Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж бараалхав. Энэ үеэр хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжуудын талаар санал солилцов. Мөн “Тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Америкийн Нэгдсэн Улсын Тээврийн яам хоорондын Санамж бичиг”-т Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж нар гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон Америкийн Нэгдсэн Улсын Тээврийн яам хооронд хамтын ажиллагааны үндэс суурь болсон аливаа баримт бичгийг өмнө нь байгуулаагүй байсан юм. Санамж бичгийг байгуулснаар хоёр тал томилогдсон төлөөлөгчөөрөө дамжуулан байнгын харилцаа холбоотой ажиллана. Тээврийн салбарт хоёр улсын ашиг сонирхолд нийцсэн аливаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх, хамтарсан судалгаа шинжилгээ хийх, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжих зэрэг олон ажлыг талууд хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт тусгасан байна.
Тухайлбал, аюулгүй, найдвартай, үр бүтээмжтэй, тогтвортой, тээврийн нэгдсэн системийг хөгжүүлэхийн тулд төрийн болон хувийн хэвшлийн нөөц бололцоо, туршлагыг уялдуулж, бүх төрлийн тээврийн харилцан сонирхсон гол асуудлаар тээврийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Энэ хүрээнд авто зам, хурдны авто зам, төмөр зам, дотоодын усан зам, транзит тээвэр, иргэний агаарын тээвэр, аюултай ачааны тээвэрлэлт зэрэг тээврийн бүх төрлөөр АНУ-тай хамтарч ажиллана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна