Сонгуулийн тухай хууль: Пропорциональ хэлбэрийг сонгогчдод илүү ашигтай болгох хувилбар

Х.Батсайхан
2023/04/14

УИХ-д өдгөө Сонгуулийн тухай хоёр хуулийн төсөл өргөн баригдаад байна. Хуулийн төсөл хоёул пропорциналь тогтолцоог тусгасан тул ирэх сонгууль холимог тогтолцоогоор явагдах нь тодорхой болсон.

 Ингэхдээ нэг нам үнэмлэхүй олонх байгаа боломжийг ашиглаад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 2012 оны алдаагаа /Сонгуулийн тухай хуульд пропорциналь хэлбэрийг тусгаж, 2012 онд сонгууль зохион байгуулсан ч 2016 онд Үндсэн хууль зөрчсөн гэдэг шалтгаанаар дахиж хэрэглэх бололцоогүй болсон/ засаж, Үндсэн хуулиар баталгаажуулах асуудал яригдаж буй. 

 Өөрөөр хэлбэл, пропорциональ тогтолцоонд маш том хамгаалалт дархлаа тогтоож, цаашид буцаж мажоритар руу ухрах боломжийг хааж /Сонгуульд пропорциональ хувилбарыг тусгасан үед нэг нам үнэмлэхүй олонх болох буюу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэмжээний суудал авах боломж бараг байдаггүй/ байна. 

Нэг нам олонх болдоггүй байдал нь “зовлон” болж /Олон нам тэнцүү суудал авах нь улс төрийн хямрал руу түлхдэг эрсдэл бий/, намууд хоорондоо зөвшилцөөд Үндсэн хуулиа өөрчилдөггүй л юм бол пропорциональ хувилбараар үүрд биш юм гэхэд нэг хэсэгтээ сонгуульдах нь ойлгомжтой боллоо.

Тэгэхээр, Сонгуулийн тухай хууль УИХ өргөн баригдсанаар пропорциональ хувилбарыг дархлах үйл явц нэгэнт эхэлсэн тул одоо пропорциональ доторх хувилбаруудыг авч үзэх цаг болсон гэж бодож байна.

Пропорциональ тогтолцоо нь дотроо “Нээлттэй” болон “Хаалттай” гэсэн хоёр хувилбар байдаг бөгөөд 2012 онд бид “Хаалттай” хувилбараар сонгуульдсан бөгөөд энэ удаа ч энэ л хувилбарыг авч үзэж, “Нээлттэй” хэлбэрийн талаар хэн ч ам нээхгүй буй.  

Пропорциональ тогтолцооны “Хаалттай” хувилбарт иргэд зөвхөн намын нэр дугуйлж, улс төрийн намын өөрсдийн шалгуураар эрэмбэлж жагсаасан улстөрчид тухайн саналын хувиар эхнээсээ сонгогддог зарчимтай.       

Энэ хувилбарын үед намдаа нөлөө бүхий, эс бөгөөс их мөнгөтэй нэгэн нэрээ жагсаалтад дээгүүр бичүүлээд шууд УИХ-д орж ирэх боломжтой байдаг. 

МАН-аар жишээлэхэд даргын хувьд Л.Оюун-Эрдэнэ шууд жагсаалтын нэгдүгээрт бичигдэж, улмаар УИХ-д баталгаатай орж ирнэ гэсэн үг.

Харин “Нээлттэй” хувилбарт сонгогч нам төдийгүй нэр дэвшигчдэд саналаа өгөх боломж бүрддэг.

Тухайлбал, Швед улс сонгуулиа пропорциональ тогтолцооны “Нээлттэй” хувилбараар явуулдаг бөгөөд улс төрийн намууд нь  дотооддоо санал асуулга явуулж, 5-аас дээш хувийн санал авсан бүх хүнийг жагсаалтад бичдэг байна. Өөрөөр хэлбэл, нам нь болзол хангасан нэр дэвшигч бүрийг жагсаалтад багтааж, ард түмэнд санал болгоно гэсэн үг.

Нидерланд улс ч мөн энэ хувилбарыг ашигладаг бөгөөд нэр дэвшигч жагсаалтын өмнө, хойно эрэмбэлэгдсэнээсээ үл хамааран Парламентад сонгогдох боломжтой байдаг. Жишээ нь, Нидерландын Цагаачлалын асуудал эрхэлсэн сайд Хилбранд Навяин гэгч жагсаалтын хамгийн сүүлд бичигдсэн ч сонгогчдын дэмжлэгийн хүчээр ялалт байгуулж байв. Намуудад биш, хувь улстөрчдөд, мөн сонгогчдод илүү ашигтай байх хувилбар гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.

НАМУУД ЖАГСААЛТАА "ҮНЭЛЭХ" ЭРСДЭЛ ҮГҮЙ БОЛНО 

Азийн улсуудаас нээлттэй хэлбэрийг Фижи, Индонез, Шри Ланка хэрэглэдэг байна. 

Гэхдээ сул тал мэдээж бий. Улстөрчдийн олон нийтэд таалагдаж нэр хүндээ өсгөх өвчинг сэдрээж, манайхны ярвгаар “попрол”-ыг дээд зэргээр хөөрөгдөнө. Улс төрийн нам бодлогоор, багийн тоглолт явуулах боломж хумигдана. Гэх мэтээр сул талууд бий. Төгс байсан бол илүү олон улсууд авч хэрэглэх байсан биз.

Манайх авч хэрэглэж болох юм гэсний гол шалтгаан нь 2012 оны сонгуулийн үеэр  гарч байсан ”Жагсаалт үнэлэх” гэх авлигын шинжтэй үйлдлээс сэргийлэх гэснийх юм. ХҮН-ын Т.Доржханд жагсаалтын дээгүүр эрэмбэлсний хариуд өөрөөс нь тэрбумаар тоологдох мөнгө нэхсэн тухай  “Алтан Дорнод”-ын Т.Ганболд өөрөө хэвлэлд ярьж байсан удаатай. Хэрвээ “Нээлттэй” хэлбэрээр сонгуульдвал жагсаалт үнэлэх арга явцгүй болж, намаас хамгийн нэр хүндтэй, олон санал авсан нь УИХ-д суух боломж бүрдэх юм.

ПРОПОРЦИОНАЛЬ ТОГТОЛЦООНЫ ХУВИЛБАРУУД, ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛУУД

Хаалттай: Сонгогч зөвхөн намын төлөө санал өгдөг. Нэрсийг нам өөрсдийн шалгуураар гаргадаг.

Сул тал нь, намдаа нөлөөтэй этгээд жагсаалтад багтан сонгогдох боломжтой.  

Нээлттэй: Сонгогчдод намаас гадна нэр дэвшигчийн нэр санал болгодог. Ингэснээр эрэмбэ гэх ойлголт үгүй болж, сонгогчдод санал болгосон бүх улстөрчдөд тэнцүү боломж үүсдэг. 

Пропорциональ тогтолцооны "Хаалттай" хувилбарын үед жагсаалтад бичигдсэн улстөрч намынхаа нэр хүндийг өсгөдөг тул жагсаалтад хэнийг бичих вэ гэдэг дээр намын удирдлагууд толгой гашилгах шаардлагатай байдаг. Нэр хүнд муутай хүмүүсийг дээгүүр эрэмбэлбэл сонгогчдын санал зугтана, эсрэгээрээ маш нэр хүндтэй нэгнийг хойгуур эрэмбэлэх замаар сонгогчдыг намдаа санал өгөхийг албадах ч арга байж болдог. Харин нээлттэй тогтолцооны үед намын бүх боловсон хүчнийг сонгогчдын өмнө дэлгэчих тул нам, сонгогч аль, аль нь тархиа гашилгах шаардлагагүй юм.   



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.82
    2023/04/15

    Жагсаалтаар хулгайч нар орж ирэх нь ээ дээ.

    Хариулах
  • 192.82.69.82
    2023/04/15

    Ард олоноос сонгогдоогүй .хүн ард түмний төлөөлөл биш Дэвшүүлсэн хэсэгтээ төлөөлөл байх биз. Намын жагсаалт ынхан УИХ ТӨЛӨӨЛӨХГҮЙ ХАТУУ ҮНЭН.

    Хариулах
  • 213.87.130.99
    2023/04/15

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.72.62
    2023/04/15

    Маш зөв гаргалгаатай бичжээ

    Хариулах