Б.ГАНТУЛГА: ШИНЭ нам шударга ёсыг хүсэмжилсэн нийгмийн захиалгаар бий болсон

Zuv.mn
2023/09/05

ШИНЭ намын Төв зөвлөл өнгөрөгч сарын сүүлээр хуралдахдаа  Ерөнхий нарийн бичгийн даргаа шинээр сонгосон байна. Албаа хүлээж аваад удаагүй байгаа Б.Гантулгатай уулзаж, цаг үеийн асуудлуудаар байр суурийг нь сонирхлоо.

Та ШИНЭ намд хэзээнээс орсон бэ, энэ намыг сонгох болсон шалтгаан нь юу юм бол?

ШИНЭ нам байгуулагдахаас өмнө МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл гэж хөдөлгөөн үүсч байлаа. 30 жилийн турш ард түмнээ өндөр татвар болон өндөр хүүтэй зээл, үнийн өсөлтийн дарамтанд байлгаж, амьжиргаанд хүрэлцэхгүй бага цалин хөлс олгож, шударга ёсыг уландаа гишгэж, зөвхөн өөрсдийнхөө ашиг сонирхлыг хамгаалах, бизнесийг тэтгэхийн тулд эрх мэдлээ хэтрүүлж, албан тушаалаа урвуулан ашиглаж ирсэн МАНАН дэглэмийг эсэргүүцэж ард түмэн нэгдэж, босч байсныг та бүхэн санаж байгаа байх. 

Энэ хөдөлгөөний суурин дээр Шударга иргэдийн нэгдсэн эвсэл буюу ШИНЭ нам байгуулагдсан. Миний хувьд хөдөлгөөн, нам аль алийг нь анхнаас нь  үүсгэн байгуулалцаж явсан хүн л дээ. 2004 оноос “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн”-ийг мөн үүсгэн байгуулалцаж, шударга ёсыг нэхэн тэмцэж байлаа. 20 жилийн өмнө л шударга ёсыг хүсч тэмүүлж байсан, өнөөдөр ч энэ зүйл манай нийгэмд ус, агаар шиг хамгийн их хэрэгтэй хэвээрээ байгаа тул итгэл үнэмшил ижил нөхөдтэйгээ баг болон ажиллаж байна даа. 

Бид гудамжинд жагсаж, тэмцэж үзсэн. Тодорхой хэмжээний үр дүн гарсан. Хууль бусаар хувьд очсон Эрдэнэтийн 49 хувь, Цагаан суварга, Асгат гэх мэт томоохон ордуудыг төрийн мэдэлд эргүүлэн авсан. Хууль хяналтын байгууллагуудад бага ч болов салхи оруулж чадсан. Одоо бол илүү академик түвшинд ажиллаж байна. ШИНЭ нам байгуулагдсан цагаасаа хойш 4 жилийн хугацаанд нэг ч өдөр зүгээр суусангүй, дэргэдээ эрдэмтдийн зөвлөл байгуулж, өнгөрсөн 30 жилийн алдаа завхралыг оношилж, тэдгээрийг хэрхэн эмчлэх арга замыг эрэлхийлж, судалгаа шинжилгээ хийж, гарц гаргалгаа, шийдлүүдийг дэвшүүлж, олон нийтэд танилцуулсаар ирсэн. 

Таны хувьд ажлаа юунаас эхлэхээр төлөвлөж байгаа вэ? 

Юуны өмнө ШИНЭ намын бодлого, зарчмын талаар цөөн үг хэлэхийг хүсч байна. Бид үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллана. Мөн Ардчилал буюу хүний эрх, эрх чөлөөний асуудлыг эн тэргүүнд тавина. ШИНЭ намын боловсруулж гаргасан бодлогууд иргэдээ санхүүгийн эрх чөлөөнд хүргэж, ирээдүйдээ итгэлтэй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байгаа.  Энэ намар 21 аймгаа тойрон ажиллаж, намынхаа бодлогыг танилцуулна. 

Манай нам анхнаасаа хатуу гишүүнчлэлээс татгалзаж, дэмжигчид дээр суурилж үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ бол монголдоо анхдагч, шинэлэг үзэгдэл л дээ. Гэхдээ шат шатны сонгуульд өрсөлдөх хүмүүс дэмжигчээс албан ёсны гишүүн болох ёстой. Энэ хүмүүсийг бид орон нутгийн иргэдийн саналыг үндэслэн сонгоно.  

ШИНЭ намыг эрх баригч намын захиалгаар АН болон бусад сөрөг хүчний саналыг хуваах зорилгоор ажилладаг гэсэн хардлага мэр сэр гардаг. Энэ тухайд та юу хэлэх вэ?

ШИНЭ нам бол шударга ёсыг хүсэмжилсэн нийгмийн захиалгаар гарч ирсэн нам. Тиймээс хэн нэгний заавраар хөдөлдөг “утсан хүүхэлдэй” биш, зөвхөн ард түмний хүсэл зоригийг хэрэгжүүлэхийн төлөө тууштай зүтгэж байгаа, 100 мянга гаруй гишүүд дэмжигчидтэй, шударга иргэдийн нэгдэл юм шүү гэдгийг хариуцлагатайгаар хэлье. 

