Бага түргэний хүрхрээнээс унаж, осолдсон иргэний цогцсыг долоо хоногийн дараа олжээ

Админ
2021/07/20

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хотон, Хурган нуурын хөндийд орших Бага түргэний хүрхрээ гэдэг газар аялж байсан 12 хүний нэг нь ус руу унаж, осолдсон.

Тус сумын Онцгой байдлын алба энэ тухай дуудлагыг долдугаар сарын 12-ны өдөр хүлээж авчээ. Эрэн хайх ажиллагааг 16-ны өдрийг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоогоод байсан юм.

Тэгвэл өчигдөр буюу долдугаар сарын 19-ний өдрийн 18:45 цагт “Бага түргэний хүрхрээ” гэдэг газар хүрхрээнээс 15 метрийн зайд усан дотор чулуунд тээглэж тогтсон 1 хүний цогцос байна гэсэн мэдээллийг тухайн газарт аялж явсан иргэнээс хүлээн авчээ.

Уг цогцос нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Д/35 настай эрэгтэй/-ийнх байх магадлалтай байна. Мэдээллийн дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Цагдаагийн хэсэг, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид 22:00 цагт хөдөлсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

                                                                                                                                                                            А.Мөнхнаран




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна