"Монгол Улс нэг намын тогтолцоо руу явж байгаа" гэж үнэн үү

2023/06/20

-Жижиг намууд нэгдэх цаг-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн хэлэлцүүлэг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооноос өчигдөр Төрийн ордонд болж маргаан, мэтгэлцээнтэй өндөрлөлөө. Хуульд туссан намуудыг хариуцлагагажуулах, цэгцлэх  талын зүйл заалтууд намуудын төлөөлөлд таалагдсангүй. Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон анхны хэлэлцүүлгээс хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлээд, тодорхой саналууд хэлснийг нь тусгалгүй тэр чигээр нь оруулж ирсэнд бухимдаж, улмаар Парламентад суудалгүй нэр бүхий намын төлөөллүүд хурлыг хаяж гарав. Зарим нь олон нийтийн сүлжээнд "Монгол Улсыг эргээд коммунист тогтолцоо руу гулсуулах агуулгатай хууль санаачилжээ" хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ. 

Монгол Улс саяхан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Парламентын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлсэн. Энэ бол улс төрийн намуудад ашигтай, олон намын тогтолцоо руу хийсэн шилжилт мөн. Гэтэл дараа нь Сонгуулийн тухай хуульд УИХ-д суудал авах боломжтой намын босгыг өндөрсгөсөн нь жижиг намуудыг нэгдэж нийлэхийг шахсан агуулгатай болсон юм. Улмаар улс төрийн намуудын тухай хуульд намуудыг хариуцлагажуулах асуудлыг хөндсөнөөр энэ процессыг бүр зайлшгүй болгож байх шиг байна. 

Монгол Улс олон намын тогтолцоонд шилжээд 30 гаруй жил өнгөрлөө. Гэвч өнгөн дээрээ олон нам гэх боловч хоёр нам л төрийн эрх барьж үзжээ. 

Парламентын уудлын тоог нэмсэн нь олон намын тогтолцоонд жинхэнэ утгаараа шилжих хүсэл эрмэлзлийг илэрхийлж байгаа ч "цэгцлэх" нэрийн дор яг эсрэг үр дүнд тэмүүлж байгаа байдал харагдана. Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам жижиг намуудтай эвсэх шийдвэр гаргасны дараа л ийм таамаг гарсан нь одоо биежиж байна.   

Ер нь ч 126 байтугай 76 тойрогт бие даагаад өрсөлдчих нам манайд байхгүй нь үнэн. Баримтаар баталж болно. 1992 оноос хойш болсон сонгуулиудад МАН /одоогийн нэрээр/ гэсэн ганцхан нам л УИХ-ын бүх тойрогт нэр дэвшигчээ өрсөлдүүлж иржээ. 1996 оноос хойш УИХ-ын сонгуульд 76 хүнээ өрсөлдүүлж ирсэн Ардчилсан нам таван намын нэгдлийн үр дүнд бий болсон бөгөөд өмнө нь 1992 оны сонгуульд тус, тусдаа ороод ялагдал хүлээсэн байдаг. Хоёр намын сүрд дарагдан “Гуравдагч хүчин” гэгдэх болсон бусад намуудын хувьд УИХ-ын сонгуульд цөөн хэдэн хүн нэр дэвшүүлэх байдалтай явж ирсэн.

2008 оны сонгуульд БНН, МУНН зэрэг гурван нам нийлж байж 76 тойрогт нэр дэвшигчээ өрсөлдүүлсэн бол ИЗН 40 хүнээ өрсөлдүүлж байв. 2012 оны сонгуульд өрсөлдөхөө илэрхийлсэн  11 нам гурван эвслээс 76 нэр дэвшигч өрсөлдүүлж байгаа субъект гуравхан байна. Бусад нь дунджаар 30-40 хүн өрсөлдүүлж байгаа. Үнэндээ “Тоо бөглөх” ч нэр дэвшигч байхгүй байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр, нэг талдаа намууд нэгдэх нь нэгдээд, чадамжтай болж төлөвших нь зөв. 

Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Нам, Монголын Шашинтны Ардчилсан Нам, Монголын Ардчилсан Сэргэн Мандлын Нам,  Монголын Ардчилсан Нам гэсэн таван нам нийлж, Монголын улс төрийн голлох хүчний нэг Ардчилсан намыг үүсгэсэн жишээ байна. 

Өдгөө жижиг намууд нэгдэж нийлэхгүй л бол хоёр томтойгоо өрсөлдөхөд хэцүү. Тиймээс нэгдэж, хүчирхэгжих шалтгаан байна. Хамгийн гол шалтгаан нь Монголд улс төрийн хоёр том нам нэгдэж засгийн эрх барьдаг практик бий болсон явдал. Хоёр Парламент дараалж ийм байдал гарсан. Дараа нь хоёр дараалж нэг намын хэт олонхтой парламент бүрдээд байна.  

Яг энэ үүднээс харвал, улс төрийн намуудыг хариуцлагажуулах, "томрох", өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийг шахах нь зөв. Гэхдээ үүний цаана үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө гэсэн эмзгээс эмзэг эрхэм чухаг ололт маань бүрхэгдэж болохыг мартаж болохгүй. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна