Улсын ерөнхий прокурорын газраас нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас хамтарсан ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэгт нийт 62 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 6 прокурор хяналт тавин ажиллаж байна.
Ажлын хэсгээс одоо нийт 42 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаагаас хэрэг бүртгэлтийн 24, мөрдөн байцаалтын 18 хэрэг шалгагдаж байна.
Нийслэлийн прокурорын газраас “эрх бүхий албан тушаалтнууд нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгосон, төмөр замын барилгын ажил гүйцэтгэх, бараа ажил үйлчилгээ худалдан авах тендер сонгон шалгаруулахад эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авч, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэх 58 хүнд холбогдох, 7 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Одоо тус прокурорын газарт 26 яллагдагчтай болон 1 яллагдагчтай, нийт 2 хэрэг шүүхэд шилжүүлэх саналтай хянагдаж байна.
Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой гэмт хэргүүдэд нийтийн албан тушаалтан 89, хуулийн этгээдийн авлигал өгсөн гэх албан тушаалтан 19, иргэн 30, 2 хуулийн этгээд тус тус яллагдагчаар татагдсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос мөрдөх байгууллагуудад орон байранд нэгжлэг хийх зөвшөөрөл 201, хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлах зөвшөөрөл 26, мэдээлэл баримт бичиг гаргуулах зөвшөөрөл 108, эд зүйл хураан авах зөвшөөрөл 18, нийт 353 зөвшөөрөл олгосон.
Ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаагаар 201 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 1073 удаа, гэрчээр 2425 хүнээс мэдүүлэг авч, 1557 баримт материал холбогдох байгууллагаас гаргуулан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Одоогийн байдлаар эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, 97 үл хөдлөх хөрөнгө, 49 тээврийн тээврийн хэрэгсэл, 5 газар, 2 хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 43 хуулийн этгээдийн арилжааны банкин дахь зарлагын гүйлгээг, 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт, цаас бондын шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарлаад байна.
Эх сурвалж: Улсын ерөнхий прокурорын газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна