Үүргээ дутуу, зорилгоо бүрэн биелүүлсэн АН-ын ҮБХ-ны хурлын тэмдэглэл

Х.Батсайхан
2023/08/29

-Үндсэн дүрмээ зөрчиж томилсон 15 дэд дарга намынхаа эв нэгдлийн баталгаа болж чадах уу–

Өчигдөр хуралдсан Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлын тэмдглэлийг хүргэж байна. ҮБХ намын удирдах албан тушаалтнуудыг томилох үүрэгтэй. Гэсэн ч ЕНБД-аа сонгож чадаагүй. Гэхдээ намынхаа эв нэгдлийг хамгаалж үлдэх зорилгоо хангалттай биелүүлсэн юм. 

Л.Гантөмөр эхний даваагаа давлаа

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооноос гаргасан хамгийн чухал шийдвэр нь С.Баярцогтыг тэргүүн дэд даргаар, нэр бүхий 15 хүнийг дэд даргаар томилсон явдал байв. Ингэснээр Ардчилсан нам улс төрийн намуудын түүхэнд байгаагүй шинэ жишиг тогтоосон юм. Эерэг талаас нь харвал, Монголын улс төрийн хоёр гол хүчний нэг нь фракциудын эрх ашгаа хангаад ч болтугай бүтэн үлдэж чадлаа.

Эсрэг талаас харагсдын шүүмжлэлд харин “Л.Гантөмөр цаашдаа фракциудынхаа амбийцыг цаашид дарж чадах уу” гэсэн санаа зовинол голлож харагдана.

...Гэхдээ гол даваа урд байна

Ардчилсан нам ийнхүү зарим нэгний таамаглаад байсан шиг ҮБХ-ныхоо хурлын дараа тарж бутарсангүй. Гэхдээ ЕНБД-ын томилгоог хийж чадаагүй нь фракциудын нэгдэл бүрэн хангагдаагүйг хангалттай илтгэнэ. Тиймээс Л.Гантөмөрийн урд энэ албан тушаалд хэнийг тавих вэ гэсэн том даваа үлдэж байна. Намын үндсэн дүрэмд зааснаар ЕНБД нь намын ХЭГ буюу “гал тогоо”-г өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллах үүрэгтэй. Түүнчлэн ямар нэг давхар ажил эрхлэхгүй, УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, гагцхүү намынхаа үйл хэргийг эрхлэх ёстой. 


Сонгуульд нэр дэвшихээр бол санал хураах өдрөөс хоёр жилийн өмнө албан тушаалаа өгөх ёстой тул одоо томилогдох ЕНБД сонгуульд дэвших боломжгүй. Гэхдээ 2024 оны сонгуулийн нэр дэвшүүлэлтэд хамгийн чухал үүрэгтэй оролцоно, сонгуулийн дараа ч энэ эрх мэдлээ хадгалах тул фракциудын тэмцлийн гол бай гэгдэж буй. Гэхдээ фракциуд бас ч гэж энэ албан тушаалд хэнийг тавихаас намын цаашдын амжилт хамаарна гэдгийг ойлгож байгаа нь нэг сайн тал нь юм.   

Х.Баттулга санасандаа хүрэв

ҮБХ-ны хурлаас өмнө намын лидерүүдийн гол сэдэв  “Х.Баттулгын амбийцыг яаж дарах вэ” байсан гэдгт эргэлзэхгүй байна. Тэрээр ҮБХ-ны хурлаар байр сууриа үлэмж бэхжүүлэх шаардлага тавьж, эс бөгөөс бие даахаар зэхэж байсан гэдэг нь үнэн байх магадлалтай. МоАХ-г “сэрээж”, хөдөөгүүр “Хөх туг” дэрвүүлсэн нь олон юм хэлэх байх.

Өчигдрийн хурлаас сонгогдсон дэд дарга нарын дотор Ш.Түвдэндорж тэргүүтэй МоАХ угшилтай таван хүн багтсан нь түүнийг санасандаа хүрсний баталгаа. Түүнчлэн намынхаа эв нэгдлийг хангах гэж Л.Гантөмөр тэргүүтнүүд ямар их хүч чармайлт гаргаж байгааг харуулах байх.

Үзэл санаа тээгчдийн дүр тодорхойгүй үлдлээ

Өчигдрийн хурал ийнхүү фракциудын эрх ашгийг хангасан хурал болж өндөрлөсөн ч Монголын улс төрд гүйцэтгэсэн үүрэг, цаашид гүйцэтгэх үүргийг нь бодолцох ёстой цөөнгүй кадрууд анхаарлаас гадна үлдсэн. Х.Тэмүүжин, З.Нарантуяа тэргүүтнийг энд дурдаж болох юм.    

ҮБХ-ны Тамгын газрын даргаар сэтгүүлч С.Батзаяа томилогдсон нь анхаарал татсан.  

Өчигдрийн хурал ийнхүү амжилттай өндөрлөсөн ч тодрогсод нь бүгд Ц.Элбэгдорж, Х.Баттулга, С.Эрдэнэ тэргүүтний хамсаатнууд байгаа нь ганц хасах тэмдэг болж байна. Тодруулбал, шинэчлэл санасанд хүрсэнгүй.  Ардчилсан нам хэдий зургаан сонгууль дараалан ялагдсан ч гэсэн Монголын улс төрд хэрэгтэй. Нэр мууттай хуучны "хулгарууд" нь энэ мэтчилэн барьцаа тавихгүй байсаар энэ намыг “үхдэл” болговол хэн ч хожихгүй, ялагч нь гагц МАН байх болно. Үүнийг бүгд ойлгож, мэдэрч байгаа учраас АН-д болж байгаа процесст ач холбогдол өгч буй. Бусад намуудын дундаас МАН-ын өрсөлдөгч болж босч ирэх нь бараг л байхгүй. Бүгд л МАН-ын халаасанд багтсан байна. Тийм ч учраас АН-ыг дахиад босоод ирээсэй гэсэн хэсэг бүлэг бий. Тэдний хүлээлтэд бол хүрсэнгүй. Гэхдээ үе солигдоно гэдэг чухал, үүнийг бүгд ойлгож байгаа учраас итгэж байгаа болов уу. Итгэл тээгчийг потенциаль сайтай гэдэг утгаар үнэлбэл хуульч Ч.Өнөрбаяр зэрэг цөөн хэдэн залуу нам дотроо дээшээ гарч байгаа нь сайн хэрэг юм.  

ЕНБД-аа сонгож чадалгүй үүргээ дутуу биелүүлсэн ч нэгдмэл байдлаа хадгалах зорилгоо биелүүлсэн хурлын зураглал иймэрхүү. Одоо Ардчилсан намыг ЕНБД-ын томилгооноос гадна Үндсэн дүрмийн шинэчлэл, мөрийн хөтөлбөр боловсруулах, орон нутгийн салбаруудаа идэвхжүүлэх ажлууд шил, шилээ дараад хүлээж байна. 






Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.