилийн цэргийн дотоод хяналтын байгууллагуудын хамтарсан шалгалтаар баригдаж байв.
ГЕНЕРАЛ, ХУРАНДАА НАРЫН ХАЛААСНААС АЙМГИЙН ДАРГА НАРЫН ХАЛААС РУУ ШИЛЖИВ…
Хилийн цэргийнхний орлогын нэг эх үүсвэр болж байсан “Андын илч” ХХК 2018 онд орон нутагт шилжиж ирэн, анхны албан ёсны ТУЗ байгуулагдсанаар компанийн нэг шинэ үе эхэлнэ. Уурхайг орон нутагт авах санаачилгыг 2015 онд тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Жамбын Батсуурь гарган, ХЗДХЯ-нд хүсэлт тавьж, улмаар 2018 онд орон нутагт шилжиж иржээ.
Энэ зуурт БНХАУ-ын хөрөнгө оруулагч болох “Нин Чүн Бао Шан” компани нэрээ сольж, “Жиньжөү Бай Хуй” гэх нэртэй болсон байх бөгөөд “Хөрөнгө оруулагч”, “Хяналтын багц буюу 51 хувь эзэмшигч” гэдэг тодорхойлолтод огт зохицохгүй, ажиллаж байсан нь тодорхой болно.
Тодруулбал, “Жиньжөү Бай Хуй” нь хөрөнгө мөнгөний ямар ч чадваргүй, цаасан дээрх компани болж, Хятадаасаа мөнгөтэй хүн олж, 10-15 сая юань бэлнээр авсны үндсэн дээрээс уурхайг хариуцуулдаг, нэг ёсондоо Монголын нүүрсний нэгэн баялаг ордыг хилийн цэргийн дарга нартай тохиролцон хяналтын багцыг нь эзэмшчихээд бусдад түрээслэдэг шимэгчид болсон байж.
Гэсэн ч 49 хувь эзэмшигч Монголын тал буюу Сүхбаатар аймгийн ИТХ-тай ямар нэгэн байдлаар тохиролцож, нүүрсний экспорт, борлуулалтын орлогыг компанийн дансаар гүйлгэхгүй, төрийн өмчийн 34 хувиас дээш оролцоотой компани Шилэн данс хөтлөх хуулийн заалтыг биелүүлэхгүй, хамгийн гол нь аймаг орон нутагт нэг ч төгрөгийн ногдол ашиг өгдөггүй жишгээ үргэлжлүүлж чадсан нь анхаарал татдаг.
“Жиньжөү Бай Хуй”, Сүхбаатар аймгийн дарга нарын холбоо эндээс зузаарч, улс дамнасан мафийн түвшинд хамтрах эхлэл тавигдсан гэж таамаглах үндэстэй.
Түүнээс хойш өрнөсөн үйл явдал, орон нутагт нэг ч төгрөгийн ногдол ашиг төлөөгүй санхүүгийн баримтууд үүнийг нотолдог.
“ХУУРАМЧ” ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ “ЖИНЬЖӨҮ БАЙ ХУЙ” ТҮРЭЭСЛЭГЧДЭДЭЭ ТАВЬДАГ ШАЛГУУР БА ГАРГАСАН АЛДАА
“Жиньжөү Бай Хуй” компани бусдаас бэлэн мөнгө авч уурхайгаа түрээслүүлэхдээ дээр дурдагдсан Монгол Улсын хууль тогтоомжийг үл хэрэгсэж, орон нутагт ямар ч ашиггүй байлгах өмнөх жишгийг үргэлжлүүлэх, өөрөөр хэлбэл, хэлсэн бүхнийг нь үг дуугүй биелүүлдэг байх шалгуурыг гол болгодог байж. Улмаар экспортод гаргаж буй нүүрсний үнийг зах зээлийн үнэлгээнээс хэт бага байлгах замаар ашиггүй ажиллуулсан мэт харагдуулдаг байжээ.
Хилээр гаргаж буй нүүрсний тоо хэмжээг дардаг ч байсан байж болзошгүй СЭЖҮҮР бий. Хэрвээ тийм бол Бичигтийн боомтын захиргаа удирдлагууд ч холбогдох учиртай. Энэ бүх хууль бус үйл ажиллагаа Монголын талын 49 хувийн оролцоогүйгээр хэзээ ч бүтэхгүй гэдэг нь тодорхой юм.
Монголын талын хувь эзэмшигч болох Сүхбаатар аймгийн ИТХ, түүнийг төлөөлөн ТУЗ-д сууж буй хүмүүс хэдий 49 хувийг эзэмшдэг ч баялгийн эзэд гэдэг утгаараа уурхайг аймаг орон нутагт аль болох ашигтай ажиллуулах үүрэгтэй. Гэтэл энэ талаар огт ажил зохиогоогүй нь авлига, албан тушаалын хэрэг байх гэж хардах хүндэслэл болж буй.
Өдгөө тус компанийн санхүүд холбогдох албанаас шалгалт орсон тул энэ сэдвийг түр орхиж, Монголыг шуугиулсан зэвсэгт дээрмийн сэдэв рүү шилжье.
“Жиньжөү Бай Хуй” компанийн захирал Минг Фан Шин, ТУЗ-ын дарга Шин Вендонг нар “Андын илч”-ийн уурхайгаа түрээслүүлэх хүмүүсийг яг зөв сонгож, ямар ч алдаа гаргадаггүй байсан нь компани аймаг орон нутагт нэг ч төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлэхгүй байх схем гурван жил амжилттай үргэлжилснээс тод харагддаг. Харин тэд 2021 онд маш том алдаа гаргасан нь БНХАУ-ын иргэн, өвөрмонгол эмэгтэй Туяаг уурхайн шинэ түрээслэгчээс сонгож, гүйцэтгэх захирлаар томилсон явдал байв.
Өвөрмонгол эмэгтэй Туяа 2021 оны зургадугаар сард “Андын илч” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож очоод компанийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль журамд нийцүүлэх гэж хичээж ажилласан хэмээн өгсөн ярилцлагадаа ОНЦОЛЖ байв.
Улмаар хамтрагч түншээрээ дандаа Монголын компани хувь, хүмүүсийг сонгож, 2021 оны зургадугаар сараас эхлэн жил хагасын хугацаанд ажиллахдаа балгас шахуу байсан ажилчдын байрыг засаж, халуун устай болгож, гаднаа нүхэн жорлонтой байсныг дотроо “00”-той болгож, Монгол Улсаас тавьдаг стандартуудыг ханган, ажилчдын цалинг 2-3 дахин нэмжээ.
Энэ бүх хугацаанд хил хаалттай, нүүрсээ борлуулж орлого олоогүй ч хөрс хуулж, нүүрсээ гаргаж байсан тул “Хил нээгдэхээр борлуулаад зарлагаа нөхчихнө” гэсэн бодлоор хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлж, нэг ч ажилтнаа халалгүй цар тахлын үеийг өнгөрөөсөн гэдгээ ч ярьж байв.
Мөн тэрбээр “Андын илч”-ийн уурхайн ашигласан талбайд төлөвлөгөөний дагуу нөхөн сэргээлт заавал хийнэ гэж зүтгэжээ. Хамгийн гол нь, 49 хувь эзэмшигч Сүхбаатар аймгийн төсөвт ногдол ашиг өгөх ёстой гэж зөрүүдлэн, зөвшөөрөхгүй болохоор нь наадмын үеэр хувиасаа Сүхбаатар аймаг болон Эрдэнэцаан суманд тус бүр 10 сая төгрөг хандивласан . Энэ үйлдэл нь Андын илч ХХК-ийг ямар хэмжээний орлого олдгийг илчилнэ гэж үзсэн үү, ямартай ч “Жиньжөү Бай Хуй” компанийн эздэд таалагдаагүй. Улмаар бүтээн байгуулалт хийгээд, яг хууль журмын дагуу ажиллаад эхлэхээр үнэ ханшаа нэмэх асуудал ч сөхөгдөж, цаашид “дээрээс” зааж өгсөн үнээр нийлүүлэлт хийх боломжгүй гэж ил хэлснээр “Жиньжөү Бай Бай Хуй”-н эздийн дургүйцлийг улам ч хөдөлгөсөн. Өөрөөр хэлбэл, уурхайг Туяад хариуцуулсан нь “Жиньжөү Бай Хуй”-н эздийн хувьд том алдаа болж хувирчээ гэж дүгнэхээр зүйлийг манай сайтад өгсөн ярилцлагаас ойлгож болохоор байгаа юм.
Тиймээс Хятадын тал Туяаг анх гүйцэтгэх захирлаар томилохдоо “Жиньжөү Бай Хуй” компанийн албан ёсны төлөөлөгч Шин Вейндонг Монголын хилээр орж ирсэн тохиолдолд Туяатай байгуулсан гэрээ автоматаар хүчингүй болно” гэж тохирсон мэтээр хуурамч бичиг үйлдэж, улмаар Туяа нарыг нарыг эзгүйд ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлж, оронд нь Жан Чуан, Э.Лутбаяр нарыг томилсон аж.
Туяа эхлээд ТУЗ-ын хурлыг өөрт нь мэдэгдээгүй хууль зөрчсөн гэж хуулийн байгууллагад хандаад, дараа нь “Уурхайд оруулсан хөрөнгийг минь буцааж өгөөд тамга тэмдгээ ном журмаар нь ав” гэсэн ч Жан Чуан, Шин Вейндонг, Эрдэнэтогтох, Э.Лутбаяр нь Монголын талын төлөөлөл Ж.Цээсүрэн нартай үгсэн хуйвалдаж, “Компанийн гэрчилгээ, тамга тэмдгээ гээгдүүлсэн” гэдэг үндэслэлээр УБЕГ-т хандаж, улмаар энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдөр шинээр гаргуулж авсан байдаг.
Шинэ гэрчилгээ, тамгатай болсон тэд ныхаа дараа “Оруулсан хөрөнгийг чинь өгөхгүй, хохь чинь” гэх болсон бөгөөд улмаар Ука хочит Алтанхуяг нарын зэвсэглэсэн этгээдүүдийг Э.Бошигт гэгчээр зуучлуулан олж, дуулиант дээрмээ хийн, уурхайг хүчээр булааж авчээ...
Өдгөө зэвсэг агссан рекетүүд, дээр нэр дурдагдсан хятадууд болон орон нутгийн Ж.Цээсүрэн нарын хүмүүсийг Эрүүгийн цагдаагийн газраас хэрэг үүсгэн шалгаж байна.
Сүхбаатарчууд цаашлаад монголчууд үр шимийг хүртэх учиртай уурхайг өнөөдрийг хэн тонон дээрэмдсэн хийгээд тэд ямар хамааралтай хүмүүсийг болохыг дараагийн дугаараас хүлээн авч үзээрэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.170.66.3
Маш сайн бүтээл бна
Хариулах213.87.135.42
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах