Боловсролын Ерөнхий хуульд орсон, англи хэлнээс чухал агуулгууд

2023/05/04

Хэд хоногийн өмнө төрийн байгуулалтын хороогоор анхны хэлэлцүүлэг хийсэн Боловсролын Ерөнхий хуульд туссан агуулгуудыг түүвэрлэн хүргэж байна. Энэхүү хуульд ороогүй, "Англи хэлийг ЕБС-ийн нэгдүгээр ангиас зааж эхэлнэ" гэсэн яриа уг хуулийг олон нийтийн анхаарлын төвд оруулаад байгаа билээ. 

Санааачлагчид нь хуулийн төсөлд дараах үндсэн эрх зүйн өөрчлөлтийг хийжээ. Үүнд:

  • Хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх боловсролын зорилго, зорилт, агуулгыг шинэчлэх;
  • Сургахаас суралцахуй руу чиглэсэн дэлхий нийтийн чиг хандлагын өөрчлөлтөд нийцүүлэн иргэний хөгжил, төлөвшил, ёс зүй, хандлага, чадамжид чиглэсэн сургалтын агуулга, боловсролын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх;
  • Боловсролын удирдлагын тогтолцоог оновчтой болгож, улс төрөөс хараат бус, чадахуйн зарчимд суурилсан хөгжил дэвшлийг хангах;
  • Боловсролын цахим шилжилтийг хангаж, цахим боловсрол, зайн сургалттай холбоотой харилцааг зохицуулах;
  • Чанар, үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг боловсронгуй болгох;
  • Боловсролын чанарын баталгаажуулалтыг боловсронгуй болгох 

Салбарын сайд харин төрийн болон хувийн боловсролын байгууллагуудын сургалтын чанарын ялгааг ярилгах механизм, хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх зорилготой гэж тодорхойлж буй. Дээрх бүгд хуулийн төсөлд шингээстэй бий.  Гэхдээ боловсруулалтын шатнаас л олонтаа ярьж байсан, ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг салбарын яам мэдэж томилдог байх зарчмаа оруулж чадаагүй байна. Ингээд та бүхэндээ хуулийн төслөөс анхаарал татсан, иргэд санал өгсөн зарим заалтыг түүвэрлэн хүргэе.   

Бага ангиас дээш түвшинд гэрийн сургалтыг хүлээн зөвшөөрч, баталгаажуулах зохицуулалт орсон.  

7.3. Иргэний амьдралын орчноос суралцахуйг хүлээн зөвшөөрч, үр дүнг баталгаажуулж болно.

8.2. Бага ангийн сургалтыг заавал танхимаар зохион байгуулна.

Суралцагчийн эрх, үүрэг, нийгмийн баталгааг илүү тодорхой болгосон.

10 дугаар зүйл. Суралцагчийн эрх, үүрэг

11 дүгээр зүйл. Суралцагчийн нийгмийн баталгаа

Багшийн эрх, үүрэг, нийгмийн баталгааг тодорхой болгосон

13 дугаар зүйл. Багшийн эрх, үүрэг, багш, ажилтны нийгмийн баталгаа

Санал өгсөн заалт

13.2.11. ажил хаялт болон цэцэрлэг, сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох, удирдах ажилтан хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ гүйцэтгэхэд саад учруулах үйлдэл гаргахгүй байх; 

-Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчиж байна.

13.3.5. сум, тосгон, баг дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрын багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, эмч, хоол зүйч, тогооч, багш, туслах багш, сэтгэл зүйчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгох;

-Боловсролын яам, газрын мэргэжилтнүүдийг энэ заалтад хамруулах ёстой.

-Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн багш нарыг хамруулъя.     

Шашны сургуулиас бусад боловсролын байгууллагад шашинтай холбоотой сургалт явуулахыг хориглосон.

18.6. Боловсролын байгууллага нь шашны сургалт, шашны зан үйл, холбогдох бусад үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно.

29.2. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 4.1.14-т заасан зөвхөн боловсрол, танин мэдэхүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сувагтай байж болно.

Боловсролын байгууллагын удирдлага, чиг үүрэг, шалгуурыг тодорхой болгосон.

38.2. Төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын байгууллагын захирал, эрхлэгч дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:

38.2.1. багш мэргэжлээр их, дээд сургууль төгссөн боловсролын удирдлага, сургалтын агуулга, арга зүй, үнэлгээний чиглэлээр энэ хуулийн 31.1.3-т заасан мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, төгссөн байх;

Санал өгсөн заалт

38.2.2. боловсролын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын байгууллагад багшаар 6-аас доошгүй жил, тэнхимийн эрхлэгч, албаны дарга, сургалтын менежер, арга зүйчээр 4-өөс доошгүй жил ажилласан, мэргэжлийн тэргүүлэх болон түүнээс дээш зэрэгтэй байх;

-Багш мэргэжилтэй, боловсролын асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллагад тасралтгүй 10 гаруй жил боловсролын асуудал хариуцан ажиллаж буй мэргэжилтнүүд байна. Эдгээр мэргэжилтнүүд багшаар ажиллаагүйгээс мэргэжлийн зэрэг авах боломжгүй байдаг. Тэд мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлагаараа захирал, эрхлэгчийн ажлыг хийх чадвартай, хуулийн төслийн 5.1.8.боловсролын байгууллагын удирдах албан тушаалтныг чадахуйн /мерит/ зарчимд үндэслэн сонгон шалгаруулах; зарчимд нийцсэн албан тушаалтнууд байдаг. Иймд саналд дурдсан албан хаагчдад захирал, эрхлэгчээр ажиллах боломж олгож, 38.2.2 дахь заалтад "Заавал багшаар ажилласан байх шаардлага тавилгүй, боловсролын асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллагад 10 доошгүй жил ажилласан байх;" шаардлагыг нэмж тусгах

Санхүүжилтийг өмнөх хуулиас илүү тодорхой болгосон.

42 дугаар зүйл. Боловсролын санхүүжилт

Санал өгсөн заалт

42.5.1. төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хуульд заасны дагуу эцэг, эх, асран хамгаалагчаас хариуцах зардлыг санхүүжүүлэх төлбөр, хандив, тусламж; 

-Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хуульд заасны дагуу эцэг, эх, асран хамгаалагчаас хариуцах зардлыг санхүүжүүлэх төлбөр ТАЙЛБАР: “хандив, тусламж” -ийг хасах, Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний гэр бүлд санхүүгийн дарамт үүсгэх магадлалтай.

Боловсролын байгууллагын орчинг шинээр тодорхойлж, зориулалт бусаар ашиглахыг хориглов

44.6. Боловсролын байгууллагын барилга байгууламж, эдэлбэр газрыг зориулалтын дагуу ашиглана.

Сул тал нь, өмнөтгөлд бичсэнчлэн, яам салбараа бүрэн мэдэж зохицуулах босоо удирдлагын тогтолцоог бүрдүүлж чадсангүй. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлагчийг томилох эрх улс төрийн нөлөөтэй хэвээр үлджээ. Цаашид хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдөх боломжтой.

36 дугаар зүйл. Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх  

36.1.10. аймаг, нийслэлийн боловсролын газраас зохион байгуулсан сонгон шалгаруулалтын болон боловсролын удирдах ажилтны шалгалтын дүнг үндэслэн орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх; 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна