“177.5 тэрбум” & “Эргэлтийн цэг”

Zuv.mn
2023/08/11

-Хагас кокс 2024 оны сонгуулийг зураглах уу-

Кадастрт “нэгж талбарыг хязгаарласан хил заагийг газарт болон кадастрын зурагт тодорхойлсон цэг”-ийг “Эргэлтийн цэг” гэж нэрлэдэг. Харин улс төрд хэн нэгэн хувь улстөрч, улс төрийн нам хүчний хувь заяа, эс бөгөөс сонгууль, цаашлаад улс орны нөхцөл байдал, иргэдийн харах өнцгийг ихээр өөрчлөх үр дагавар авчирсан үйл явдал, шийдвэрийг хэлдэг.

Тэгвэл өчигдөр МАН-ын бүлгээс дэмжигдсэн “Нийслэлийн бондын 177.5 тэрбум төгрөгөөр хагас кокс турших” шийдвэр яг ийм үр дагавартай, эрх баригчдыг харах өнцгийг өөрчлөх, үрэлгэн байдлыг нь эргэн сануулах, улмаар 2024 оны сонгуульд ялагдуулах “Эргэлтийн цэг” болж мэдэхээр болчихлоо.

177.5 тэрбум маш их мөнгө учраас нөлөөлөл нь ч асар их. Энэ мөнгийг өөр юунд зарцуулж болох талаар өчигдөр тооцооллууд нэлээд явсан учир энд дурдахгүй. Харин урьд өмнөх шийдвэрүүдтэй жишихэд илүү таагүй үр дагавартайг бол баттай хэлж чадах байна.

Мартсан "гэм"-үүдийг сэрээлээ  

2020 оны сонгуульд МАН ялахад иргэд хэдий “улирч” байгаа ч гэсэн баяртай байсан билээ. 2020 оны сонгуульд ялсан МАН 2016 оны сонгуульд ялсан МАН-аас өөр удирдагч, өөр бодлого, зорилготой байсан учраас итгэж найдсан. Энэ утгаараа У.Хүрэлсүх, Л.Оюун Эрдэнийн Засгийн газар бол амьдрал нь ядуурч тартагтаа тулсан ард түмний эцсийн найдвар болж гарч ирсэн Засгийн газар. Ард иргэдийнхээ орлого ашгийг нэмэгдүүлж, амьдралыг сайжруулах нь энэ Засгийн хамгийн гол зорилго. Үүний тулд их ажил хийх бус, ухаалаг ажиллаж, зүгээр сууж байхад ажил явагдах, мөнгө хэмнэгдэх бололцоог л бүрдүүлэх явдал.

Төрийн албыг цомхон болгож, иргэд, хувийн хэвшилдээ найдна гэсэн үг. Эрх баригчдын сонгуулийн амлалтад энэ үгс уг нь байгаа. Гэтэл шинээр байгуулагдсан УИХ анхдугаар чуулганаараа л өмнөх Парламентын үед найм байсан Байнгын хороог 11 болгож нэмсэн. Шинээр нэмэгдсэн Байнгын хороодод ажлын алба байгуулсан. Дараа нь Засгийн газар дэд сайд нарын асуудлыг оруулж ирсэн.

Зөвхөн дэд сайд, орлогч дарга нарын орон тоог цомхотгоход төсөвт 200 тэрбум төгрөгийн хэмнэлт гарах тооцоо бийг гишүүн Т.Доржханд тухайн үед мэдэгдсэн ч “Улс төрийн шийдвэр” гэдэг тайлбартайгаар оруулаад ирсэн.

Даргын тоо нэмэгдэж, төрийн алба данхайж байгаагийн л нэг хэлбэр. “Өөрийгөө хайрладаггүй хүн бусдыг хайрладаггүй” гэж үг бий. Өөрийгөө яая гэж байгаа хүн бусдын амьдралыг өөд татна гэж байхгүй. Тиймээс цалиндаа дарагдсан төрийн алба түмний амьдралыг өөд нь татна гэж байхгүй л дээ. Төрийн алба хэтэрхий данхар бүтэцтэй байгаагаас болж улсын төсөв алдагдалтай гарсан хэвээрээ байна.

Эерэг төсөөлөлд цохилт болов

Монгол Улс импортыг орлох үйлдвэрлэл хөгжүүлж, алсдаа бүтээгдэхүүн экспортлогч улс болох зорилго тавьсан. Энэ зорилтоо уул уурхай дээр түрүүлж хөгжүүлэх бодлого гаргаад хэрэгжүүлж байгаа. Гэтэл уул уурхайн бүтээгдэхүүн, тэр тусмаа нүүрсний төрлийн бүтээгдэхүүн импортоор авна гэсэн нь иргэдийн өөдрөг төсөөлөлд цохилт боллоо. 

Өчигдөр хүмүүсийн өөр хоорондоо хамгийн их тавьсан асуулт нь "Хүүш ээ, ядаж хагас коксын үйлдвэрээ бариагүй байсан юм уу" гэсэн асуулт байлаа. Хариулт нь харамсмаар, "Үгүй". Барьж байгаа, гэхдээ удааширсан. Засгаас томилогдсон БЭТ зогсоосон гэсэн сураг бий. Мачийж байгаад барьчихаад, ирэх өвөл дотооддоо үйлдвэрлэсэн коксоо түлж өвөлжсөн бол зууханд төдийгүй сэтгэлд итгэлийн гэрэл асч, илч дулаан түгээх байв. Харамсалтай нь тийм зүйл болсонгүй.

Эрх баригчид үнэхээр иргэдэдээ итгэл өгье гэсэн бол 2024 оны сонгуулиас өмнө иргэдийн амьдралд үнэхээр нөлөөлсөн, эдийн засгийн үр ашигтай үйлдвэрүүдийг ашиглалтад оруулчих ёстой байсан. Санах гээд чадсангүй. Цар тахал, Хөгжлийн банктай нийлж хүндрүүлсэн, бүрмөсөн дарж авсан үйлдвэрүүдийн тоог гарга гэвэл харин санаанд орж байна.   

177.5 тэрбумын асуудал сөхөгдөхтэй зэрэг салбарын мэргэжилтнүүд энэ мөнгөөр Улаанбаатарыг хагас коксоор бүрэн хнгахуйц хүчин чадалтай хэд, хэдэн үйлдвэр барих боломжтойг санууллаа. Зарим нь таван жилийн өмнөөс шийдэл гаргаж, саналаа уламжилсан ч ойлгож, тоож хүлээж ваагүй гэдгийг ч илчиллээ.

Манайд венч капиталын сан байхгүй. Инновацийн хуулийг баталсан ч сангийнх нь тухай хуулийг батлалгүй орхисон байдаг. Тэгэхээр шинэ санаа яаж ажил хэрэг болох вэ. Мэргэжилтнүүд төрд хандахаас өөр яах юм бэ. Өнөөдөр 177.5 тэрбум төгрөгөөр сан байгуулаад, шийдэл уралдуулж санхүүжүүлсэн бол утаа битгий хэл асуудлуудыг шийдэх бололцоо байгаа шүү дээ. Сан нь аж ахуйн тооцоогоор ажиллана биз. Төлөлтийг үр ашигтай нь уялдуулна биз, өөрөөр оролцох ямар ч шаардлагагүй шүү дээ. Их ажиллах бус, зүгээр сууж байхад ажил өөрөө явах, мөнгө хэмнэгдэх бололцоог л бүрдүүлэх явдал гэж үүнийг хэлээд байгаа юм.  

Ямартай ч манайд хамгийн элбэг байдаг нүүрсний бүтээгдэхүүнийг импортоор авах гэж зүтгэсэн явдал хамгийн түрүүнд Гангийн үйлдвэр, цаашлаад бусад үйлдвэрүүд бий болно, хөгжинө гэх итгэлд маш том цохилт боллоо. 177.5 тэрбум сонгуульд нөлөөлөх “Эргэлтийн цэг” болох уу гэдэг нь ийм учиртай юм. Мөнгө ч биш, дарга нарын ярьсан, хийсэн нь зөрдөг энэ байдал нь гэсэн үг шүү дээ. 

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар туршил сайхан амжилттай болоод өнгөрнө гэсэн баталгаа байхгүй. Зуухны асуудлыг бас шийдэх бололтой. 177.5 тэрумаар зогсохгүй гэсэн үг. Ирэх жилээс дотоодын кокст шилжих учраас энэ жил туршилтдаа зориулаад зуухаа шинэчилье гэсэн асуудал ч орж ирж мэдэх. Төсвийн хөрөнгийг дур мэдэж зардаг энэ байдал ч сонгуулийг орвонгоор нь эргүүлж мэдэх юм. 

     





Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.68.201
    2023/08/13

    Эрчим хүчний сайд ТА эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох талаар ажлаач. Монголчууд туршилт хийлгүйгээр нүүрсээ түлээд болно. ОХУ д асуудал гарахад монголд цахилгаан хязгаарлаж байгаа. ҮҮНЭЭС гарах арга замаа бодооч. ТИЙМ их мөнгө олдож байвал эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болооч. ТАНЫ үүрэг байх шүү

    Хариулах
  • 192.82.68.201
    2023/08/12

    МАХ нам туршилтай зогсоогооч. Сайжруулсан түлш гэж туршаад олон иргэн угаартсан. Одоо болно. ТЭР их мөнгөөрөө үйлдвэр барь

    Хариулах
  • 66.181.180.22
    2023/08/12

    иргэн, за болио, Утаагаар Хулгай Луйвар, Залилан хийж Баяждагаа болио,,,,,,,М

    Хариулах