ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГ: “Хөтөл” ХХК-ийн шүүх хурлыг түр хугацаанд түдгэлзүүлжээ


ХХБ-ны ТУЗ-ийн дарга, "Сахал" хэмээх Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий "Хөтөл" ХХК-ийн "Цемент шохойн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ" хэмээн Хөгжлийн банкнаас 61.3 сая.ам долларын зээл авсан хэргийг Шүүхээс түр хугацаанд түдгэлзүүлжээ.  

Хөгжлийн банкнаас уг зээлийн эргэн төлөлтөд бодит хор уршиг, хүү тооцож 110.3 сая ам.доллар буюу 389.1  тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргаад байгаа юм.

Зээлийг анх олгохдоо үйлдвэрийн тоног төхөөрөмж, тодорхой хэмжээний хувьцааг барьцаалснаас гадна зээлээр бий болсон хөрөнгийг нэмж барьцаалах нөхцөлтэйгөөр олгосон ч зээлийн санхүүжилтээр бий болсон цемент шохойн үйлдвэрийг одоо болтол барьцаалаагүй байгаа аж. Мөн “Хөтөл” компанийн хувьцаа эзэмшигч нь нас барж, өв залгамжлалын асуудал дөрвөн жил гаруйн хугацаанд тодорхойгүй байдалтай байгаа нь шүүхийн шатанд шийдвэр гарахад хүндрэл үүсгэж байгаа юм байна. 

Эргэн сануулбал, Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоолыг үндэслэн Цемент шохойн үйлдвэрийг “39.7 тэрбум төгрөгийн өр төлбөрийг төлөх" нөхцөлтэйгөөр төрийн эзэмшлийн хувьцааг “Хөтөл” ХХК-д худалдан хувьчилсан байдаг. 

Тус компани зээлээ эргэн төлөхгүй, чанаргүй зээлийн ангилалд шилжсэн асуудалтай холбогдуулан төрийн ашиг сонирхол зөрчигдсөн үндэслэлээр УЕП тус шүүх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байсан юм.

Гэтэл Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 124 дүгээр тогтоолоор 2015 онд Засгийн газраас гаргасан хувьчлах зүйлсийн жагсаалтад багтсан тус компанийн хувьчлалыг хүчингүй болгох шийдвэр гарч, цемент шохойн үйлдвэрийг төр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан.

“Хөтөл” ХХК-ийн 100% хувьцаа эзэмшигч нь 2018 онд нас барсан бөгөөд 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр СБД-ийн нотариатч П.Хишигжаргалаас талийгаачийн хүү Б.Тулгад өвийн гэрчилгээг олгосон. ТӨБЗГ-аас Б.Тулгад олгосон өвлөх эрхийн гэрчилгээг зөвшөөрөлгүй СБД-ийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. 

Тус шүүх хурал энэ оны тавдугаар сарын 11-нд болж, прокуророос хоёр төрийн байгууллага нэхэмжлэгч, хариуцагч болсон тул төрийн эрх ашгийг хамгаалах асуудал зөрчигдөхөөр байгаа тул шүүх ажиллагаанаас татгалзах, мөн хариуцагч Б.Тулгын өмгөөлөгчөөс өвийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх эсэх нь шүүхээр шийдвэрлэгдэх тул тус шүүх хурлыг түдгэлзүүлэхээр хүсэлт гаргасан байна.

Шүүхээс дээрх хоёр хүсэлтийг ханган, СБД-ийн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд тус шүүх ажиллагааг түр хугацаанд хүлээх буюу түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.161.50
    2023/05/20

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.90.67
    2023/05/19

    Жанхуу Монголын шүүхийг атгасан хэвээр байна.

    Хариулах
  • 66.181.179.134
    2023/05/19

    Аргагүй л эзэн юм даа бидний

    Хариулах