Б.Баянмөнх: Мөрөөрөө хөдөлмөрлөөд явж байгаа ногоочдыг ингэж гүтгээд байвал холбогдох байгууллагад нь хандана

2023/04/07

Сүүлийн үед зарим хэвлэлээр Баянгол дүүргийн удирдлагууд “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний үеэр 1000 машины зогсоолыг ногоочдод үнэ төлбөргүй түрээслэнэ гэсэн атлаа хүн тус бүрээс 500 мянган төгрөг хураан авч завшсан гэх мэдээлэл гарсан. Иймд “Улаанбаатар Төмөр зам” ХНН болон Баянгол дүүргийн ЗДТГ-тай  гурвалсан гэрээ байгуулж, ногоочдоо ахлан менежерээр ажилласан Б.Баянмөнхөөс зарим зүйлийг тодрууллаа.

-Та хэвлэлээр гарсан мэдээллүүдийг харсан байх. Баянгол дүүргийн удирдлагууд Намрын ногоон өдрүүд арга хэмжээний үеэр 1000 машины зогсоолд 100 гаруй ногоочдыг түрээс авахгүйгээр зогсооно гэсэн атлаа нэг ногоочноос 500 мянган төгрөг, нийтдээ 50 сая гаруй төгрөг завшсан гэх мэдээлэл гарсан байна. Дүүргийн удирдлагууд та бүхнээс түрээс авч хохироосон юм уу?

- Тайлбар хэлье. Ногоочид ямар ч түрээсийн төлбөр төлөхгүйгээр тэр талбайг ашигласан. Нэгэнт Дүүргийн ЗДТГ, “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтраад 100 гаруй хүний ажлын байрыг ямар нэг үнэ төлбөр авахгүйгээр шийдээд өгч байхад харин ч бид баярлах ёстой. Иймээс нийгмийн хариуцлагаа ухамсарлаж үйл ажиллагааныхаа зардлыг өөрсдөө гаргах ёстой гэж ярилцсан. Ингээд био 00, камер, хог ачилтын төлбөр, “Улаанбаатар Төмөр зам” ХНН-т өгөх барьцаа мөнгөө өөрсдөөсөө гаргах нь зүйтэй гээд гарын үсгээ зурцгаасан. Хамтдаа ярилцаад нэг хүнээс өдөрт ойролцоогоор 4000 төгрөг гэж тооцоод 3 сарын төлбөрийг хураасан. 1000 машины зогсоолд 100 гаруй ногоочин 115 хоног зогсож, хүнсний ногоогоо борлуулсан. Эдгээр хүмүүсээс  94 нь мөнгөө хураалгаж нийт 47 орчим сая төгрөг цугларсан. Түүнийгээ үйл ажиллагаандаа зарцуулсан. Бүх баримт нь энд байна.

-Тэгвэл хураасан мөнгөө яг юунд зарцуулсан талаар тодорхой тайлбар өгөхгүй юу?  

Нэгдүгээрт, “Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн Түрээсийн барьцаа төлбөр гэж дансанд нь 10 сая төгрөг байршуулсан. Төмөр замд 1000 машины зогсоол хүлээлгэж өгөхөд эвдрэл гарсан байна гээд дансанд нь байршуулсан дэнчин, барьцааны мөнгөө тэр хэвээр нь үлдээсэн. Тэр мөнгө одоо ч тэр дансандаа байгаа.

Хоёрдугаарт: Био 00 шинээр худалдан авч суурилуулсан. Та бүхэн бод. 1000 машины зогсоолд боловсон 00 байхгүй. Тэнд ногоо зарж байгаа хүмүүс 3 сар гаруйн хугацаанд ойр орчмын албан газрын үүдийг цохиод “бие засуулаач” гээд явах байсан уу. Биднийг хэн ч оруулахгүй шүү дээ. Иймээс мөн л 10-аад сая төгрөгөөр дээрх худалдан авалтыг хийсэн, баримт нь ч байна. Дээрээс нь 00 хариуцсан цэвэрлэгч нарыг тус бүр сарын 800 мянган төгрөгөөр цалинжуулж ажиллуулсан. Тэр хүмүүс маань үйлчлүүлж байгаа хүмүүсээс тодорхой хэмжээний төлбөр авч, ариун цэврийн цаас ариутгалын бодис зэргээ худалдаж авч, иргэдэд үйлчилж байсан. Бид тэр цэвэрлэгч нартаа баярладаг. Яагаад гэвэл тэнд ажиллаж байгаа 100 гаруй ногоочин, дээр нь үйлчлүүлж байгаа тэр олон хүний бохирыг цэвэрлэнэ гэдэг амаргүй шүү дээ. Тэгээд ч ногоочдын мөнгөөр худалдаж авсан 00 одоо ч 1000 машины зогсоолд хураалттай байгаа. Одоо очоод ч харж болно.

Гуравдугаарт:

1000 машины зогсоолд камер суурилуулсан. 360 градус эргэдэг том камер нэгийг, үүдний бичил камер 2-ыг авсан. Нийт 6 сая 600 мянган төгрөг болсон. Бүх баримт нь бий.

Дөрөвдүгээрт:

Баянгол дүүргийн ЗДТГ болоод “Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийнхэн маань ажлын байрыг шийдэж өгөөд байхад бид хог хаягдлаа өөрсдийн зардлаар, өөрсдөө шийдэх нь ёстой. Ер нь ногоо зарна гэдэг амаргүй, шороо, хог хаягдал их гардаг. Дээрээс нь цэвэрлэхгүй удвал үнэр ихтэй. Ажиллах орчноо бодсон ч, үйлчлүүлж буй иргэдээ бодсон ч тэр бид тийм бохир орчинд ажиллаж болохгүй. Иймд бид нэгдэж нийлээд цэвэрлэгч ажиллуулсан.Дээрээс нь бид “Баянгол Шинэ өргөө” ОНӨААТҮГ-тай Хог хаягдал тээвэрлэх, хураамж төвлөрүүлэх гэрээ байгуулж, төлбөр мөнгөө шилжүүлсэн. Гэрээ, баримт нь ч энд байна. Ногооны хаягдал гэж өдөртөө 4-5 машин хог гардаг. Дахин хэлье. Дүүргээс өчнөөн асуудал шийдээд өгч байхад бид хог шороо, энэ олон хүний ариун цэврийн асуудлыг та нар шийд гээд суух байсан уу. Биднийг дэмжээд асуудлыг шийдсэн хүмүүсээр цэвэрлүүлнэ гээд зүгээр сууж болохгүй биз дээ.   

-Та бүхний хураасан мөнгө үйл ажиллагааныхаа зардалд хүрсэн үү?

-Хүрээгүй. Иймээс өөрөөр нь зардлыг гаргуулах дотоод зохион байгуулалтыг хийсэн. Тухайлбал, хашаа руу орсон машин болгоноос 1000 төгрөг хураасан. Яагаад гэвэл нэг том машинаас ногоо буулгаад гарахад л 2 шуудай шороо гардаг. Түүнийг хэн цэвэрлэх юм. Тиймээс тэнд хөдөлгөөн зохицуулж байгаа залуус маань олсон орлогоо өөрсдөө аваад цэвэрлэгээний зардлаа өөрсдөө хариуцаад явсан. Бид зөвхөн зохион байгуулалтыг нь хийж өгсөн. Гэтэл биднийг мөнгө идэж уусан гээд шалгуулсан.

-Ямар хүмүүс гомдол гаргаад, хаана шалгуулсан юм бэ?

-Авлига өгсөн гээд намайг цагдаагаар, АТГ-аар шалгуулсан. Би бүх баримтаа өгсөн. Надад хууль бусаар хийсэн зүйл нэг ч байхгүй. Нэг зүйл хэлье. Урд нь “Барс” зах болон арын саад, мөн 10-р хороолол ортол зам дагуу ногоочид зогсчихсон, гудамж талбайг бохирдуулаад хог хаягдлаа ил задгай хаяад, түгжрэл үүсгэдэг байсан. Иймээс 2014 оноос хойш “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй ярьж хөөрч 1000 машины зогсоолыг гаргаж өгдөг болсон. Уг нь өмнө нь зүгээр үйл ажллагаа явуулдаг байсан. Гэтэл өнгөрсөн жил нэлээд асуудал үүссэн. “Тоса” худалдааны төвийнхөн гэнэт гарч ирээд ашиг олохын төлөө маргаан үүсгэсэн. Ингэхдээ нэг ногоочноос 1,5 сая төгрөг аваад зогсооно гэж байхад нь бид 500 мянган төгрөгийг үйл ажиллагааны зардал гэж гаргуулна гээд сүүлдээ тендер зарлах маягийн юм болцгоосон. Намайг шалгуулсан ч, АТГ-т өгсөн. Мөн Төмөр замын дотоод аудитынхан, хуулийн зөвлөх Баясгалан гэж хүмүүс над дээр хэд хэдэн удаа ирсэн. Нэлээд зууралдсан. Би хэлсэн. Надад цаг зав алга. Бид хэдэн ядарсан ногоочдыг битгий дуудаад гээд тайлбараа өгөөд гаргасан.  Бид 7-р сард зогсож эхлэх ёстой байдал хэрүүл хийсээр байгаад 8 сараас зогсож эхэлсэн шүү дээ.

-Тухайн үед дүүргийн Засаг дарга та бүхэнтэй уулзсан юм уу. Ямар нэг байдлаар мөнгө төгрөг авна гэсэн ойлголтыг төрүүлсэн юм уу?

-Тийм юм байхгүй. Үе үеийн ногоочид Баянгол дүүрэгтэй хамтарч ажилласаар ирсэн. Бид уг нь энэ асуудлаар хоёрдугаар сард хүсэлтээ өгч нэлээд хөөцөлдсөн. Гэтэл дундуур нь “Тоса”-гийнхон гэнэт орж ирж бужигнуулсан. Ийм үед Засаг дарга Ө.Сумъяабаатар биднийг хүлээн авч уулзан асуудлыг шийдсэн. Ингэхдээ та нар орчин тойрноо сайхан цэвэрхэн байлгаарай. Та бүхний дотоод асуудалд бид ямар нэг байдлаар оролцохгүй. Та бүхэн бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа хүмүүс шүү гэж хэлээд гаргасан. Дүүргийн ЗДТГ-ынхан болон Төмөр замын удирдлагуудад баярлаж байгаа. 

-Тэгвэл яагаад ийм асуудал гарах болов?

- Асуудлыг шийдээд өгснийх нь төлөө биднээс авлига авсан мэтээр яригдаж байгаад үнэхээр харамсаж байна. Мөрөөрөө бүх юм аа ном журмын дагуу хийгээд явж байгаа хүмүүсийн эсрэг ийм увайгүй зүйл яриад, улстөржүүлээд, нэг нэгнийгээ харлуулах юм яриад яваа хүмүүсийг гайхаж байна. Ажил хийж байгаа хүнийг ингээд гүтгээд, харлуулаад байвал Монгол Улс яаж хөгжих юм. Тэр бол ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлье. Намайг өмнөх дүүргийн Засаг дарга нар ч мэднэ. Д.Оросоо, С.Одонтуяа гээд. Тэд бичил ногоочдоо яг энэ хүн шиг дэмжээд  ажилладаг л байсан шүү дээ.

-Таныг ногоочдоос 500 мянган төгрөг хураана гэж ярьсныг таслаад нэвтрүүлэг болгон гаргасан байсан. Та харсан уу?

-Харалгүй яах вэ. Хүний яриаг таслаад, эвлүүлэг хийгээд ингэж гүтгэж болохгүй шүү дээ. Бид бол ногоогоо тариад Монгол Улсын иргэдээ эрүүл аюулгүй хүнсээр хангаад яваа бичил ногоочид. Гэтэл мөрөөрөө хөдөлмөрлөөд явж байгаа биднийг гүтгэсэн. Хэрэв биднийг ингэж гүтгээд байвал бид, манай ногоочид бас зүгээр байхгүй шүү гэдгээ хэлье.

 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.159.83
    2023/04/08

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.89.246
    2023/04/07

    Надад хятад их сонин орон шиг санагдсан

    Хариулах
  • 202.21.108.8
    2023/04/07

    Зөв яг зөв

    Хариулах