Хуулийн байгууллагаас үндэсний бөхийн улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж, улсын заан Б.Батмөнх, аймгийн арслан П.Эрхэмжаргал нарыг Зөрчлийн хуулийн дагуу шалгаж эхэлжээ. Тэднийг "Олон нийтийг үл хүндэтгэсэн" гэх зүйл ангиар шалгаж байгааг эх сурвалжууд хэлж байна.
Дээрх бөхчүүдийн шалгуулах болсон шалтгаан нь:
Улсын аварга Н.Батсуурь-Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны наймын даваанд Монгол Улсын харцага Ц.Бямба-Отгонд өвдөг шороодсоныхоо дараа салаавч гаргасан байж болзошгүй үйлдлээр ХУД-ийн цагдаагийн газарт шалгагдаж, дуудагджээ.
Улсын арслан Ц.Содномдорж- Мөн наадмын дөрвийн даваанд цэргийн арслан Г.Жамбалдоржтой барилдахдаа хүзүүг нь тохойлдож, биед нь халдсан гэх асуудлаар шалгах болсон байна.
Улсын заан Б.Батмөнх- Төв аймгийн 100 жилийн ойд зориулсан наадмын бөхийн барилдаанд Монгол Монгол Улсын начин Д.Хүдэрбулгад өвдөг шороодсоныхоо дараа газар цохин боссон нь олон нийтийг үл хүндэтгэсэн гэх асуудлаар шалгуулж байна.
Аймгийн арслан П.Эрхэмжаргал-Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны гурвын даваанд Монгол Улсын харцага Л.Лха-Очирт унасан. Улмаар тахимаа өгөх үеэрээ харцага Л.Лха-Очирыг түлхэж, биед нь халдсан асуудлаар шалгагдаж эхэлжээ.
Түүнчлэн, Хархорин сумын наадамд барилдахдаа өрсөлдөгчөө үл хүндэлж, биед нь халдсан Өвөрхангай аймгийн начин М.Балжиннямыг 100 мянган төгрөгөөр торгож шийдвэрлэжээ. Тэрбээр Үндэсний бөхийн барилдааны зургаагийн даваанд сумын заан Г.Мөнх-Ёндонтой барилдахдаа өшиглөж, тахимаа авахдаа гараараа нидэрч биед нь халдсан байдаг. Тиймээс Зөрчлийн хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгожээ. Түүний эл үйлдэлд МҮБХ-ноос барилдах эрхийг нь гурван жилээр хассан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна