-Оросоос өөр улсаас шатахуун авахыг эсэргүүцэж, “чичирч” буй нь хэний эрх ашиг вэ-
Ойрын өдрүүдэд өрнөж буй үйл явцаас ОХУ-аас шатахуун импортлодог томоохон аж ахуй нэгжүүд, тэдний “утсан хүүхэлдэй” нар боож үхэхээс наагуур гүйж яваа нь анхаарал татаж байна.
Тухайлбал, Ц.Пүрэвдорж, Ж.Батсуурь нар Үндсэн хуулийн цэцийн гадна очиж хэвлэлүүд дуудаж баахан сүржигнээд зогсохгүй, Ц.Анандбазар тэргүүтнүүд төрийн ордноос “хашгирч” суугаа нь хачирхалтай.
Сүүлийн жилүүдэд манай улс шатахууны хомсдолд орж, үе, үе гал алдаж, үнэтэй шатахуунд дугаарладаг болсон. Тухайн үед зохиомол хомсдол үүссэн эсэхийг тагнуулаас хүртэл шалгаж байв.Магадгүй үүний ард импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан эсэх асуудал ч анхаарал татдаг.
Ер нь л дотоодын импортлогчид Засгийн газарт улс төрийн шахалт үзүүлж, зохиомол хомсдол үүсгэсэн асуудал нэг биш удаа гарсан нь нууц биш.
Уг асуудлаар өчигдөр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Оросын шатахууныг борлуулдаг хэдхэн том компани бий. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд тэд Оросуудтай нийлж, зах зээлийг барьж байгаа. Гэтэл ард түмний хувьд үнэ нэмэгдэж байна уу, үнэтэй юу, хямд уу гэдэг л чухал. Тиймээс Онцгой албан татварын хууль нэг аж ахуй нэгжид зориулсан хууль болсон байна ингэж Үндсэн хуулийн цэц үзсэн. Ийм байж болохгүй” хэмээсэн юм.
Тэгвэл өнөөдөр Шатахуун хэрэглэгчдийн холбооноос шударга бус өрсөлдөөн, монополь байдлыг эсэргүүцэж мэдээлэл хийв. Тус холбооны Гүйцэтгэх захирал н.Сайнбаяр “Хуурамч шатахуун гэж байхгүй. Харин шатахуун нийлүүлдэг бүх компаниас зөрчил илэрсэн. Хэдхэн том компанийн эрх ашгийг УИХ-ын гишүүд хамгаалдаг байж болохгүй. Ц.Пүрэвдорж нарын гишүүдийг Ц.Анандбазараас Бага тэнгэрийн аманд хаус авсан гэдэг асуудал ч явж байна. Үүндээ хариулт өгөх ёстой.
Мөн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах ёстой. Б.Пүрэвдорж мэтийн гишүүд мэдэхгүй салбар, сэдвээрээ попрохоо больё” гэж уриалсан юм.
Үүнтэй зэрэгцээд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо хуралдаж, Онцгой албан татварын хууль Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авч, УИХ-д танилцуулахаар болов.
Тухайлбал, "Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.5 дахь заалтад "газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй" гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн байна.
Мөн "Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.5 дахь заалтад "газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй" гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Улстөрчид, импортлогчдын дунд иргэд хохирох ёсгүй гэдгийг хаа, хаанаа бодож шийдвэр гаргах зайлшгүй шаардлага бий юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.248
Aimshg
Хариулах