40, 50 мянгатыг дахин барилгажуулахдаа хуучин маягийг хадгална

Х.Есү
2023/06/02

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар хүн амын тооцоот нягтралын хязгаарыг давсан байршлуудыг тогтоож, өөрчлөлт хийх талаар хэлэлцлээ.

Энэ талаар Нийслэлийн хот байгуулалтын хөгжлийн дарга Ц.Тулга “Хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн байдалд сөргөөр нөлөөлж, цаашлаад төлөвлөлтгүй суурьших, агаар, хөрс доройтох, дуу чимээ нэмэгдэх, гэмт хэрэг зөрчил ихсэх зэрэг хүндрэл учирч байна” хэмээн танилцууллаа.

“Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”-д заасны дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд 1 га газарт 460 хүн байх ёстой. Харин энэ хязгаарыг давсан 88 хэсгийн 733 га талбай байгаа аж. Мөн одоо байгаа барилгаас гадна 4560 барилга архитектур төлөвлөлтийн даалгавраа авсан нь нягтаршлыг улам нэмэгдүүлэх төлөвтэй байна. Хамгийн их нягтаршил Яармаг орчимд үүсэж байгааг Хот байгуулалт хөгжлийн газрын дарга хэлэв. 

Нягтаршил байх ёстой хэмжээнээс давсан дээрх газруудад инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх олгохгүй байх Нийслэлийн Засаг даргын захирамж 2018 онд гарсан. Уг шийдвэрийг хот байгуулалт, газрын харилцааны үйл ажиллагаанд мөрдөн ажилладаг. Иймээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар уг байршлуудад газар өмчлөх, ашиглах эрх олгохгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлах, өөрчлөлт явуулах үйл ажиллагаа явуулахыг хориглох шийдвэр гаргах шаардлагатай байгаа талаар онцоллоо. 

Төлөөлөгч П.Ганзориг хэлэлцүүлгийн үеэр өнөөдрийн нийслэлийн тулгамдсан асуудал болох түгжрэл, хэт төвлөрөл, орчны бохирдол зэрэг асуудал хууль, журам, стандарт мөрдөхгүйгээр барилгажуулсан холбоотой. Цаашид энэ байдлыг хэрхэн засаж залруулах вэ гэдгийг тодрууллаа. Хүн амын нягтралаас гадна барилгажилтын нягтралыг тооцоолж байгаа нь хуулийн хэрэгжилтийг мөрдүүлэх зорилготой гэдгийг Ц.Тулга хэлсэн юм. Харин төлөөлөгч М.Халиунбат Сүхбаатар дүүргийн 1-10 хороо буюу хуучны орон сууц бүхий хэсгийг тодрууллаа. Олны хэлж заншсанаар 40 мянгат, 50 мянгатын хуучны орон сууцуудыг дахин барилгажуулахаар төлөвлөсөн. Гэвч 3 давхар бүхий хуучны барилгыг нурааж шинээр төлөвлөхдөө давхраа нэмж байгаа асуудлыг хөндлөө. Үүнийг энэхүү бодлогын баримт бичигт хэрхэн тусгаж байгаа вэ гэсэн юм. Тэгвэл дахин барилгажих төслийг нийгэм, эдийн засгийн талаас харахын өмнө хот байгуулалтын асуудлыг нэн тэргүүнд тавих ёстой гэв. Ц.Тулга “...Дахин барилгажих төслийг хэрэгжүүлэх компанид, ялангуяа 40, 50 мянгатын барилгуудын хуучин хэв маягийг хадгалах үүднээс өөр хувилбар санал болгоно. Өөр байршилд газар шийдэж өгөх зэрэг хувилбарууд бий” гэсэн юм. Энэ асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэнэ. 

Түрээслээд өмчлөх орон сууцны гэрээг шинэчлэх шаардлагатай байна

Нийслэлээс хэрэгжүүлж байсан түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны гэрээг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна. Анх буюу 2019 онд нийслэл түрээслээд өмчлөх 972 айлын орон сууцад иргэдийг оруулж байсан. Тэгэхдээ нийт байрны 30 хувийг нь түрээслээд өмчлөх, 30 хувийг энгийн түрээс, үлдсэн 40 хувийг газрыг орон сууцаар солих хэлбэрээр иргэдийг хамруулж эхэлсэн. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах “Буянт ухаа-2” хороололд 290 иргэн 5 жилийн хугацаатайгаар ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгааг хүүгүй нөхцөлөөр бүрдүүлэхээр гэрээ байгуулсан. Энгийн түрээсийн 290 иргэн Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 25 дугаар тушаалаар батлагдсан түрээсийн 1мкв талбайг 6000 төгрөгөөр тооцон 3 жилийн хугацаанд түрээслэн амьдарсан. Гэвч гэрээний хугацаа дуусгавар болж, дахин сунгах боломжгүй болсон байна. Газрыг орон сууцаар солих арга хэмжээний тухайд 327 орон сууцад иргэдийг оруулсан. Харин чөлөөлөгдсөн газруудад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн үр ашиг гарахад 3-5 жил шаардлагатай байгаа аж. Уг 972 айлын орон сууцаас орсон орлогоор уг барилгыг санхүүжүүлсэн зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийх боломжгүй болсон байна. Тодруулбал, Хөгжлийн энэ асуудлаар Хөгжлийн банкинд 25,3 тэрбум төгрөгийн зээлийн зөрчил үүссэн байна. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкинд зээлийн эргэн төлөлтөөр 23,8 тэрбум төгрөгийн төлөлт хийсэн. Гэвч үндсэн зээлээс 61,1 тэрбум төгрөгийн үлдэгдэл бий аж. Иймд цаашид энгийн түрээсээр амьдарч буй иргэдийн гэрээг шинэчлэн тогтоож, орон сууцны үр ашгийг нэмэгдүүлж, сул орон сууцыг худалдан борлуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байгаа талаар танилцууллаа. Уг асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. 

Нийслэл ₮4.8 их наядын өмчтэй 

Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн тооллогын нэгдсэн дүнгээр нийт 4,8 тэрбум /дөрвөн их наяд найман зуун гучин есөн тэрбум, хоёр зуун тавин есөн сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийн эд хөрөнгө бүртгэгджээ. Энэ удаагийн үзлэг тооллогод нийслэлийн өмчийн оролцоотой 821 байгууллага хамрагдсан байна. Тухайлбал 271 цэцэрлэг, 140 сургууль, 28 эрүүл мэндийн байгууллага, 129 өрхийн эмнэлэг, 151 төсөвт байгууллага, 93 үйлдвэрийн газар болон нийслэлийн өмчийн оролцоотой 9 хуулийн этгээд байгаа юм. Нийслэлийн өмчийн тооллогын нэгтгэлийг товч танилцуулбал, барилга байгууламжийн нийт дүн 2.03 их наяд байгаа юм. Мөн нийслэлийн өмчит 324 байгууллагад 2709 тээврийн хэрэгсэл тоологдсон байна. Түүнчлэн 582 худаг, цэвэр усны цооног, 7 услалтын систем байна. Нийслэлийн орон сууцны корпораци болон Нийтийн тээврийн балансад 6 нэрийн оюуны өмч бүртгэлтэй байгаа бол нийслэлийн хэмжээнд 990 нэрийн түүх соёлын дурсгалт зүйл байгаа аж. Сонирхуулахад Нийслэлийн байгаль орчны газар 30.6 сая төгрөгийн үнэлгээ бүхий 20 минжтэй гэж тоолуулжээ. Энэ нь нийслэлийн үндсэн сүргийн дансанд бүртгэлтэй байдаг юм. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.195.246
    2023/06/03

    Францад гудамж руу харсан ханыг нь үлдээгээд бусад ханыг нь нураагаад шинээр барьж байхыг нь харж блаа

    Хариулах
  • 202.21.107.20
    2023/06/03

    40 50 мянгатыг шинэчилж барихдаа өндөр барилга ОГТ ХЭРЭГГҮЙ!!!! ЭНИЙГ АНХААРААРАЙ!!!

    Хариулах
  • 213.87.135.220
    2023/06/03

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах