БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар шинээр байгуулагдсан 29 дүгээр хороонд ажиллалаа

Админ
2022/09/22

Баянгол дүүргийн хамгийн том нутаг дэвсгэртэй 20 дугаар хороо хоёр хуваагдаж 20, 29 дүгээр хороо болсон. Иймээс дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр шинээр байгуулагдсан 29 дүгээр хороонд ажиллаж, хорооны Засаг дарга болон хэсгийн ахлагч, зохион байгуулагч нартай уулзаж тулгамдаж байгаа асуудал болон цаашид хийх ажлын талаар санал солилцлоо.

Шинээр байгуулагдсан 29 дүгээр хороо нь онцлогтой. Тодруулбал, “Эрин”, “Хархорин”, “Өнөр” хороолол, 46/1, 47 дугаар байр гээд хүн ам ихээр төвлөрсөн хотхонууд ихтэй. Мөн “Хархорин”, “Шинэ Сандэй”, “Барс-2” зэрэг томоохон худалдааны төвүүд үйл ажиллагаа явуулдаг юм.

Хорооны Засаг дарга Д.Сүхбаатарын өгсөн мэдээллээр шинэ хороо нь 3500 гаруй өрхтэй. Иргэдэд анхан шатны төрийн үйлчилгээг үзүүлдэг хорооны тухай Засаг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагч, хэсгийн ахлагч гээд нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Хуучин хороо хоёр хуваагдахад хүн амын 70 орчим хувь нь 29 дүгээр хороонд харьяалагдах болсон бөгөөд шинээр байгуулагдсан учраас зарим нэг асуудал тулгардаг. Энэ нь хороонд улсын бүртгэлийн ажилтан байхгүй. Гэтэл иргэд сургууль, цэцэрлэгийн бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор хаягийн шинэчилсэн бүртгэлийг яаралтай хийлгэмээр байна гэсэн хүсэлтийг байнга ирүүлдэг гэдгийг онцолж байлаа.    

29 ДҮГЭЭР ХОРОО ЖИШИГ ХОРОО БОЛОХ БОЛОМЖТОЙ

Дараа нь дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар зарим мэдээллийг өгсөн. Тэрбээр “Манай дүүрэгт энэ онд есөн хороо шинээр байгуулагдсан. Үүний нэг нь 29 дүгээр хороо. Тус хорооны хувьд шинээр байгуулагдсан хотхон хорооллууд ихтэй. Үүнийг дагаад хотхон доторх тохижилтын ажил бусад хороодоо бодвол харьцангүй гайгүй. Мөн хорооны байр нь бүрэн тохижсон бөгөөд хүн ам хамгийн их төвлөрсөн “Эрин хороолол” дотроо байрладгаараа давуу талтай. Иймд та бүхэн төрийн анхан шатны үйлчилгээг иргэддээ ямар нэг чиргэдэлгүйгээр түргэн шуурхай хүргэж ажиллаарай. Иргэдийн хаягийн шинэчилсэн бүртгэл хийлгэх асуудалтай холбоотойгоор дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран нэгдсэн нэг мэдээллийг өгүүлэх болно. Мөн та бүхэн Өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ), халамж, улсын бүртгэлийн ажилтнуудтайгаа хамтран хуваарь гаргаж, иргэд оршин суугчиддаа шаардлагатай мэдээлэл, үйлчилгээг хүргэж ажиллаарай. Хорооны алба хаагчдыг чадвахжуулах асуудал дээр дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтсээс мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах болно. Танай хорооны хувьд томоохон хотхон хорооллуудтай, хорооны байр нь бүрэн тохижсон гээд олон давуу талтай учраас жишиг хороо болох боломжтой” гэсэн юм.

Мөн хорооны Засаг дарга болон хэсгийн ахлагч нарыг иргэд оршин суугчидтайгаа уулзалт зохион байгуулж, ирэх онд хороонд хийгдэх хөрөнгө оруулалтын ажилд санал авах нь зүйтэй. Мөн танай хороонд томоохон ААН-үүд үйл ажиллагаа явуулдаг учраас төрөөс хийж буй ажлыг дэмжиж ажиллахаас гадна нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн хөрөнгө оруулалтаар гадна тохижилт, бүтээн байгуулалтын ажил дээр анхаарал хандуулах талаар тодорхой саналууд гаргаж ажиллах нь зүйтэй гэдгийг онцлон хэлж байлаа.  

“ЭРИН ХОРООЛОЛ” ДОТОР ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛСНООР ТҮГЖРЭЛ БАГАССАНУулзалтын үеэр хорооны алба хаагчид “Энэ бүсэд өмнө нь улсын сургууль, цэцэрлэг огт байгаагүй. Харин Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд хүн ам хамгийн ихээр оршин суудаг “Эрин хороолол” дотор 450 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгтэй болсонд хорооны иргэд, оршин суугчид талархалтай хандаж байгаа. Хотхон дотроо цэцэрлэгтэй болсноор өмнө нь үүсдэг байсан замын түгжрэл хүртэл буурсан” гэж байсан. Мөн энэ үеэр хорооны хэсгийн ахлагч нар зарим саналыг хэлсэн. Үүнд,

  • “Хархорин” захын гүүрэн гарцыг амралтын өдрүүдэд нээлттэй байлгах
  • “Хархорин” захын гадна худалдаа эрхэлж байгаа хүмүүсийг төв зам дагуу замбараагүй худалдаа эрхлүүлэхгүйн тулд захын удирдлагуудтай ярилцаж  тусгай талбай гаргаж өгөх
  • Гурвалжингийн гүүрний 2 талын явган замыг засаж сайжруулах, Явган замын голд байгаа гэрэлтүүлгийг шилжүүлэх
  • Гурвалжингийн гүүрний доор байдаг том оврын техникүүдийг шилжүүлэх, нурсан даланг яаралтай засварлах
  • “Эрин хороолол”-ын урд байрлах далан гэрэлтүүлэг муутай, үүнийг дагаад гэмт хэрэг гардаг учраас цагдаа болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран газар дээр нь очиж нөхцөл байдалтай нь танилцах, шаардлагатай арга хэмжээг авч өгөх шаардлагтай байгааг онцолсон.  

Дүүргийн Засаг дарга хороны хэсгийн ахлагч нарын гаргасан саналуудыг хүлээн авч хариуцсан газар, хэлтэстэй нь хамтран шаардлагатай арга хэмжээг авч ажиллана гэсэн юм.

ӨЭМТ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 29-р хороонд ажиллах үеэрээ ӨЭМТ-ийн үйл ажиллагаатай мөн танилцсан. Тус ӨЭМТ нь өнгөрсөн онд 20 дугаар хорооны ӨЭМТ-ийн салбар эмнэлэг болж шинээр байгуулагдсан бөгөөд “Эрин хороолол”, “Хархорин” хорооллын оршин суугчдад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэсээр байгаа юм.

Энэ үеэр тус эмнэлгийн эмч нар “Өнөөдрийн байдлаар манай ӨЭМТ гурван эмчтэй, В, C вирус, цусны ерөнхий шинжилгээ, эсийн шинжилгээг хийдэг. Мөн эмчийн бичигтэй хорооны иргэддээ өдрийн эмчилгээг үзүүлдэг” гэсэн бөгөөд “Эрин хороолол”, “Хархорин хороолол”-д  нь залуу гэр бүл олноор амьдардаг. Иймээс нярайн шарлагын аппарат нэн шаардлагатай байдаг гэдгийг онцолж байлаа.Мөн “Эрин хороолол” нь хүн ам ихээр төвлөрсөн бөгөөд тус хотхоны оршин суугчид амрах, хүүхдээ салхилуулах талбай хомс байсан. Тэгвэл “Тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийх” төсөл арга хэмжээний хүрээнд Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тус хороололд хүүхэд залуус, оршин суугчдад зориулсан сүүдрэвч, гэрэлтүүлэг суурилуулах, тохижилтын ажлыг гүйцэтгэгч компани зураг, төсвийн дагуу гүйцэтгэсэн юм. Тохижилтын ажлын хүрээнд хоёр саравч, явган замын гэрэлтүүлэг, дасгал хийх төхөөрөмж зэргийг байрлуулж байгаа юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.154.239
    2022/09/23

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах