-Зорилгодоо хүрэхэд ойртчихсон үндэсний компаниудаа дарамтлан барин хятадуудтай түншлэх шаардлага юу байв-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байхдаа гангийн үйлдвэрүүдийг нь очиж үзжээ. Албан мэдээ нь “Гангийн үйлдвэр байгуулах чиглэлд БНХАУ-тай хамтарч ажиллана” гэсэн гарчигтайгаар хэвлэлүүдэд гарсан байна. Хувийн хэвшил, үндэсний хөрөнгө оруулагч бие даагаад хэрэгжүүлж байсан Гангийн үйлдвэр барих хоёр ч төсөл /Нэг нь “Бэрэн” группын өөрийн эх үүсвэр болон Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлсэн, 85 хувийн гүйцэтгэлтэй төсөл, нөгөө нь “Кью Эс Си” компанийн өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлж байсан, барилгын ажил эхлэх шатанд явж байсан төсөл/ Засгийн газрын оролцоотой гэж хэлж болохоор нөхцөлд зогсонги байдалд орсны дараа ийм мэдээлэл гарсан болохоор үнэхээр гайхлаа. Тэгээд монголчууд үнэхээр БНХАУ-гүйгээр өөрсдөө бие даагаад гангийн үйлдвэр барих чадалгүй юм уу гэж бодоод судалж үзвэл тийм биш аж.
ҮНДЭСНИЙ ААН-ҮҮД МОНГОЛ УЛСЫГ ГАНГИЙН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛГОХОД МАШ ОЙРХОН ИРСЭН БАЙВ
Монгол Улс гангийн үйлдвэртэй болох зорилго тавиад олон жил болж байгаа ч өнөөг хүртэл хэрэгжээгүй нь хөрөнгө мөнгө, эрчим хүчний эх үүсвэрээс эхлээд олон шалтгаантай холбоотой байсан. Гэсэн ч хувийн хэвшил ажлаа бага, багаар ахиулсаар зорилгодоо хүрэхэд хамгийн дөхсөн нь “Бэрэн”, “Кью Эс Си”-гийн гангийн үйлдвэр байсан юм.
“Бэрэн” группын хэрэгжүүлж байсан гангийн үйлдвэр 80 орчим хувийн гүйцэтгэлтэй, 20 орчим жил үргэлжилж байв. 2007 онд баяжуулах үйлдвэр, баяжмалаа шууд ангижруулах үйлдвэр 2009, 2011 онд, ширэмийн үйлдвэр нь 2014 онд ашиглалтад орсон байдаг. Сүүлийн үе шат болох “Барилгын арматурын үйлдвэр”-тээ “Хөгжлийн банк”-наас зээл аваад баларсан. Үйлдвэр нь 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа. “Хөгжлийн банк”-ны гэх хэрэг дэгдэхээс өмнө удахгүй ашиглалтад орно гэсэн хүлээлттэй, “Эрдэнэт үйлдвэр”, төрөөс дэмжиж ажиллаж болох юм гэсэн байдалтай байснаа нөхцөл байдал гэнэт өөрчлөгдсөн. Одоо үйлдвэрийн хувь заяа хэрхэх нь тодорхойгүй, Хөгжлийн банкинд хураагдаж, төрийн мэдэлд очих магадлал өндөр байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт одоо өөрсдийн мэдлийн, БНХАУ-тай хамтраад гангийн үйлдвэр барьчихаар түшиц газар, эзэмшлийн орд "Бэрэн"-гийн үйлдвэр, "ДТҮ" ТӨХ, түүний эзэмшлийн лицензүүдээс өөр үгүй юм.
“Кью Эс Си” компани ч мөн адилхан, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ид төрийн хатуу хяналт дор 2009 оноос хөрөнгө оруулалт хийж, Төмөртэй ордыг уурхай болгон эргэлтэд оруулж, гангийн үйлдвэрийн өмнөх шатны үйлдвэрүүд, дэд бүтцийг барьж байгуулан бэлэн болгоод байсан.
2021 оны есдүгээр сард, 2022 оны төсөв хэлэлцэх үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн “Монгол Улс хэзээ гэнгийн үйлдвэртэй болох вэ” гэсэн асуултад “Ган боловсруулах үйлдвэр байгуулах тухай асуудал Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлд тусгагдсан. Сая есдүгээр сарын сүүлчээр гангийн үйлдвэрийн шинэчилсэн ТЭЗҮ батлагдсан. Энэ онд багтаан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглээд энэ чиглэлийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна” хэмээн маш тодорхой хариулсан.
Учир нь, тухайн үед “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК буюу “Кью Эс Си” ХХК өмнө нь барихаар завдаж байсэн ч эрчим хүчний эх үүсвэргүйгээс /жилд 180 мегаватт эрчим хүч шаардагдаж байсан/ болоод больсон Гангийн үйлдвэрийнхээ технологийг өөрчлөн, жилд 70 мегаватт хэрэглээтэй гангийн үйлдвэрийн шинэ ТЭЗҮ боловсруулж дуусаад байсан юм. Улмаар энэ ТЭЗҮ нь УУХҮ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар орж батлагдан, 2022 оны хавраас газар шорооны ажлаа эхлүүлэхээр олоод байв.
Гэвч Г.Ёндон сайд УИХ-д мэдээлэл өгсний дараа л компанийн дансыг хааж хүнд байдалд оруулж байгаад 2022 оны дөрөвдүгээр сард “Кью Эс Си” ХХК-ийн хэрэгжүүлж байсан Концессын эрхийг цуцалсан.
БНХАУ РУУ ЖИЛ БҮР УРСАЖ БАЙСАН 300-400 САЯ АМ.ДОЛЛАРЫН ВАЛЮТЫН УРСГАЛ ЗОГСОХОД ОЙРХОН БАЙВ
Төмрийн хүдэр олборлолтын бизнес нь ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг ч ашгийн марж бага тул асар их хэмжээний үйлдвэрлэл явуулахыг шаарддаг. Төмрийн хүдрийн үйлдвэрлэл явуулах гол нөхцөл, нөгөө талаар хязгаарлалт нь ордын хэмжээ, чанар, агууламжаас гадна худалдан авагчийн байршил, үйлдвэрлэл, олборлолт явуулахад шаардагдах эрчим хүч болоод худалдан авагчид хүргэх тээврийн зардал байдаг.
Тэгэхээр, монголчууд, үндэсний компани, хөрөнгө оруулагчид зүтгэсээр ийм хол яваад ирчихжээ. Зорилгодоо хүрэхэд ийм ойрхон ирчихээд байхад Засгийн газар “оролцож” зогсоочихоод БНХАУ руу түнш хайж байгааг юу гэж ойлгох вэ. Яагаад үндэсний компаниуд гангийн үйлдвэр барьж болохоо болдоггүй юм бэ.
ЗАСГИЙН ГАЗАР ҮНДЭСНИЙ КОМПАНИУДАА ШАХАЖ, ХЯТАДУУДЫГ ОРУУЛЖ ИРЭХ ГЭЖ ЗҮТГЭХИЙН УЧИР, ХЯТАДУУДЫН ХҮСЭЛ ЮУ ВЭ
Нийтлэлд дурдагдсан хоёр үйлдвэрийг Засгийн газар 2021 он хүртэл “Тусална, дэмжинэ” гэсэн байр суурь илэрхийлж байсан бөгөөд тусалдаггүй юм гэхэд саад болохгүй нь ойлгомжтой байсан. Гэтэл ганц жилийн дотор юу өөрчлөгдсөн болоод ингэж огцом хувирав?
Монгол Улс барилгын арматураар БНХАУ-аас хараат. Жил бүр 300-400 сая ам.доллар тийш нь урсгадаг. Энэ урсгалыг зогсоох нь бидний гол зорилго. Үүний тулд бид Гангийн үйлдвэрээ зайлшгүй барих ёстой. Гэхдээ Хятадуудтай хамтарч биш. Учир нь гэвэл, БНХАУ манай гангийн салбарт орж ирж байгаа бол гол зорилго нь ерөөсөө л түүхий эд. Үүнийг батлах хэдэн баримт дурдъя.
Дэлхийд төмрийн хүдрийн импортоороо тэргүүлж буй БНХАУ-ын дотоодоосоо олборлож буй төмрийн хүдрийн агууламж буурсаар байна. 1990-ээд онд 45 хувьтай байсан бол 2011 оны байдлаар 15 хувь хүртлээ буураад байна. Энэ нь үйлдвэрлэлийн зардлыг өсгөж, өрсөлдөх чадварыг бууруулж байгаа юм. Манайхан очоод харахаар сайхан, том үйлдвэрүүд байдаг ч цаанаа өрсөлдөх чадваргүй, чанартай түүхий эдээр өлссөн, гаднаас импортоор авдаг үйлдвэрүүд байгаа. Манай 56-60 хувийн агууламжтай, өндөр чанаргүй ч гэлээ түүхий эд тэдний хувьд маш хэрэгцээтэй.
БНХАУ 1998 онд төмрийн хүдрийн эрэлтийнхээ 28 хувийг импортоор авч байсан бол 2011 онд 67 хувийг импортоор хангажээ.
БНХАУ-д шинэ хотууд баригдаж, гангийн эрэлт нэмэгдсээр байна...
Төмөр, гангийн хэрэглээний 50 хувийг барилгын салбарт хэрэглэдэг статистик өөрчлөгдөөгүй байна. Тэгвэл БНХАУ-д хотжилт эрчимтэй явагдсаар байгаа бөгөөд нийт хүн амд эзлэх хотын оршин суугчдын тоо 2002 онд 39.1 хувь, 2011 онд 51.3 хувь болж өссөн. Энэ өсөлт одоо ч үргэлжилж байгаа.
Нөгөө талаас, БНХАУ нь манай төмрийн хүдрийн салбарт орж ирэхийг эрмэлзэж байсан бөгөөд 2009 онд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, түүний эзэмшилд байдаг төмрийн хүдрийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэрлэлийн нэр төрлийг олшруулж, хүчин чадлыг нэмэгдүүлэх, Дархан Сэлэнгийн бүс нутагт Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөлд хөрөнгө оруулагч шалгаруулах тендер зарлахад хоёр ч компани нь оролцож байсан. Тэдний хоёрынх нь саналыг ТӨХ-ны Хөрөнгө оруулагчийн саналыг үнэлэх Ажлын хэсгийн дүгнэлтээс яг хуулаад харуулья.
CPMIE- 889 сая ам.долларыг банкны хүүтэй зээлийн санхүүжилтээр оруулж, 4 сая тонн хүдэр баяжуулах, 2 сая тонн бөөнцөг, 540 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр барьж байгуулах бөгөөд хөрөнгө оруулалт буюу зээл нь зээлийн хүүгийн хамт бүрэн төлөгдөж дууссаны дараа “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д шилжүүлж өгч болох /өгнө гээгүй, “өгч болох юм” гэсэн байгаа/ талаар төсөлд тусгасан.
-Бугат хотын “Бао ган” жилд 5 сая ган төмөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг хоёр үе шаттай барьж байгуулах, үүний хариуд 20-30 жил тогтвортой үйл ажиллагаа явуулах баталгаа, үйлдвэрийг түүхий эдээр хангах төмрийн хүдрийн орд болон одоо хайгуулын шатандаа яваа төмрийн хүдрийн илэрц бүхий талбайн лицензүүдийг эзэмших нөхцөл тавьсан байна.
Харин “Кью Эс Си” хөрөнгө оруулалт хийж, уурхайн бүтээмжийг нэмэгдүүлээд хөрөнгө оруулалтын үр дүнд өсөн нэмэгдсэн бүтээгдэхүүний 70 хувийг өртгөөр нь авч хөрөнгө оруулалтаа нөхнө гэсэн бөгөөд компанийн хувьцаа /Энэтхэгийн “Меско стийл” компани “Гангийн үйлдвэр барьсны хариуд “ДТҮ” ТӨХК-ийнхаа 51 хувийг өг” гэсэн байдаг/, лиценз эзэмшихгүй. Хамгийн гол нь “Үндэсний хөрөнгө оруулагч” хэмээн тодотгосон байдаг. Өөрөөр хэлбэл, “Кью Эс Си” хамгийн ашигтай санал тавьснаас гадна үндэсний хөрөнгө оруулагч гэдэгт улс өндөр ач холбогдол өгсөн. 15 жилийн дотор Монгол Улсад төрийн эрх барьж байгаа хүмүүс өөрчлөгдсөн болохоос бодлого нь өөрчлөгдөөгүй байлтай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.22.130
Төр засаг Хятадад хамаг юмаа найр тавиад дууслаа...
Хариулах122.201.21.109
Mani guitseey
Хариулах202.126.90.42
Өөрсдөө хийе. Хятад хийлээ, хувь эзэмшлээ..манайд 20- 30 хувийн ашиг өгна гэвэл яана??????
Хариулах66.181.178.108
Өөрсдөө хийж сураасай гэж япончууд барьж өгсөн юмыг Хятадуудад бэлэглэх гэсэн юм уу???
Хариулах88.116.92.142
Шал худлаа тэд юу ч хийгээгүй юу ч хийхгүй хүдэр зөөж олох өөр юу ч байхгүй энэ сахлынхан...
Хариулах66.181.182.126
хятадууд барьсан нь зөв хувьд очсон үйлдвэрийг хулгайчууд баахан хүдэр гаргаж түүхийгээр баяжсанаас өөр юу хийсэн юм вэ одоо найдаж болохгүй гаднын хүмүүсээр үйлдвэрээ ажиллуул
Хариулах202.170.73.198
Өөрсдөө хийх хэрэгтэй.
Хариулах202.126.89.242
Mongolchuud chadna
Хариулах