Нам харгалзахгүй, үзэл нэгдсэн болохоор АН, МАН-ын гишүүд байсан хүмүүс бидний дунд цөөнгүй бий. Тэгэхээр нэг хэсэг нь АН-ын, нөгөө хэсэг нь МАН-ын хамааралтай гэж хардаг тал бий. Ихэнх иргэд маань энэ хоёр намд хамаарч байсан болохоор энэ бол гайхах зүйл биш л дээ. Эрх баригч хүчин зориуд тийм мессэж өгөх гэж оролддог тал ч бий байх. 

ШИНЭ нам эдийн засгийн хувьсгал хийнэ л гэнэ, улс төрийн хувьсгал хийнэ л гэнэ. Яриад л байдаг, та бүхний дэвшүүлж байгаа санал санаачилгуудыг эрх баригчид мэдээж дэмжихгүй байх. Тэгэхээр өөрсдөө төр барих нь гол зорилго биз дээ?

Тэгэлгүй яах вэ, ямар ч улс төрийн нам төр барьж байж л  бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжтой болдог. ШИНЭ нам эдийн засгийн 9, улс төрийн 9 хувьсгалыг хэрхэн хийх арга замаа тодорхойлсон. Манай эрдэмтдийн зөвлөл маш сайн судалгаа шинжилгээтэйгээр боловсруулсан. Эрх барьж байгаа нам бол сөрөг хүчнийхээ зөв санаачилгыг өөрсдийн болгон “угааж” л хэрэгжүүлнэ үү гэхээс  “тийм ээ, та нарын зөв, дэмжиж байна, бид үүнийг чинь хийе” гэж хэзээ ч ярихгүй л дээ. 
ШИНЭ намын тухайд Монгол хүн бүрийг санхүүгийн эрх чөлөөнд хүргэж, чинээлэг иргэнтэй, өндөр хөгжилтэй Монгол Улсыг бүтээх зорилготой. Өнөөдөр зарим улс төрийн хүчин ШИНЭ намын дэвшүүлсэн баялгийн хувьсгалын талаар ярьдаг болсон байна. Тухайлбал, Монгол Улсын 5 дахь ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар орон нутгаар тойрохдоо энэ сэдвийг хөндөж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Боловсролын шинэ эргэлтийн бодлого” чуулган дээр монголын бүх баялгийг монголын бүх иргэнд өмчлүүлнэ гэж мэдэгдсэн. Бидний үзэл санааг дэмжиж, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа энэ хүмүүст баярлаж байна. Баялгийн хувьсгал буюу “Эрдэнэс Тавантолгой”-г иргэн бүрд эн тэнцүү, үнэ төлбөргүй өмчлүүлэх асуудал нь ганцхан ШИНЭ намын асуудал биш, нийт монголчуудын эрх ашиг тул энэ үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, цаашлаад  ажил хэрэг болгохын төлөө монгол хүн бүр нэгдэн тэмцэх ёстой. 

ШИНЭ намыг үүсгэн байгуулалцсан олон залуус 2018 оноос эхлэн иргэдээ баялгийн жинхэнэ эзэн болгох санаачлагыг дэвшүүлж, хуулийн төсөл хүртэл боловсруулан, тухайн үед УИХ-ын гишүүн байсан Ж.Батзандан, Л.Болд нар хуулийн дагуу ЗГ-аас санал авахаар хүргүүлж байсан ч эрх баригчид өнөөдрийг хүртэл үүнийг авч хэлэлцсэнгүй, хэрэгжүүлсэнгүй. Хэрвээ эрх баригчид энэ санаачилгыг хэрэгжүүлэх юм бол бид дуртайяа дэмжин ажиллах болно. Бидний санал санаачилга хэмээн булаацалдахгүй. 

Гэхдээ аливаа зөв санаачилгыг хэрэгжүүлэх явцад санаатай болон санамсаргүй алдаанууд гарч, хүрэх гэсэн үр дүндээ хүрч чаддаггүй, гашуун түүхийг та бид туулсан. 1990-ээд оны өмч хувьчлалын үеэр мэдээлэлд ойр цөөн хэдэн албан тушаалтан иргэдийн гар дээр байсан цэнхэр, ягаан тасалбаруудыг маш хямдхан үнээр цуглуулан, тухайн үеийн хамаг өнгөтэй, өөдтэй улсын үйлдвэрүүдийг хувьчлан авснаар өнөөдөр манай нийгэмд баян, ядуугийн ялгаа гаарчихаад байгаа. Тэгэхээр цаашид  хувьцааны үр өгөөж болон эрсдэлийн талаар үнэн бодьтой мэдлэг мэдээлэл иргэддээ өгч, соён гэгээрүүлэх ажлыг орхигдуулалгүйгээр эдийн засгийн болон баялгийн хувьсгалыг хийж, монгол хүн бүрийг санхүүгийн эрх чөлөөнд хүргэх, за мөн ард түмнээрээ хэлэлцүүлэн, шинэ Үндсэн хууль боловсруулан улс төрийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх чинхүү хүсэл зоригтой, эх оронч сэтгэлтэй, боловсролтой, шударга иргэдээр төрөө түшүүлэх шаардлагатай байгаа. Иймд монгол хүн бүр улс төрийн сонголтоо маш хариуцлагатай, ухаалаг хийж байгаасай гэж хүсэж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна