-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлалын улс төр, эдийн засгийн агуулгууд-
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн энэ удаагийн албан ёсны айлчлал бодит үр дүнтэй, олон талын ач холбогдолтой байв.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харристай уулзаж, хоёр улсын түүхэнд анх удаа Засгийн газрын түвшинд хамтарсан мэдэгдэл гаргаж, хоёр улсын харилцаанд эдийн засгийн агуулгаар баяжуулсан шинэ 30 жилийг эхлүүлж байгаагаа зарласан явдал Монголд төдийгүй дэлхийд анхаарал татаж, цаашид бусад улсын, тэр дундаа хоёр хөршийн манай улстай харилцах харилцаанд тодорхой нөлөөллийг үзүүлэх нөхцөл бүрдээд байна.
2019 онд АНУ манай тав дахь, бид АНУ-ын 17 дахь Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай улс болж байсан. Энэ удаагийн айлчлал харилцаагаа илүү барьцтай болгож, улс төрөөс гадна эдийн засгийн агуулгаараа ч энэ эрэмбээ тогтооё гэдгээ харилцан тохирсон том агуулгын дор болж өнгөрсөн юм.
Үзэл санаа, үнэт зүйл нэгтэй хөршөөс эдийн засаг, ашиг сонирхол нэгтэй хөрш болох шийдэл
Монгол Улс, АНУ-ын харилцааны түүхийн эхлэл XIX зууны сүүл, ХХ зууны эхэн үед хамаардаг юм билээ. Харин орчин үеийн харилцааны шинэ эхлэлийг АНУ манай улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон 1987 оны нэгдүгээр сараас эхэлж тооцдог. Хожим ардчиллын нөлөөгөөр хоёр улсын ард түмэнд нийтлэг соёл, үнэт зүйлс бий болсон юм.
Гэхдээ энэ хооронд огт холбоогүй байгаагүй. Богд хаант Монгол Улс “Үлэг гүрвэл өндөглөдөг” гэдгийг шинжлэх ухаанд анх тогтоосон Рой Чэпмэн Эндрюст шинжлэх ухааны судалгаа хийх зөвшөөрөл өгч агсан тэр үеэс /1919 оны орчимд/ ч өмнө буюу 1913, 1914 онд дипломат харилцаа тогтоох саналыг Санкт Петербург, Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан тавьж байсан, 1921 онд БНМАУ байгуулагдсаны дараа дипломат харилцаатай болох хүсэлт илгээсэн анхны улсуудын дотор ч АНУ зүй ёсоор орсон байдаг. Тухайн үеийн олон улсын нөхцөл байдлаас болоод АНУ манай улсыг хүлээн зөвшөөрөөгүй ч 1944 онд Хэнри Уоллес Монгол Улсад айлчилсан нь Вашингтоны зүгээс Монгол Улсад ач холбогдол өгч байсны гэрч юм.
Хенри Уоллес, 1944 он, Монгол Улс.
Монголд Ардчилсан хувьсгал ялсны дараа Ерөнхий сайд Д.Бямбасүрэн шууд АНУ-ыг зорьсон бөгөөд долдугаар сард нь явагдсан анхны ардчилсан чөлөөт сонгууль, түүний дараа авч хэрэгжүүлсэн улс төр, эдийн засгийн шинэчлэл, түүнийг дагалдан буй болсон хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах, шинэ тутам сонгосон ардчиллыг тогтоох, бэхжүүлж хадгалахад Монгол Улсын гаргасан хүчин чармайлт, АНУ-ын зөвлөгөө, тууштай дэмжлэг чухал үүрэгтэй байсан бөгөөд үүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Камала Харрис нар сая анхны хамтарсан мэдэгдэлдээ харилцан хүлээн зөвшөөрсөн.
Өөрөөр хэлбэл, 33 жилийн өмнө өнөөдрийн ардчилсан Монгол Улсыг зураглахад АНУ хамгийн чухал үүрэгтэй оролцсон. Үүрэг нь эдийн засгийн гэхээсээ илүүтэй үзэл санаа, үнэт зүйл гэсэн субъектив шинж чанартай байсан. Одоо бид ил тод, нээлттэй байдал, чөлөөт сонгууль, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч зэрэг ардчиллын суурь ойлголтуудаас ухарч няцахааргүй түвшинд хүрсэн нь хамтрал үр дүнтэй байсныг гэрчилнэ.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, танхимын бусад сайд нарын АНУ-д хийж буй энэ удаагийн айлчлалаар дараагийн 30 жилд эдийн засгийн талаар хамтарч, бодитой үр дүн гаргахаар тохироод ирлээ.
“ЗАМЫН ЗУРАГ"-Т ЮУ ТУСАВ
Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын шууд үр дүн гэвэл, нэгдүгээрт, таван жилийн өмнөөс яригдсан ч зогсонги байсан “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, Америкийн нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглал”-ыг баталсан, хоёрдугаарт, өмнө нь эдийн засгаар харилцахдаа тэргүүлэх чиглэлгүй буюу ерөнхий байдлаар хэлцэл хийдэг, түүнээсээ болоод тодорхой үр дүн гардаггүй байсныг өөрчилж, тодорхой салбарыг сонгон эрчимтэй ажиллах амлалт авсан явдал.
АНУ, Монгол цаашдаа:
-Уул уурхай, /Орчин үеийн өндөр технологийн үйлдвэрлэлд оролцдог зэс, литий гм/
-Хөдөө аж ахуй /Хүнс үйлдвэрлэл, аюулгүй байдал, чанар стандартыг дээшлүүлэх/
-Сэргээгдэх эрчим хүч /Нар салхины нөөцийг ашиглах/
-Батлан хамгаалах /Энхийг сахиулах/
-Сансар судлал /Харилцаа холбоо, мэдээллийн технологи/
-Банк санхүү /АНУ-ын банк оруулж ирэх/ гэсэн зургаан салбарт, хаалтад бичсэн, маш тодорхой чиглэлд хамтарна.
Боловсрол гэх зэрэг уламжлалт салбарын харилцааг улам өргөжүүлнэ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга /Гадаад харилцааны сайд/ Э.Блинкен нар бодлогын баримт бичигт гарын үсэг зурж буй түүхэн мөч.
Хэн, хэнийх нь хувьд чухал, ач холбогдолтой салбарууд тул амжилттай хамтрах боломжтой. Жишээ нь, манайх АНУ-ын банкийг оруулж ирснээр валютын ханш тогтворжиж, хүү буурна гэж найдаж байгаа бол АНУ газрын ховор элементийн салбарт БНХАУ-тай өрсөлдөх хүсэлдээ дөхнө гэх мэтчилэн ашиг сонирхлоороо нягт уялдсан ажлууд судлагдаж байна.
АНУ “Замын зураглал”-д орсон ажлуудыг хамаарах сайд, агентлагийн дарга нартай манай төлөөлөгчдийг уулзуулж, холбогдох гэрээ хэлцлийг шуурхай байгуулж байсан нь айлчлалын бас нэг онцлог байсан юм.
ЗТХЯ-ны сайд С.Бямбацогт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжейж
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй манай төлөөлөгчид айлчлалын хугацаанд Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Тээврийн сайд Пит Бүттэжейж, Худалдааны сайд Жина Реймондо, Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нараас гадна судалгаа, хөгжлийн MITRE корпорацийн тэргүүн дэд ерөнхийлөгч Бет Майнер, “Эксим” банкны Удирдах зөвлөлийн дарга Рита Жо Льюис, НАСА-гийн дэд тэргүүн, сансрын нисгэгч, хатагтай П.Мэлрой, АНУ-ын Үндэсний сансрын зөвлөл (ҮСЗ)-ийн нарийн бичгийн дарга Ш.Пираг, “Google” компанийн Засгийн газартай харилцах, нийтийн бодлого хариуцсан (АНУ, Канад) Дэд ерөнхийлөгч Марк Исаковиц зэрэг хүмүүстэй уулзаж, хамтрах эхлэлээ тавьсан.
Олны анхаарлыг татсан, тодорхой шийдэлд хүрсэн ажлуудын тухайд, АНУ-тай Агаарын тээврийн салбарт хамтрах гэрээ байгуулж, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэхээр болсон, “Google” корпораци Монголын зах зээлд орж ирж, Боловсролын ерөнхий хуульд орсон Зайны сургалтыг дэмжих агуулга дээр англи хэлний 37,000 /10,000+27,000/ багш бэлтгэхээр тохирсон талаар уншигчид мэдсэн байх.
Тэгвэл түүнээс дутахгүй ач холбогдолтой олон асуудал уулзалтуудын үеэр яригдсан. Асуудлын гол нь, 400 хүрэхгүй сая ам.долларт /БНХАУ-тай хийдэг худалдаанаас 30 дахин бага/ эргэлдэж буй худалдааны нийт эргэлтийг нэмэгдүүлэх гол зорилгод зангидагдаж байсан. Улс төрийн агуулгаараа АНУ Монголд эдийн засгийн хувьд үзүүлэх нөлөөгөөрөө БНХАУ-тай өрсөлдөё гэвэл хоёр улс худалдааныхаа хэмжээг дор хаяж 10 дахин өсгөх шаардлагатай. Айлчлалын агуулга ямар өргөн, ямар үр дүнтэй байж болохыг эндээс төсөөлж болох байх.
Энэ зорилгыг биелүүлэх нэг нөхцөл нь яах аргагүй “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай” хууль. Гэхдээ эхний ээлжинд ямар ч байсан ахицтай ажлуудыг амжуулсан. Айлчлалаар албажуулсан гэрээ, баримт бичгүүдийн хүрээнд хоёр улсын хооронд шууд нислэг хийгдэж, тийзний үнэ хямдарч, иргэд солилцоо эрчимжинэ. Эрчим хүчний салбарт орчин үеийн технолги нэвтрүүлнэ. Уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт АНУ-ын хөрөнгө оруулалт орж ирнэ. Энэ бүх ажлууд шат дараатай хийгдсэнээр худалдааны нийт эргэлт нэмэгдэнэ гэж тооцож буй. Олон улсад үзэсгэлэнгээр гаргаж, валютын нэг эх сурвалж болгодог үлэг гүрвэлийн 16 олдворыг буцааж авахаар болсныг ч үүнд оруулж болно.
Түүнээс гадна “Google carrier certificate” хөтөлбөрт 1000 залууг хамруулах гэх мэт маш том боломжийг нээсэн өөр олон ажлууд бий. Улс оронд бэрхшээл, тулгарсан асуудлыг судалж, олон жилийн ажиглалтад суурилсан, хамгийн оновчтой шийдэл гаргадаг MITRE корпорацитай хамтрахаар болсон гэх мэт бусад үр дүнг цувралаар хүргэх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.33
Мөш зөв
Хариулах202.170.73.198
Хятад, Орос хоёр эсэргүүцнэ ш дээ, олгомжтой. Гэхдээ манайх "Май шүү" гэдгээ энэнээс өөр яаж илэрхийлэх юм бэ
Хариулах42.200.20.174
хятад агаарын хилийн үнэ ээ огцом нэмсэн манайд өгч буй сануулга энэ нэг дүнхүү лалар улсыг сүйрүүлж байна даа
Хариулах42.200.20.174
Нохой долоо шал худлаа өчигдөр хятад агаарын хилийн үнэ ээ нэ
Хариулах