Орос “Дизелийн түлшээ үйлдвэрлэ” гээд түүхий эдийг нь татгалзалгүй өгч байхад монголчууд эсэргүүцэж болох уу

Х.Батсайхан
Өчигдөр 16 цаг 05 минут

Монгол улс чөлөөт өрсөлдөөнт эдийн засагт шилжээд 30 гаруй жил өнгөрсөн ч газрын тосыг иж бүрэн боловсруулах /газрын тосноос ялгадаг шатахуун, дизелийн түлшнээс эхлээд мазут, асфальт хүртэл/ нэг ч үйлдвэр барьж чадаагүйг бид бүгд мэдэж байгаа. Өнгөрсөн хугацаанд эрх баригчид, хувийн хэвшил аль, аль нь энэ талаар хүчин чармайлт гаргасан ч ямар нэгэн хачирхалтай учир шалтгааны улмаас өөрсдөө зогсоож ирсэн түүхтэй.

АН-ын Ч.Сайханбилэгийн “Шийдлийн” Засгийн газар 2016 оны хоёсрдугаар сард Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд барихаар шийдэхэд МАН-ын Ж.Эрдэнэбатын “Мэргэжлийн” Засгийн газар арванхоёрдугаар сарын 14-нд нь Дорноговийн Сайншандад барихаар байршил шилжүүлээд аль, аль нь баригдаагүй. Гэхдээ Засгийн газрууд энэ асуудал дээр тайлбар өгдөггүй. Харин тэдний өмнөөс Монголын нефть импортлогчид, тэр дундаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нэгэнтээ “БНХАУ, ОХУ-д хувь эзэмшүүлэхгүй бол манайд үйлдвэр баригдахгүй” гэсэн тайлбар өгч байжээ.

Тодруулбал, дээр дурдсан Шийдлийн Засгийн газраас боловсруулах үйлдвэр барих шийдвэр гарсны дараа болсон “Газрын тос ба Монгол Улсын эдийн засаг” олон улсын хуралд тавьсан “Газрын тос ба эдийн засгийн аюулгүй байдал” илтгэлдээ ингэж бичсэн байна. Гэхдээ тэрхүү илтгэлээс дээрх тайлбар гэхээсээ илүү эхлэл хэсэг нь анхаарал татдаг.

Илтгэл илүү ч үгүй, дутуу ч үгүй “Монголд нефть боловсруулах үйлдвэр барих гэхээр нефть импортлогчид монопольдож байгаад зогсоочихдог гэсэн яриа байдаг. Нэг талаас нь харвал үнэн л дээ. Монголын импортлогч компаниуд үйлдвэр барихын эсрэг зуун хувь зогсдог” гэж эхэлдэг. Цаашаа мэдээж, “Гэхдээ үнэндээ тийм биш, бид дэмждэг” энэ, тэр гэх ч эцсийн дүгнэлт нь дээр хэлсэнчлэн “Орос, Хятадыг оролцуулахгүй л бол манайд хэзээ ч газрын тос баригдахгүй” гэсэн санаагаар дуусдаг.

Эндээс гурван асуулт гаргаад хариулах гэж оролдъё. Нэгдүгээрт, нефть импортлогчид үнэхээр Монголд газрын тосны үйлдвэр барихыг дэмждэг үү гэж. Эхний өгүүлбэрээс харахад энэ худлаа гэж харагдана. Хоёрдугаарт, Орос, Хятадыг оруулахгүй л бол боловсруулах үйлдвэр баригдахгүй гэж үнэн үү. Яг одоо байгаа нөхцөл байдлыг харвал бас л үгүй. ОХУ манайд дизелийн түлшний түүхий эд болох керосин, нафтаг дуртай зардаг. Хэрвээ дэмждэггүй байсан бол юу гэж өгөх билээ. Баригдаагүй ч гэсэн төслийн шатанд хүртлээ урагшилсан нэг бус төсөлд /Жишээ нь, Дарханд баригдах байсан үйлдвэр/ түүхий эдээ ОХУ-аас авахаар тооцож, урдчилсан тохироогоо хийдэг байсан. “Ав” л гэдэг байсан.

Тэгэхээр, газрын тос боловсруулах үйлдвэрийг оросууд биш, харин яг одоогийн нөхцөл байдлыг харвал монголчууд өөрсдөө, тэр тусмаа нефть импортын бизнестэй хэдхэн хүн эсэргүүцдэг гэж хэлэхэд болохоор байна.

ОХУ-аас керосин, нафта зэрэг түүхий эд оруулж ирж дизелийн түлш үйлдвэрлэдэг ААН-үүдийг Онцгой албан татварын хуулиар дарамталж, шударга бусаар өндөр татвар ногдуулж зах зээлийг нь эзэлснээс шууд ингэж дүгнэж болж байна. Учир нь, дизелийн түлшний зах зээлийн 10 хувь буюу хувьчилбал бага ч мөнгөн дүн нь багагүй орлогыг нефть импортлогчдод нээж өгч байгаа нь маргашгүй үнэн.

Монголд нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хөгжлийнхөө шатанд явж байсан ААН-үүдийг унагаж байгааг нь харсан ч, Монголын шатахууны зах зээлийг олон жил атгаж, УИХ, Засгийн газрыг хүртэл “базаж” /олон жишээ дурдаж болно, жишээ нь, Б.Пүрэвдоржийн санаачилсан түүхий эдэд онцгой татвар ногдуулах хууль/ хагартлаа баяжсан хэр нь ОХУ, БНХАУ-ын түншүүдтэйгээ ярьж байгаад жижиг ч болтугай ганц үйлдвэр босгочихоогүйг нь бодсон ч дайснууд дотроосоо байна. Тэр тусмаа салбарынхан өөрсдөө байна. Ийм юм байж болох уу. Оросууд “Дизелийн түлшээ үйлдвэрлэ” гээд түүхий эдийг нь татгалзалгүй өгч байхад  монголчууд эсэргүүцэж байна шүү дээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 36.113.212.54
    12 цагийн өмнө

    Хуурамч шатхуун хийдэг биз дэ

    Хариулах