Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч, ая зохиогч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ц.Ичинхорлоо “Хайрын орчлон” тайлан тоглолтоо хийлээ. Тэрбээр хөгжмийн аялгуу, үгийн шидээр өөрийгөө тунхаглаж яваа уран бүтээлч. Сүрлэг Алтай нутаг, Жаргалан хайрхныхаа авшиг энерги, дуунд хайртай түмнийхээ хөг аялгуунд хөглөгдөн өссөн болоод ч тэр үү уран бүтээлд нь эх орон, эжий аавын тухай дуу зонхилжээ. Билгэ авьяасаа зориулан зохиосон дуунуудаа олны хүртээл болгоё гэсэн сэтгэлээр чансаатай уран бүтээлчдээр дуулуулсан байна. Тухайлбал, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ “Ээжийн энтэй хань”, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин А.Алтанцэцэг “Тэнгэрээс заяасан их ачтан”, “Увертюра” хамтлаг “Сайхнаас сайхан орон”, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан ажилтан, поп дива С.Сэрчмаа “Алс алсын чи минь”, Э.Төрмандах “Жаргалан нутаг минь жаргалын орон”, Э.Чулуунчимэг “Жаргалын наран аав ээж минь” дууг олны хүртээл болгожээ. Мөн Ц.Ичинхорлоод хос дуучдад зориулсан хайрын тухай олон сайхан уран бүтээл бий. Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар “Хос зүрх”, С.Зоригт, А.Хишигдалай нар “Азын тэнгэр аав ээж” дууны нэгэн жигүүр нь Ц.Ичинхорлоо аж. “Хайрын орчлон” тоглолт үзэгчдээр дүүрэн байлаа. Тэрбээр орчлонгийн олон өнгийг хөгжмөөр илэрхийлэхдээ гэгээлэг, хүний сэтгэлийг хөдөлгөсөн, уяраасан аялгуу бичихийг эрхэмлэдэг нь бүтээлүүдээс нь сонсогдоно. Багшийн сургуулиас бага ангийн багшийн мэргэжил, Багшийн дээдээс технологийн багшийн мэргэжил эзэмшжээ. Говь-Алтай аймгийн Жаргалан сум, Дархан-Уул аймгийн 9-р сургуульд дуу хөгжмийн багшаар ажилласан түүний шавь нар өдгөө ард түмний хайртай дуучид болжээ. Дархан хотын “Залуучууд” театрын уран бүтээлчид оролцон багшийнхаа тайлан тоглолтод дуун түрлэг өргөлөө. Тоглолтын дараа Ц.Ичинхорлоотой ярилцсан юм.
Ц.Ичинхорлоо: Жаргалан нутгийнхаа тухай дуугаар уран бүтээлээ эхэлсэн
Соёлын тэргүүний ажилтан Д.Төрмандахын дуулснаар үзэгчдийн сэтгэл зүрхэнд хүрсэн “Жаргалан нутаг минь жаргалын орон” дууны эзэн, яруу найрагч, ая зохиогч Ц.Ичинхорлоотой ярилцлаа.Энэ сарын 21-ний өдөр уран бүтээлийн тайлан тоглолтоороо түмэн олонтойгоо уулзах гэж буй тэрбээр улсад 40 гаруй жил хөдөлмөрлөхдөө 31 жилд нь дуу хөгжмийн багшаар ажиллаж, сум, орон нутагт соёлын үрийг тарилцаж, хөдөө нутгийнханд дуу, хөгжмөөр дамжуулан соён гэгээрүүлэх ажил хийж явсан нэгэн юм.
-Та өөрийнхөө тухай товч танилцуулахгүй юу?
-Би Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Дархан-Уул аймгийн суугуул хүн. Дарханд 22 жил ажиллаж, амьдарсан байна. Багшийн сургуульд бага ангийн багшийн мэргэжил, Багшийн дээдэд технологийн багшийн мэргэжил эзэмшээд, 1995 онд Удирдлагын хөгжлийн академийг төрийн удирдлагын чиглэлээр төгссөн. Дуу хөгжмийн багш, технологийн багш, бага ангийн багш, сумын хурлын нарийн бичгийн дарга зэрэг алба хашсан. Боловсролын байгууллагад 40 гаруй жил ажиллахдаа 31 жилд нь дуу, хөгжмийн багшаар ажилласан. Дархан-Уул аймгийн есдүгээр сургуульд 13 жил дуу хөгжим заасан байна. Энэ хугацаанд сурагчдын нэлээд олон хамтлаг, чуулга байгуулсан. Сумандаа багшилж байхдаа намын даалгавраар гурваас дээш хүн цугласан газар бүрд хүүхдийн хамтлаг, чуулгынхаа тоглолтыг толилуулж явлаа. Дуу хөгжмийн багшаар ажиллахдаа 280 орчим концерт найруулж, 320 гаруй үдэшлэг, арга хэмжээ хөтөлсөн байдаг юм.
-Тухайн үеийн хүүхдийн хамтлагууд маш их тоглолт хийдэг байж. Сурагчдаа дагуулаад их явсан биз?
-Хүүхдүүдийн тоглолтыг үнэтэй зохион байгуулна гэж үгүй. Тухайн үед сурагчид ч гэлтгүй сумын соёлын төвийн уран сайханчид ч үнэ төлбөргүй тоглодог байлаа. Нэг ёсондоо соёл, урлагаар дамжуулан ард иргэдийг соён гэгээрүүлэх ажил хийж явсан гэсэн үг. Харин Дархан-Уул аймагт ирсний дараа есдүгээр сургуулийн 30 жилийн ойгоор аймгийнхаа дөрвөн суманд үнэ төлбөртэй тоглолт хийж, орлогоор нь сургуулийнхаа заалыг тохижуулж байсан. Хаана үдэшлэг, концерт тоглох программ байна тэр бүгдэд л дуу хөгжмийн багш голлох үүрэг гүйцэтгэдэг байсан даа. Хуучин цагт сумын Соёлын төв нь клубын эрхлэгч гэсэн ганцхан орон тоотой. Тэгээд дуу хөгжмийн багшид гол ажил ногддог байв. Харин одоо цаг үе өөрчлөгдсөн байна.
-Дуу хөгжмийн багш хүн, олон дуучин шавьтай байх?
-Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн авьяастай, чадвартай байдаг. Тэдний энэ авьяас, чадварыг нээж хөгжүүлэх юмсан, миний зааж байгаа хичээл хүүхдүүдийн дуртай хичээл байгаасай гэж хүсэж хичээлээ заадаг байсан. Дуулдаг, урлагт хайртай, хөгжимд дуртай олон шавь нар минь бий. Тэднээс гурван шавь маань миний тоглолтод оролцоно.
-Та шүлэг бичихээс гадна ая зохиодог. Яг хэзээнээс ая зохиож эхлэв?
-Намайг найман настай байхад аав минь “солгой” Баяр гэж хүнд шавь оруулж байсан. Багш маань надад ноот зааж, ноотоор ая тоглож сурсан юм. Үүнээс гадна аав надаар шүлэг их цээжлүүлнэ. Сургуульд орсноос хойш урлагийн үзлэгт дуулна, шүлэглэнэ, хөгжим тоглоно. Энэ нь намайг урлагт дуртай болгосон. Улмаар Багшийн сургууль төгсөөд орон нутгийг зорьж байлаа. Хөдөө, орон нутагт багш дутмаг учраас дуу хөгжим, технологийн багшийн ажлыг хавсарч хийсэн. Нэлээд хожуу 1990 оноос хойш ая зохиож эхэлсэн. Одоогоор 100 орчим дууны ая зохиожээ. Би өөрөө шүлгээ бичиж, аяа зохиодог. Одоогоос хэдэн жилийн өмнө “Жаргалан нутаг минь жаргалын орон” гэсэн Жаргалан нутагтаа зориулсан өөрийн дуунуудаар цомог гаргасан. Гэхдээ сүүлийн үед тооноос илүү чанарт анхаарч байгаа учраас нэг жилд хийх бүтээлийн тоо багассан. Тэр нь ч зөв юм билээ. Чанартай бөгөөд цөөхөн дуу бүтээж, үзэгчид, сонсогчдын чихэнд хоногшуулах бодолтой явна.
-Уран бүтээлийн тайлан тоглолтоо хийхээс гадна дууны болон яруу найргийн хос ном гаргаж байгаа юм байна. Энэ талаараа товч мэдээлэл өгөх үү?
-Тоглолт маань энэ сарын 21-ний өдөр Соёлын төв өргөөнд болох юм. Миний дууг дуулсан олон сайхан дуучин оролцоно. Би анх 2016 онд Дархан-Уул аймгийн Залуучуудын театрт “Тэнгэрлэг аялгуу” тоглолтоо хийж байсан. Харин энэ “Хайрын орчлон” тоглолт маань миний хоёр дахь тоглолт юм. Гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ, С.Алтанцэцэг, соёлын тэргүүний ажилтан Д.Төрмандах, Э.Чулуунчимэг, Б.Болд, Х.Мөнгөнцэцэг, “Увертюра” хамтлаг оролцож, миний зохиосон дуунуудыг дуулна. Харин “Яруу эгшиглэн” дууны номд 55 дуугаа шигшиж багтаалаа. Үүнээс гадна “Алтан аргамж миний Алтай” нэртэй яруу найргийн номоо хэвлүүлж байна.
-Найман настайдаа хөгжим тоглож сурчээ. Анх ямар хөгжмөөр тоглож сурав. Бас анхны дууны бүтээлийг тань сонирхож болох уу?
-Мандолин тоглож сурсан. Дараа нь гитар, ёочин, шанз гэх мэт нэлээд олон хөгжмөөр тоглосон доо. Хамгийн анхны бүтээл гэвэл дуучин Д.Төрмандахын дуулсан “Жаргалан нутаг минь жаргалын орон” байх шүү. Төрөлх сумынхаа 90 жилийн ойд зориулан хийж байсан юм. Үүнээс өмнө голдуу хүүхдийн дууны ая зохиосон.
-Гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнийн дуулсан “Ээжийн энтэй хань” дуу их сайхан бүтээл. Энэ дуу хэрхэн төрсөн түүхээс сонирхуулбал ямар вэ?
-Анх Ч.Бат-Эрдэнэ гавьяатад “Хөөрхөн бүсгүй” гэж дуу хийж өгсөн юм. Тэгсэн “Одоо миний насныхан хөөрхөн бүсгүй гээд дуулах зохимжгүй юм. Ээжийн энтэй сайхан ханийн тухай дуу хийж өгөөч” гэсэн гээд бараг утгыг нь өөрөө яриад, дуугаа захиалсан. Дуучны захиалгынх нь дагуу энэ дуу маань бүтсэн дээ.
-Дуу хөгжмийн багш нар сайхан дуулдаг даа. Та хэр дуулдаг байв?
-1986 онд Эстрадын дуу дуулаачдын уралдаанаас тусгай шагнал авч явлаа. Гэхдээ мундаг дуучдын хажууд дуулдаг гэж яривал ичмээр. Ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд дуулна.
-Та найман хүүхэд төрүүлж өсгөсөн “Алдарт ээж”. Бас олон дүү нар өсгөсөн ачтай эгч. Энэ их ажлын хажуугаар олон хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг амаргүй байсан байх?
-Би аав, ээжээс олуулаа. Найман дүүтэй. Миний дүү нар бүгд их, дээд сургууль төгссөн, дүү нарын маань дундаас хоёр гавьяат төрсөн. Үлгэр жишээч, ёс суртахуунтай амьдралтай хүмүүс бий. Би өөрөө гурван охин, таван хүүтэй. 29 настай байхдаа зургаан хүүхэдтэй байсан. Одоо бодоход яаж болж байсан юм бол гэж боддог юм. Тухайн үед залуухан байсан болохоор ядрахыг мэдэхгүй байсан байх. Аав, ээж хоёр хамт байсан. Тэд маань надад их тус дэм болж байсан даа. Би хүүхдүүдээ биеэ даасан зөв хүн байх, нийгэмд болон аав, ээждээ тээр болохгүй өөрөө өөрийгөө аваад явах чадвартай зөв төлөвшилтэй болгох ёстой гэж зорьж байсан. Хүүхдүүдээ боловсролтой болгоход анхаарч байлаа. Бүгд л ажил төрөлтэй сайн явж байна.
-Таны ханийг Монгол Улсын гавьяат багш хүн байдаг гэж сонссон. Олон хүүхэд төрүүлж өсгөхийн зэрэгцээ, уран бүтээлээ туурвиж, шүлэг зохиож, ая бичиж, цомгоо хэвлүүлж амжжээ.
-Тийм ээ, миний хань Дүгэржавын Цэрэнпил гэж 50 шахам жил боловсролын байгууллагад ажилласан, математикийн багш хүн бий. Бид хоёр залуу насаа боловсролын салбарт зориулсан. Хүүхэд шуугисан сургуулийн амьдрал бидний залуу насны сайхан дурсамж, ололт амжилт, баяр жаргалтай салшгүй холбоотой. Бид хоёр цалинтай гэхээсээ илүүтэй цалингүй ажил их хийж, урлаг уран сайхан, олон нийтийн арга хэмжээнд маш их цагийг зарцуулсан. Хэдийгээр тэтгэвэртээ гарсан ч зүгээр сууж чадахгүй л байна. “Эрхэм сайн үйлс” төрийн бус байгууллага байгуулж, залуусыг соён гэгээрүүлэх үйлсэд зүтгэж явна. 15 жилийн хугацаанд арван мянга гаруй залууст “Сэтгэлийн боловсрол” гэсэн сэдвээр лекц уншсан байна. Хүн гэдэг юу вэ, хүн яаж амьдарвал сайн сайхан явах вэ, ямар нөхцөлд хүн тааруухан амьдраад байна, хүний сайн сайхан амьдралын үндэс нь ёс суртахуун гэдэг утга агуулгатай лекцүүдээ бэлдэхийн тулд арав гаруй жил ном уншиж судалсан.
-Ярилцсанд баярлалаа. Маргааш болох тоглолтод тань өндрөөс өндөр амжилт хүсье. Урлагийн Янжинлхам бурхан өнөд ивээх болтугай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.144.40
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw
Хариулах