АМГТГ-ын алдаанаас болж татвар төлөгчдийн 300 тэрбум төгрөг “салхинд хийсэх үү”

Zuv.mn
2023/07/19

-Засгийн газар 60 сая ам.долларын өрөнд ороход ойрхон байна-

Монгол Улсад ураны хайгуул, олборлолтын чиглэлээр ажиллахаар “Мон Атом” ТӨК-тай хамтран “Гурвансайхан” ХХК-ийг үүсгэн байгуулж 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан Чех улсын хөрөнгө оруулагчид Ашигт малтмал, газрын тосны газрын алдаатай үйл ажиллагаанаас болж Шүүхээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө цуцлуулан хүнд байдалд орсон талаараа өнгөрсөн сард олон нийтэд мэдээлж, Шүүх алдаагаа залруулахгүй бол Монгол Улсын Засгийн газрыг Олон улсын арбитрын шүүхэд өгнө гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл энэ асуудал одоог хүртэл шийдэгдээгүй, Чех хөрөнгө оруулагчид Засгийн газрыг Олон улсын шүүхэд өгвөл гарцаагүй ялах, өөрөөр хэлбэл Засгийн газар 300 тэрбум төгрөгийн өрөнд ороход ойрхон хэвээрээ байна.

Хэргийг тодруулбал, Чех улсын нэр бүхий хөрөнгө оруулагчид ураны хайгуул олборлолтын чиглэлд ажиллахаар Ашигт малтмал, газрын тосны газраас Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг авчээ. Монгол Улс ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 20 жилийн хугацаатай олгодог хуультай ч тухайн үед АМГТГ техникийн алдаа гаргаж, 30 жилээр олгочихсон аж. Хөрөнгө оруулагчид үүнийг тухайн үед нь мэдэж, “Хуулиараа 20 жил байх ёстой шүү дээ. 20 жилийн хугацаатай гаргуулж авья” гэж хүсэлт тавихад “Манайд ашигладаг программ 20 жилээр гаргах боломжгүй” гэсэн учир битүүлэг хариу өгч, “Ямар ч асуудалгүй” хэмээн тайвшруулжээ. Цөмийн энергийн газар зэрэг төрийн байгууллагууд хууль ёсны хэмээн хандаж, зохих зөвшөөрлийг олгож байсан нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлсэн тул энэ асуудлыг орхисон байна.

Удалгүй Монголын төрийг төлөөлсөн “Мон Атом” компанитай хамарсан компани байгуулж, хуулийн дагуу 51 хувийг нь эзэмшүүлэн, өөрсдөө 49 хувийг нь эзэмшиж хөрөнгө оруулах үүргээ биелүүлж иржээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 60 сая ам.доллар буюу 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн аж. Тодорхой нөөц илрүүлэн, үйл ажиллагаа нь ч амжилттай явж байжээ. Гэтэл 2022 оноос “Баяншарга сан” гэх ТББ тус компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж, “Мал, амьтан ихээр үхэж байна” гэх баримт нотолгоогүй шалгаанаар тэмцэл өрнүүлж, үйл ажиллагаанд нь саад учруулах болсон байна. Энэ ТББ болон Дундговь аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Г.Мөнхцэцэгийн хүсэлтээр өнгөрсөн гуравдугаар сард БОАЖЯ-наас тус компанийн үйл ажиллагаа явуулдаг Гурвансайхан, Өлзийт, Баянжаргалан, Өндөршил сумын нутаг дэвсгэрт оршдог Чойр,  Гурвансайхан, Хайрхан гэсэн гурван талбайд цацрагийн, байгаль орчны чиглэлээр шалгалт хийж улсын байцаагчийн дүгнэлт гаргасан бөгөөд “Орчны хөрс, уснаас авсан дээжүүдэд "SGS" компани, хөндлөнгийн хими, хими технологийн хүрээлэнгийн эрдсийн болон элементийн найрлага тодорхойлох шинжилгээг хийлгэхэд "Гурвансайхан" ХХК-ийн хайгуулын өрөмдлөгөөс гарч байгаа хөрс нь тухайн нутаг дэвсгэрийн хөрсний найрлагатай ижил бөгөөд түүнд агуулагдаж байгаа өрмийн ханыг бэхжүүлэгч бодисын эзлэх хувь нь тухайн хөрсний найрлагад 6.8-20.2 буюу бага хувийг эзэлж байгаа нь хүний амь нас болон хүрээлэн буй орчинд нөлөөлөх байдал үүсгээгүй” гэж дүгнэсэн байдаг аж.

Мэргэжлийн байгууллагын дүгнэлт ингэж гарсны дараа “Баяншарга сан” ТББ шүүхэд дээр хэлсэн, “20 жилээр өгөх ёстой зөвшөөрлийг 30 жилээр олгож хууль зөрчсөн” гэдэг үндэслэлээр хандаж, Шүүхээс тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосноор одоогийн эрссдэлтэй нөхцөл байдал үүсжээ.

Энэ тохиолдолд Шүүхийн шийдвэрийг буруутгах аргагүй ч анхнаасаа алдаатай лиценз олгож, гаргасан алдаагаа залруулаагүй АМГТ, уг лицензийг нь хүлээн зөвшөөрч, хамтарсан компани байгуулан 300 тэрбум төгрөгийг нь зарцуулах боломж олгосон Цөмийн энергийн газар, “Мон Атом” ТӨК-ийг буруутгаж болно. Дээрх субъектүүд бүгд төрийг төлөөлсөн байтлаа өнгөрсөн 10 жилд буюу Шүүхээс лицензийг цуцлах хүртэлх хугацаанд гаргаж өгсөн материалтай нь танилцсан мөртлөө хууль ёсных хэмээн хүлээн зөвшөөрч, зохих зөвшөөрлүүдийг олгон хүний хөрөнгийг гаргуулж авсан байдаг.

Хэрвээ энэ хэрэг Олон улсын Арбитрын шүүхэд шилжвэл манайх баталгаатай ялагдана. Засгийн газар өмнө нь “Хан ресурс” гэх Канад компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, 100 сая ам.долларын өрөнд орж байсан. Олон улсын шүүхэд хөрөнгө оруулагчдыг хохироодог гэсэн ойлголт үүсгэчихсэн байгаа. Дээр  нь Чехийн хөрөнгө оруулагчдын гаргаж тавьсан үндэслэл бодитой, манай тал хохироосон нь үнэн тул 60 сая ам.долларын өрөнд орох магадлал маш өндөр.

Дээр нь, Арбитрын шүүх эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гээд нэхэмжилсэн мөнгөн дүнг бууруулж, манайхны ярьдгаар “Дунд нь хийж” шийддэг. Дээр нэр дурдсан Канадын “Хан ресурс” гэхэд л 350 сая ам.доллар нэхэмжлээд 100 сая ам.доллар авч салсан. Чехийн хөрөнгө оруулагчид үүнийг тооцоолоод ахиу мөнгө нэхэмжилж, Арбитрын шүүх үндэслэл нь бодитой гээд анх нэхэмжилснээр нь гаргачихвал бүр ч их хэмжээний өрөнд орох магадлалтай.

Өрөнд ороод зогсохгүй, энэ салбарт орж ирэх гэж байгаа олон хөрөнгө оруулагчдыг үргээж, Засгийн газраас ураны салбарыг сэргээх гэж зүтгэж буй хичээл зүтгэлийг үнэгүйдүүлэх юм.

Дээр дурдсанчлан, БОАЖЯ өнгөрсөн гуравдугаар сард зөвхөн Дундговийн “Гурвансайхан” ХХК-ийг шалгаагүй. Дороноговьд байгаа “Бадрах энержи”-г ч шалгаж, "Байгаль орчин, амьтанд сөрөг нөлөөгүй" гэсэн ижил дүгнэлт гаргасан байдаг. Францын хөрөнгө оруулалттай “Бадрах энержи” одоо удахгүй Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна. Гэтэл ижил нөхцөл байдалтай “Гурвансайхан” ХХК-ийг хохироож байгаа нь хөрөнгө оруулагчдад “Монголын төр хөрөнгө оруулагчдад “давхар стандарт”-аар ханддаг юм байна” гэсэн ойлголт төрүүлж, үргээнэ.

Эцэст нь хэлэхэд, төрийн мөнгө, Засгийн газрын мөнгө гэж байдаггүй. Татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа алба хаагчдын гаргасан алдааг татвар төлөгчид, өргөн утгаараа иргэд үүрч байгаа нь зүйд нийцэхгүй. Тэр тусмаа Чех хөрөнгө оруулагчид итгэлээ нэг мөр алдаагүй, төрийн зүгээс алдаагаа залруулах боломж байсаар байхад ашиглахгүй байх нь зүйд бүр ч нийцэхгүй юм.     



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.