Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.07.05) Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ерөнхий нарийн бичгийн дарга Стэфано Саннино тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Монгол Улс, Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай тогтоосон харилцаагаа өндрөөр үнэлдэг. Европын Холбоог манай “гуравдагч хөрш” хэмээн үздэг бөгөөд энэ нь манай гадаад харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг” хэмээгээд Европын Холбоо, түүний гишүүн улсууд Монгол Улсад өрнөсөн ардчилал, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтийг тууштай дэмжиж ирсэн төдийгүй цар тахлын хүнд бэрх цаг үед ч ойр дотно хамтран ажилласанд талархалтай байдгаа илэрхийллээ.
Европын Холбоотой харьцуулахад Монгол Улсын ардчилал харьцангуй залуу боловч Улсын Их Хурлаас хүний эрхийг хамгаалах, ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн хууль эрх зүйн орчныг үе шаттайгаар бүрдүүлсээр байна. Тухайлбал, Монгол Улс Ази тивд Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан анхны улс болсон төдийгүй Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцээд Улсын Их Хурал анх удаагаа тайлангийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг батлан хэрэгжүүллээ. Мөн хэдхэн хоногийн өмнө парламент “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” тогтоолыг батлаад байна гэлээ.
Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ерөнхий нарийн бичгийн дарга Стэфано Саннино Монгол Улсад анх удаа ажлын айлчлал хийж буйгаа дурдаад Европын Холбоо, Монгол Улс нь газар зүйн хувьд алслагдсан ч, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсээр нэгдмэл байж, зүрх сэтгэлээрээ ойр байдаг. Европын Холбоо болон Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан эрчимтэй бэхжиж буйг онцлон тэмдэглэсэн юм.
Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Европын Холбооноос дэмжин “Ойн түншлэл” хөтөлбөртөө хамруулан ажиллахаар болсныг дурдаад нийгэм, худалдаа, эдийн засаг, аюулгүй байдал, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бүрэн боломжтой гэв.
Хоёр талын харилцааг улам бүр бататгаж, бүх салбарт өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллагын ойр дотно хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг талууд санал нэгтэй тэмдэглээд цаашид хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэх таатай нөхцөл бий болгоход үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцааны өнөөгийн төлөв байдал, хамтын ажиллагааны цаашдын чиг хандлага болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна