ЗГ: ​Халзан бүрэгтэйн ордтой холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн шийдвэрлэнэ

С.Гандэлгэр
2023/09/06

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны есдүгээр сарын 6-нд болж Халзан бүрэгтэйн ордтой холбоотой асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутагт хийсэн томилолтын мөрөөр Ховд аймгийн иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг судлах, Халзан бүрэгтэйн ордын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулан хэлэлцлээ.  
Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан бүрэгтэйн ордод хамаарах тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж, шийдвэрлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт даалгалаа.
Мөн газрын ховор элемент болон ховор металлын талаар Төрөөс баримтлах бодлогыг холбогдох хууль эрхзүйн орчны хүрээнд боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам тус ордын зөвшөөрлийн талбайд хяналт шалгалт хийсэн байна. 2023 оны хайгуулын ажлын үеийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулсан буюу хуульд заасан эрх бүхий этгээд болох Байгаль орчны албаар батлуулаагүй тул энэ оны дөрөвдүгээр сарын 29-нөөс үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа ажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна